“Зогсоолгүй” Соёлын төв өргөө

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

“Зогсоолгүй” Соёлын төв өргөө

-Хөөе жаахан ухраад өгөөч. Наагуур чинь гарах гэсэн юм.

-Зай алга аа, хэн чамайг наанаа ор гэсэн юм.

-Чи юун сүртэй юм бэ. Цаана чинь ухрах зай байж л байна шүү дээ.

-Алга гэж байна.

-Чи одоо хаашаа амьтан бэ. Би чамаас гуйж байхад. Яадаг п… вэ

Энэ бол улаанбаатарчуудын ан­гаж цангасан оюуны их алжаалаа тай­лахаар ажил, амралтаа зохицуулан байж гэр бүлээрээ зорин ирдэг Соёлын төв өргөөг тойрон орой бүр гороолдог хэрүүл. Уншигч та дарга ч бай цэрэг ч бай цаг зав гаргаад Соёлын төв өргөөний орчимд 10 минут саатаарай. Тэндээс та улаанбаатарчуудын уур бу­химдал, хараал ерөөл, замын түгжрэл, автозогсоолын төлөөх тулаан гээд олон түмний эмзэглэдэг хөндүүр гэ­сэн бүхнийг нэг дороос харж “цогц үйлчилгээ” авах юм.

Бас энэ дүр зургаас “овоо доо” гээд хэлчих ганц ч автозогсоолгүй атлаа бөгс эргэх зайгүй болтлоо баригдаж буй өндөр өндөр шилэн барилгыг улсын хөгжил хэмээн тодорхойлдог зарим эрхмийг ямаршуухан ядмагхан бодолтой болохыг шуудхан мэдэх болно. Яагаад гэвэл аливаа улсын хөгжил хотынхоо төвд шавааралдсан өндөр өндөр шилэн барилга, хоёр км ч хүрэхгүй газар очихын тулд өдрийн талыг бардаг замын түгжрэл, данхайж дэнхийсэн том том жийпнүүдээ автозогсоол алга гээд ургаж ядан буй ногоон зүлгэн дээр сойчихдог шинэ цагийн баячууд, хаашаа ч харсан нүд хальтрам элдэв буруу хазгай хэлээр бичсэн рекламны самбараас эхэлдэггүй учраас. Гэвч зарим нь энэ бүхнийг хөгжил хэмээн хөөрхнөөр тодорхойлж олны эгдүүцлийг төрүүлээд байх юм.

Уг нь хөгжил гэдэг зүйлийг бид арай өөрөөр ойлгомоор, төсөөлмөөр санагдаад байгаа юм. Ядаж л албан байгууллага бүр биш юм аа гэхэд урлаг соёлын үйлчилгээ үзүүлдэг томоохон төвүүд автозогсоолтой болмоор байна. Тухайлбал, Улаанбаатарын А зэрэглэлд байрлах Соёлын төв өргөө. Үнэндээ уншигч бид л Соёлын төв өргөө хэмээн нэрлэдгээс бус энэ хавийг тойрсон соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар олон бий. Соёлын төв өргөө, Улсын филармони, Дуурийн театр, Уран зургийн галерей, Хүүхдийн номын ордон гээд л. Хэрэв аль нэг газар нь үзвэр зарлах юм бол дээрхтэй адил бөөн хэрүүл болж юун юм үзэж сэтгэлээ сэргээх мантай. Зогсоолын төлөө ана мана үзэлцэнэ. Заримдаа бүр цагдаа ирж зохицуулж буй дүр зураг ч харагддаг л юм билээ. За тэгээд дээрх газруудын үзвэрийн хуваарийн цаг давхцах юм бол асуудал бүрч хурцдаж бэсрэг хэмжээний зодоон ч болж орхино. Ийнхүү оюуны алжаалаа тайлах гэж ирсэн хүмүүс автозогсоолоос болж уурлаж бухимдан хараал урсгасаар салцгаадаг билээ.

Бяцхан тоо бодьё. Соёлын төв өргөө 1500 хүний суудалтай бөгөөд энд үзвэр үйлчилгээ бараг л тасардаггүй. Үзвэрийн танхим нь орой бүр нижигнэсэн алга ташилтад умбаж байгаа дуулддаг. Мөн Улсын филармони байна. Хэдийгээр Соёлын төв өргөөнөөс хэд дахин бага гэх ч 260 хүн тухалдаг сайхан танхимтай. Харин Дуурийн театр 500 зочин хүлээж авах хүчин чадалтай. Энэ бүх тоог нийлүүлбэл 2260 болж байна. Харамсалтай нь, дээрх газруудад үзвэр үйлчилгээ үзэхээр ирсэн иргэд автомашинаа тавих зогсоолгүй бөгөөд СТӨ-ний ард байх зориулалтын зогсоол нь 50 гаруй машин тавиад дүүрчихдэг. Иймээс жолооч нар дөнгөж ургаж ядаж буй зүлгэн дээр автомашинаа сойчихоод өчнөөн асуудал үүсгэдэг биз ээ. Тэр ч бүү хэл зогсоол дээр тавьсан машины ард бас нэгийг тулгаж тавьчихаад хаашаа ч орсон нь мэдэгдэхгүй алга болчихдог хачин зантай улс. Ухамсартай зарим нь ч яах вэ утасныхаа дугаарыг үлдээж байгаа юм. Иймээс заримдаа цагдаа ирчихсэн эмх цэгцэнд нь оруулах санаатай дугаарыг нь хураагаад л зогсч байдаг. Уг нь Соёлын төв өргөөний аркаар нь орвол бас ч үгүй 15, 20 машин багтчих зогсоол бий нь  бий. Гэтэл манайдаа л томд тооцогдох компанийн эзэд өнөөх байрыг нь авчихсан хэмээн төмөр гинж татчихаад, зуудаг банхар аятай хэдэн хамгаалагч нараараа мануулчих тул тийшээ нэвтэрнэ гэдэг Хятадын цагаан хэрмийг давахаас ч хүнд. Мөн Соёлын төв өргөөний машины зогсоолыг мөнгөтэй хүмүүс худалдаж аваад “San biznes” төв нэртэй барилга барьчихсан.

“Хэрэглэгч хаан” гэсэн үг бий. Энэ ч утгаараа үзвэр үйлчилгээ үзэх гэж ирсэн хүмүүс машин тэрэг тавих автозогсоолын тухай асуудал хөндөж, Соёлын төв өргөөний удирдлагуудад ханддаг л юм билээ. Гэвч томчуудын дээгүүрээ хуваагаад авсан газрыг үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс хураагаад авах эрх мэдэл тэдэнд үгүй. Иймээс энэ хүнд байдлаас гарах арга замын талаар зарим нэг санаа оноогоо дуулгаж байсан. Энэ нь Сүхбаатарын талбайн хажуугаар машин тавих. Уг нь өмнө нь тавиад болоод л байдаг байсан юм. Гэтэл өнгөрсөн оны долдугаар сард  замын түгжрэлийг сааруулж буй нь энэ гээд эл зогсоолыг ажиллуулахгүй болж замыг нь хоёр урсгалтай болгосон. Зарим нэг асуудлын хүрээнд энэ нь зөв л байх. Гэхдээ л Сүхбаатарын талбайн зүүн талыг өмнөх шигээ зогсоол болгомоор санагдана. Ингэхдээ орой үдшийн цагаар. Яагаад гэвэл орой замын түгжрэл багасдаг. Энэ үеэр Соёлын төв өргөө орчмын үйлчилгээний газруудын үзвэр эхэлнэ. Иймээс үзвэр үргэлжилж байх хоёроос гурван цагийн хооронд тэр хавийг зогсоол болгочихвол бас л олон хүн баярлах гээд байгаа тухай энэ байгууллагын удирдлага учирлан өгүүлж байсан. Дэмжих л асуудал.  Ядаж л бие биенийгээ нохой гахайгаар нь дуудахгүй шүү дээ, бид

Их хотын соёл жижигхээн зүйлээс эхэлнэ. Энэ тухай хэн хүнгүй ярьдаг. 20  биш гэхэд 200 алхаад таарах хогийн савтай байх, татсан тамхиныхаа иш, идсэн чихрийнхээ цаасыг гудамжинд хаячихгүй байх гээд л. Бас автозогсоолтой болцгооё л доо. Соёл урлагийн төв нь болсон газарт 50 машин тавих ч зай алга байна шүү дээ. Иймээс энэ талаар хүмүүсийн санал болдлыг хуваалцсан юм. Тэд юу өгүүлэв.

Л.ОЮУН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж