Энэ тухай бараг 20 жил ярьчих шиг боллоо. Хууль нь батлагдаад 10 дахь жилийн “ой”-тойгоо золгож байна. Мөн ч их хугацаа даа, галав юүлсэн ч хүрэлцэхээр. Монголын хөгжлийн нэг хөдөлгүүр хэмээн тооцож, хуультай л болчихвол мөнгө хөрөнгө урсаад ороод ирнэ гэсэн хөнгөн мөрөөдөл дагуулж байсан Чөлөөт бүс маань гэвч чөдөрлөгдчихөж. Хуультай бол хуультай, газартай бол газартай байтлаа байран дээрээ эргэцэж бараг мартагдах дээрээ тулаад байгаа гэвэл хэтрүүлэг болмооргүй санагдаад байна. Яахав, хайс хатгаж хашаа барьсан гэх байх л даа. Бас дүрэм журмаа гаргасан, мастер төлөвлөгөө хийсэн гэхчлэн ярьдаг л юм. 2009 онос эхлэн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлсэн болохоор энэ байтугай ажил амжуулалгүй яахав.
Улсын төсвөөс оруулж байгаа хөрөнгийг ерөнхийд нь бодлогоор “Алтанбулаг” чөлөөт бүсэд зориулж байгаа болохоор тэнд худаг, замын ажил гээд хийж байгаа ганц нэг юм бий. Харамсалтай нь энэ бүхэн мөнөөх хуульчилж баталсан чөлөөт бүсийн мөн чанарыг даанч илэрхийлж чадахгүй. Цаг хугацаа талаас нь тооцохоор өдийд чөлөөт бүсүүд жинхэнэ утгаараа ажиллаж жигдэрчихсэн баймаар санагдаад байгаа юм.
Чөлөөт бүс бол эдийн засгийн маш том боломж гэдэг нь маргаангүй. Учир нь “Чөлөөт бүсэд татварын хөнгөлөлттэй нөхцөл, аж ахуйн нэгжийн бүртгэлийн хөнгөвчилсөн журам, шалган нэвтрүүлэх хялбарчилсан горим үйлчилнэ. “…хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргах бараанд тарифийн бус хязгаарлалт тогтоохгүй” гээд хуульчилсан байгаа. Тийм болохоор бизнес эрхлэгчдийн хувьд алтан боломж байж таарна. Гэвч аливаа үйл ажиллагааг явуулах орчин гэж бий. Хууль зүйн орчин нь хэдийнэ бүрдсэн атлаа байр савнаасаа эхлээд боломж нөхцөл нь одоо хүртэл бүрдсэнгүй.
Биднийг мунгинаж байх хооронд дэлхийн олон орон чөлөөт бүсийг жинхэнэ номоор нь цэцэглүүлж байна. Үүнийг тодруулах үүднээс ганц нэг тоо баримт дурдья. Дэлхийн 120 оронд эдүгээ 3000 гаруй чөлөөт бүс ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээрт нийтдээ 600 тэрбум ам.долларын экспортын бараа эргэж, 50 сая хүнийг ажлын байраар хангажээ.
Монгол Улсын хойд хилийн дагуу гэхэд л ОХУ-ын Буриад, Эрхүү, баруун талд Алтайн хязгаар гээд хил тойрсон чөлөөт бүсүүд үйл ажиллагаа явуулж байна. Манай хоёр хөрш бол тэртэй тэргүй том шүү дээ, бидэнтэй яаж зүйрлэх юм гэж биеэ өмөөрөх. Тэгвэл хамгийн ойрын жишээ Хойд Солонгос байна. Энэ орон эдийн засаг нь сул дорой, хүнсний хомсдолтой. Хэдий тийм ч умардууд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, тэндээсээ алтан бороо асгаруулж байгаа. Үүнийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Коммунист Солонгосын капиталист эдийн засаг” хэмээн нэрлэсэн байна билээ. Улс төрийн бодлогоосоо шалтгаалан чөлөөт бүс нь цаашдаа Умардын эдийн засгийг капиталист болгох юм биш биз гэсэн болгоомжлол цухалздаг бололтой юм.
Тус улсын Ражин Сонбонгийн эдийн эдийн засгийн чөлөөт бүс гэж бий. Нийтдээ 750 шахам ам дөрвөлжин км талбай эзлэн орших энэ чөлөөт бүс тус улсын хамгийн зүүн хойт хэсэгт, Орос Хятадын хилийн заагт оршдог. Эдийн засгийн өсөлтийг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор байгуулсан энэ чөлөөт бүс үүргээ тун чамбай гүйцэтгэж байгаа гэх мэдээлэл байдаг. Тухайлбал, энд Макаочууд казино байгуулж, ОХУ, Хятадын олон компани үйл ажиллагаа явууулж байгаа ажээ. Түүнчлэн Хойт болон Өмнөд Солонгосын анхны хамтарсан “Chilbosanmeri” хувьцаат нийгэмлэг Сонбонгийн чөлөөт бүсэд албан ёсоор бүртгэлтэй. Одоо Хятадын хөрөнгө оруулагчид Расоноос Хятад руу чиглэсэн авто зам барьж байгаа бол Оросууд төмөр замын ажлыг эхлүүлээд байна. Энэ бол Транс Сибирийн төмөр замын нэг хэсэг болно. Нэг үгээр тэнд ажил өрнөж, амьдрал буцалж байна. Ражин Сонбонгийн чөлөөт бүс БНАСАУ-ын Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны харьяанд байдаг бөгөөд энэ хорооны урилгыг хүлээн авсан гадаадын хөрөнгө оруулагчид элдэв төвөг чирэгдэлгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байх жишээтэй. Юутай ч умардууд эдийн засгийнхаа тодорхой хэсгийг чөлөөт бүсээрээ дэмжиж байгаа юм байна. Бидэнд ойрхоны ийм жишээ байна.
Монголд чөлөөт бүсийг худалдааны болон аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал үйлчилгээний, эдийн засгийн гэсэн хэлбэртэйгээр байгуулахаар хуульчилсан байгаа. Чөлөөт бүс бол жинхэнэ утгаараа ашиг орлогоо ахиулах, шинэ технологи, ноу хау нутагшуулах татгалзахын аргагүй сайхан боломж гэж ойлгож болно. Эдийн засгийн тааламжтай орчин бий болгосноор импортыг орлосон мөн экспортыг нэмэгдүүлсэн нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ийм боломжийг бид олон жил алдаж байна гэсэн үг. Их санасан газраа ес байтугай хоног хоосон хоночихоод байна. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцийг цогцоор шийдвэрлэж, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцийг орон нутгийн төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэх тухай тусгасан. Төлөвөлөж байгаагаар бол Алтанбулаг болон Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн төсөл энэ оны сүүл, 2013 оны эхэнд бүрэн хэрэгжиж дуусах учиртай. Үнэн бол сайхан л байна. Тэгвэл хөрөнгө оруулагчдаа татах л үлдэнэ. Сайн дэд бүтэцтэй болоод авбал хойд урд хоёр хөршид маань хязгааргүй том зах зээл нь бэлээхэн байж байна. Чөлөөт бүсийн мөрөөдөл үргэлжилсээр л.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин