Ихэр заяагаараа бахархав

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Ихэр заяагаараа бахархав

“Ихэр заяа-ижил заяа” ихрүүдийн баяр өнгөрсөн сарын 25-нд эхэлж, таван өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Монголын ихрүүдийн холбооноос 22 дахь жилдээ зохион байгуулж буй уг баярт найман настнаас  86 настай ихрүүд ч оролцсон юм. Монголын анхны гурван ихэр Цэрмээ, Дэнсмаа, Гүнсмаа нар Дундговь аймгаас хүрэлцэн иржээ. Мөн Сүхбаатар аймгаас 20 гаруй ихэр хүрэлцэн ирж баяртаа оролцож байлаа. Ихрүүд “АХА” тэмцээнд оролцон оюунаа сорьж, шатраар ухаанаа уралдуулав. Ширээний теннисний тэмцээнд сонсголын бэрхшээлтэй Болормаа мөнгөн медаль хүртсэн нь бусдадаа итгэл найдвар, инээд хөөр бэлэглэсэн байна. Бүтэн өнчин 14 ихэр хүүхэд байдаг бөгөөд тэдэнд ч баярынх нь өдрөөр сэтгэлийн дэм өгч, зарим байгууллага гарын бэлэг гардуулжээ. Уламжлал ёсоор жил бүр ихэр мисс, мистер, ижил биш ихрүүдийг ч шалгаруулдаг. Шилдэг миссээр Дархан-Уул аймгийн Дүүрэнжаргал, Мөнхжаргал нар тодорчээ. “Ихэр заяа-ижил заяа” баярт оролцсон ихрүүд өчигдөр Сүхбаатарын талбай дээр цугларан зургаа татуулж, дараа нь Төрийн ордонтой танилцсан. Энэ үеэр шилдэг мистер болсон М.Амарбаясгалан, М.Мөнхбаясгалан нартай уулзахад “Ихэр болж төрөх нь бурхны бэлэг. Ихэр байхын давуу тал олон бий. Мөн хөгжилтэй явдал ч их тохиолддог. Бид хоёр хороондоо их адил. Хүмүүс андуурах тохиолдол гардаг. Нэг удаа хил дээр гаалийн байцаагч нь ялгахгүй асуудал гарч билээ. Манай нэг ихэр эхлээд хилээр гараад дараа нь би гарсан чинь “Чи түрүүнд гарсан биз дээ. Хаагуур нь гараад ирэв ээ” гэж гайхаж билээ. Тэгээд бид хоёрыг хоёуланг нь зэрэг байлгаж,  иргэний үнэмлэхний зургийг зэрэгцүүлж байж асуудлыг шийдэж байсан” хэмээв.

Б.Аз

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж