”Монгол бол эрчимтэй хөгжиж буй залуу улс”

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

”Монгол бол эрчимтэй хөгжиж буй залуу улс”

Кентийн хунтайж Майкл

1942 онд төрсөн. Их Британийн Эзэн хаан V Жорж, Хатан хаан Мэригийн ач хүү бөгөөд Хатан хаан II Элизабетын үеэл. Их Британийн Хамтын нийгэмлэгийн гишүүн. Улс орнуудад хатан хааны зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг. Бизнесийн зөвлөгөө өгдөг хувийн компанитай.

Саннингдэйл сургууль, Итон коллежийг төгссөн. 1961 онд Их Британийн Хатан хааны цэргийн академид элссэн. Герман, Хонгконг, Кипр улсад үүрэг гүйцэтгэж байсан. Цэргийн албанд 20 жилийн турш хүчин зүтгэсний эцэст 1981 онд хошууч цолтойгоор чөлөөндөө гарсан. Энэтхэг, Кипр, Свазиленд улсад болсон төрийн оршуулгын ёслолд хатан хааныг төлөөлөн оролцож байв. Хунтайж олон тооны буяны байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлдэг. 100 гаруй байгууллагын хүндэт ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүн. Орос хэлний чадварлаг орчуулагч гэж үнэлэгддэг.

1978 онд гэрлэсэн. Хоёр хүүхэдтэй. Хунтайж Майкл 1971 онд зохион байгуулагдсан бобслейн ДАШТ-д Их Британийн нэрийн өмнөөс оролцож байв. 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев түүнийг Нөхөрлөлийн одонгоор шагнасан. 1998 онд Оросын эзэн хааны гэр бүлийг Санкт-Петербург хотод оршуулах ёслолд оролцож байжээ.

Д.Жаргалсайхан de facto нэвтрүүлэгтээ Кентийн хунтайж Майклыг урьж ярилцлаа.


-Та Монгол Улсад анх удаа айлчилж байна уу?

-Тийм ээ. Энэ миний анхны айлчлал.

-Айлчлал амжилттай үргэлжилж байна уу?

-Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд хоёр орны харилцаанд онцгой ахиц дэвшил гарч, танай улсад айлчилж байгаадаа баяртай байна. Монголын ард түмэн намайг элэгсэг, дотно хүлээж авсан. 20 жилийн өмнө хуучин дэглэм нуран унаж, түүнээс хойш Монгол Улсын бүх салбар эрс өөрчлөгджээ. Ийм өөрчлөлтийн гэрч болсон нь миний сэтгэлийг хөдөлгөсөн.

-Та Их Британийн бизнесийн салбарын төлөөлөгчидтэй хамт манай улсад ирсэн. Айлчлалын гол зорилго юу вэ?

-Айлчлалын бүрэлдэхүүнд 80 гаруй хүн багтсан. Голдуу Английн бизнес эрхлэгчид болон санхүү, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөгч  ирсэн. Энэ  удаагийн айлчлалын гол зорилго нь Монгол Улсад ямар төрлийн бизнес эрхлэх боломжтой гэдгийг судлахад орших юм.

-Таны айлчлал Монгол Улсын хөгжлийн эгзэгтэй үетэй давхцаж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийг сонгож, уул уурхайн салбараас олсон ашгийг үр дүнтэй зарцуулахыг зорьж байна. Монголчууд бид Их Британийн бизнесийн туршлага, ялангуяа санхүүгийн зах зээлийн туршлагаас судалж байна. Лондонын Хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажилладаг. Та маргааш Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах гэж байна?

-Тийм ээ. Би хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцана. 

-Их Британийн бизнесийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад хөрөнгө оруулах зорилготой юу. Эсвэл Монголын бизнесийн орчинг судлах уу?

-Аль аль нь багтсан. Гэвч голдуу хөрөнгө оруулагчид ирсэн.

-Монгол Улс Их Британийн бизнес эрхлэгчдийн анхаар­лыг татаж чадна гэж та бодож байна уу?

-Их Британийн бизнес эрхлэгчид Монголын бизнесийн олон салбарыг сонирхож байна. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Монгол Улс дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Монгол бол эрчимтэй хөгжиж буй залуу улс. Мөн Монголын боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах нь бидний бас нэг зорилго.

-Монголын талаас бизнесийн олон байгууллага Их Британийн бизнесийн байгууллагуудтай холбоо харилцаа тогтоохыг эрмэлз­дэг. Та Монголын компаниудад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Монголын компаниуд Их Британид бизнесийн сайн хамтрагчтай байх ёстой. Манай улсад бизнес эрхлэхэд нэлээд төвөгтэй байдаг. Тийм ч учраас санхүүгийн сайн зөвлөх олох ёстой. Их Британи Монголын бизнес эрхлэгчдийг хүлээн авахад бэлэн байна.

-Монголын залуус Их Британийн хэл, соёл, түүхийг сонирхон судалдаг. Их Британийн боловсрол дэлхийд алдартай байдаг нь ямар учиртай вэ. Та Лондонын Эдийн засаг, санхүүгийн сургуулийг удирддаг. Манай Ерөнхий сайд энэ сургуулийг төгссөн. Лондонын Эдийн засаг, санхүүгийн сургуулийн бусдаас ялгардаг онцлог юу вэ?

-Энэ сургууль байгуулагдаад удаагүй ч боловсролын салбарт онцгой анхаарал татаж байна. Залуу түүхтэй ч олон гадаад оюутан суралцдаг. Монголчууд ч гэсэн суралцдаг. Монголчууд энэ сургуульд олон чиглэлээр суралцаж байна. Лондонын Эдийн засаг, санхүүгийн сургууль хүмүүсийн үзэл бодол, сэтгэлгээний ялгаанд хүндэтгэлтэй ханддаг. Их Британи болон барууны улс орнуудын боловсролын түвшин өндөр, чанартай байдаг учраас дэлхийд алдартай. Барууны соёл иргэншил, амьдралын хэв маягийг монголчууд сайн мэднэ. Гэтэл их британичууд Монголын талаар сайн мэдэхгүй. Тийм ч учраас барууны улс орнуудын ард иргэд Монголд олон зүйл мэдэж, нүд тайлдаг. Монголчуудын боловсролын түвшин өндөр байдаг нь надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн.

-Маш их баярлалаа. Та “Care for Children” байгууллагын үйл ажиллагаанд оролцдог. Энэ тухай манай уншигчдад танилцуулаач?

-Энэ бол харьцангуй залуу түүхтэй буяны байгууллага. Хятадын Шанхай хотод анх энэ байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байсан. Хятадын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагын үйл ажиллагаа надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Би олон улсын хоёр зөвлөгөөнд  оролцсон бөгөөд нэг нь Бээжин хотод болсон. Нөгөө нь хэдэн сарын өмнө Тайландын Чианмай хотод зохион байгуулагдсан. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр онцгой амжилт гаргасан. Энэ  байгууллага нь Азийн улс орнуудын анхаарлыг татаж байна. Энэ зөвлөлгөөнд Монголын төлөөлөгчид ч оролцож байсан. Чианмай хотод болсон зөвлөгөөний үеэр Монголын төлөөлөгчидтэй уулзаж танилцсан.

-Ижил төрлийн үйл ажилагаа явуулдаг байгууллагуудаас ямар ялгаатай вэ?

-Өнгөрсөн хугацаанд олсон амжилт, гаргасан алдаанаасаа суралцаж байна. Жишээлбэл, Их Британи улсад өнгөрсөн 40-50 жилийн хугацаанд хүүхдийг хэрхэн гэр бүлд нэгтгэх тухай судалж байна. Хэдэн мянган жилийн туршид гэр бүл нь хүүхдийн хүмүүжлийн гол орчин байсан. Хүүхэд бүр эцэг, эхтэй байх ёстой. Хятад улсад үйл ажиллагаа явуулах хугацаандаа бид олон алдаа гаргасан. Энэ бүхэн сургамж болно. 14 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

-Монголд ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна вэ?

-Их Британи, БНХАУ-д хуримтлуулсан туршлагаасаа хуваалцах боломжтой эсэхийг судлах нь бидний гол зорилго. Бидний туршлага монголчуудад хэрэг болно гэдэгт итгэж байна.

-Эцэг, эхийн анхаарал халамж дутагдаж буй монгол хүүхдүүдэд тус болно гэдэгт итгэж байна?

-Тийм шүү. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд бид энэ чиглэлээр хангалттай туршлага хуримтлуулсан. Хүүхдэд гэр бүлийн дулаан элэгсэг орчин хэрэгтэй. Энэ чиглэлээр бид гэр бүлд ч зөвлөгөө өгдөг.

-Та орос гаралтай. Та коммунист тогтолцоог халснаас хойш  та ОХУ-д буяны байгууллагын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ямар үйл ажиллагаа явуулдаг талаар танилцуулаач. Яг одоо ОХУ-тай  ямар харилцаатай байна вэ?

-Тийм ээ. Би анх 1962 онд ЗХУ-д  хөл тавьж байлаа. Тэр үед өөр нийгэм, өөр үе байсан бөгөөд өөрийн санг байгуулсан. Манай сан үндсэн гурван  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, боловсролын чиглэлээр. Гэхдээ их дээд сургууль төгссөний  дараах  боловсрол. Дараагийнх нь эрүүл мэнд. Мөн соёлын өв. Тэр дундаа хуучны түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах, хадгалах арга хэмжээ авдаг. Сангийн маань бүхий л үйл  ажиллагаа  буяны  болон хандивт чиглэгдэж байна.

-Та Орос оронтой холбоотой. Таны өвөг дээдэс болох хоёрдугаар Николай хаан маш эмгэнэлт түүхтэй. Магадгүй хамгийн аймшигт хувь заяатай хааны гэр бүл байж магадгүй. Хоёрдугаар Николай хааны шарилыг Москва хотод дахин оршуулсан гэж сонссон?

-Шарилыг нь Санкт-Петербург хотод оршуулсан. Энэ нь өөр цаг хугацаа, өөр эрин үед болсон үйл явдал. Нэг талаар бид өнгөрсөн түүхээ мартах ёсгүй. Нөгөө талаар бид өөр зам сонгох ёстой. Өөр ертөнц, өөр дэглэм байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин би өнөөгийн Орос орон, Оросын ард түмний хандлагад сэтгэл хангалуун явдаг. Оросын боловсролын тогтолцоо шилдэг. Хувь хүний хувьд бид Оросын ард түмний сэтгэлгээг үнэлдэг. Таагүй дурсамжийг мартах ёстой.

-Та орос хэлтэй. Оросоор ярих ямар байдаг вэ?

-Би армид алба хааж байхдаа орос хэлтэй танилцсан. Орос хэлээр ярих боломж олддог байв. Монгол хэлэнд ч гэсэн орос үсэг бий.

-Бид кирилл цагаан толгой ашигладаг?

-Тийм шүү. Би уншиж чадна.

-Танай байгууллага Монгол Улсад ямар үйл ажиллагаа явуулах боломжтой талаар судалж байна уу. Гадаадын ямар улсын туршлагыг  хэрэгжүүлэх боломжтой вэ?

-Хятад улсад амжилттай ажилласны дараа бид хэд хэдэн улсыг сонгон авч судалсан. Бид Тайланд, Монголыг судаллаа. Манай үйл ажиллагаатай холбоотой олон сонирхолтой түүх бий. Зүрхний гажигтай нэг хүүхдийн жишээ байгаа. Тэр хүүхдийг амьдарч чадахгүй гэж бодож байв. Гэвч гэр бүлийн дулаан уур амьсгалын ачаар  хөл дээрээ босч чадсан. Хэсэг хугацааны дараа эмнэлэгт очих үед хүүхэд маш аз жаргалтай харагдаж байсан. Бид хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чаддаг. Бид зөвхөн зүрхний мэс засал биш харин хүмүүсийн сэтгэл зүрхийг эмчлэх зорилготой.

-10 жилийн дараа Монгол-Их Британийн харилцаа ямар түвшинд хүрсэн байх бол. Бизнес, боловсролын салбарын хамтын ажиллагааны ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Их Британи-Монголын харилцаанаас бид олон зүйл хүлээж байна. Харилцаанд саад учруулж буй гол зүйл бол газар зүйн байрлал. Лондон хот руу шууд нислэг үйлддэг бол харилцаа улам хялбар болно. Их Британи, Монголын компаниуд хоёр улсын харилцаанд сэтгэл хангалуун байна. Монгол бол харьцангуй залуу, өсөн дэвжиж буй орон учраас түргэн сэтгэх, бюрократ аппаратын нөлөөгүй хөгжих боломжтой. Би Британид жижиг бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Жижиг бизнес бол хөгжлийн гол түлхүүр юм.

-Та Их Британийн түүх, соёл, хэлийг судлах гэж буй оюутан залууст ямар зөвлөгөө өгөх вэ. Залуусын хувьд Британи бол амьдрал, ирээдүйг нь тодорхойлох хүчирхэг хэрэгсэл?

-Их Британийн тухай ном зохиолыг унших хэрэгтэй. Их сургуульд сайн суралцаж чадсан бол бизнесийн аль ч салбарт хүчээ сорих боломжтой. Хам­гийн гол нь Их Британи улсыг сонирхож судлах ёстой. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өргөжихийн хэ­рээр британи залуус ч гэсэн Монголын тухай судалдаг болжээ. Чингис хаан, өргөн уудам тал нутаг гээд олон сонирхолтой зүйл бий. Хувийн харилцаанаас бүх зүйл эхэлдэг.

-Манай хоёр улсын ха­рил­цаа өргөжин тэлнэ гэ­дэгт итгэлтэй байна. Бид ч харилцаагаа өргөжүүлэх эр­мэлзэл дүүрэн. Манай хоёр улс, манай хоёр үндэстний харилцаа улам цэцэглэн хөгжиж, эдийн засгийн хувьд харилцан ашигтай болно гэдэгт итгэж байна. Таны айлчлал үүнд их хувь нэмэр орууллаа.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж