Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд УИХ дахь МАН-ын бүлгээс гарч буйгаа мэдэгдсэний зэрэгцээ Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ гэж хэлсэн юм. Харин Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нарын хувьд хараахан МАН-аас гарах эсэхээ эцэслэн шийдээгүй, намын зүгээс хийх алхмуудыг харна хэмээн алгуурлаж байна.  Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгээс гарах алхмыг хийсэн нь дараах учир шалтгаантай холбоотой гэж тайлбарлав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Бүлгээс гарах шийдлийг гаргасан нь зөвхөн Хууль зүйн сайдыг огцруулахтай холбоотой юм биш. Уул уурхай болон бусад асуудлын хүрээнд тодорхой шийдвэр гаргахыг Ерөнхий сайдад хандан асуудал тавьсан ч өнөөг хүртэл алхам хийгээгүй. Гэтэл чоно борооноор гэгчээр сонгуулиар далимдуулж орд газруудыг захаас нь зарж эхэлж байна. Ийм асуудлыг зохицуулах ёстой УИХ дахь гол бүтэц маань намын бүлэг. Харамсалтай нь, ард түмний төлөөлөл болж байгаа гишүүний тавьсан асуудалд улс төрийн дэмжлэг үзүүлж шийдэхгүй байгаа учраас миний хувьд намын бүлэгт ажилласны хэрэг гарахгүй байна гэж үзсэн. Гэхдээ намын бүлгээс гарч байна гэдэг нь намаасаа гарч байна гэсэн үг биш. Энэ бол тусдаа асуудал.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

– МАН-ын бүлгийн найман гишүүн Ц.Нямдорж сайдад улс төр, ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг УИХ-д тавьсан. Намынхаа бүлгийн хуралдаан дээр ямар учраас энэ хүнд ёс зүй, улстөрийн хариуцлага хүлээлгэх ёстой юм бэ гэдэг талаар маш тодорхой хэлсэн. Улстөрч хүнд улстөрийн хариуцлага ёс зүйн хариуцлага маш чухал байдаг. Бид дэлхийн олон улсын жишээ баримтыг нэрлэж чадна. Тийм ёс зүйгүй үйлдлийг олонхиороо хаацайлж хамгаалан шийдвэр гаргасан. Шийдвэрийг дагаагүй учраас бид хариуцлага хүлээх ёстой болсон учраас асуудлыг урьдчилан харж ийм шийдвэр гаргасан.

Хоёрдугаарт, өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 14-нөөс эхлээд намын удирдлагад Оюутолгой, Тавантолгойн асуудал, намын эв нэгдлийн асуудал, хэн нэгэн нөхөр нь намынхнаасаа өөр сонголт хийхэд араас нь янз бүрээр хочилдог мөрддөг байдал, амлалтын асуудлаар бид олон удаа захидлаар, бичгээр саналаа өгсөн боловч харамсалтай нь тэр бүгдийг засч залруулах үйл ажиллагаа хийгээгүй. Ийм ийм шалтгаанаар МАН-ын бүлгээс гарч байна гэдгээ бүлгийн даргадаа бичгээр гаргаж өгсөн.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Бидний тавьсан асуудал бол ирж байгаа сонгуульд намаа амжилттай оруулах юмсан, ялалт байгуулах юмсан гэж бодож  хийсэн алхам. Харамсалтай нь энэ саналууд маань ажил хэрэг болохгүй байна. Тиймээс намын бүлгээс гарах саналаа үндэслэж тавилаа. Цаашдаа намаа яах вэ гэдгээ өөр өөрсдийн итгэл үнэмшлээрээ шийдвэрлэнэ. Би хувьдаа анх удаа элссэн намаа сэргээнэ гэж бодож байгаа. МАХН-д би 1981 оны тавдугаар сарын 10-ны өдөр өргөдөл өгч гишүүнээр элссэн байдаг. Тэр цагаас хойш энэ намынхаа үйл хэргийн төлөө тууштай, өөрийнхөө итгэл үнэмшлээр зүтгэж яваа. Тийм учраас намынхаа харьяаллыг сэргээх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат:

-Монголчууд нэг бичигдээгүй хуулийг эрхэмлэж ирсэн. Олон зуун жил монголчууд бие биенээ хүндэтгэдэг, бие биендээ хүчирхийлэл хэрэглэдэггүй хуулийг мөрдөж ирсэн. Харамсалтай нь, энэ хуулийг төр засгийн зүгээс зөрчсөн. Энэ нь Засгийн эрхийг барьж байгаа МАН-ын нэр хүндэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Төр засгийг удирдаж байгаа нам маань өөрөө хамгийн их бүдүүлэг авир гаргалаа. Түүнээс үндэслээд бүлгээс гаргах шийдвэр гаргасан.

Гишүүд ийм байдлаар тусын тусын тайлбар хийсэн юм.

Харин сэтгүүлчид тэднээс “Та бүхэн хариуцлагаас зугатааж ийм шийдвэр гаргаад байгаа юм биш үү. Тэр тусмаа Ц.Даваасүрэн гишүүний хувьд Хөвсгөлд нэр дэвших байсан ч тойроггүй болсон гэх мэдээлэл дуулдах болсон. Нэгэнтээ тойроггүй болчихсон нөхцөлд МАХН-аас нэр дэвших нь боломж олгох талтай?

Ц.Даваасүрэн:- Хөвсгөлд  болсон сунгаа бохир аргаар явагдсан гэдгийг сонссон. Үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. Өнөөдөр улстөрийн амлалтыг хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр үүнийг хэрэгжүүлж чадахгүй болсон. Намын масс дээр тулгуурлан санал авчихна гээд найдаад ажил хийхгүй, амлалтаа  биелүүлэхгүй байна. Мөнгөөр сонгуулийг  явуулчихна гэж ард түмнээ басамжилж байгаа учраас амлалтыг биелүүлэхгүй байгаад харамсч байна. Намаас гарах, элсэхээ шийдээгүй байгаа. Нэр дэвшигчийг тодруулах сунгаа энэ тэр нь үүнтэй огт холбоогүй ээ. Бие даагаад ч нэр дэвшиж болно шүү дээ.

Д.Тэрбишдагва:-Хариуцлагаас бид зугтаагаагүй. Харин ч  хариуцлагатай ажиллахыг шаардаж ирсэн. Стандарт бус Засгийн газар байгуулагдаад төрийн эрх барьж байгаа нам Үндсэн хууль зөрчсөн цагаас хариуцлагагүй явдал гаарсан. Өнөөдөр л хариуцлагын асуудал ярьж байгаа биш. Дөрвөн жил хариуцлагын асуудлыг ярьж хэлж ирсэн. Олигархижсан, хамтарсан, стандарт бус Засгийн газрын талаар байр сууриа тодорхой илэрхийлсээр ирсэн. Та бүгд ч үүнийг мэдэж байгаа. Хариуцлагатай ажиллахыг шахаж шаардаад болохгүй байгаа. Ард түмний итгэл найдвар хөсөрдөж байна. Амалсан амлалтаа хэрэгжүүлэхгүй байна. Эх орноо худалдаж эхэлсэн. Монголын газар нутаг эхнээсээ гадны хамааралтай болж байна.Эцэстээ хариуцлагагүй ажилласан  сайдыгаа ямар ч үнээр хамаагүй авч үлдэж байгаа нь сахилга хариуцлагагүй явдал. Ийм хүмүүстэй хамт байх нөхцөл байхгүй байна. Тийм учраас бидний хувьд сахилга хариуцлагаас зугатааж буй юм биш, дотроос нь шахаад болдоггүй юм бол гаднаас нь шахна. Үсэрсэн цус тасарсан мах гэж ярьдагтай адил МАХН, МАН бол нэг гаралтай нам. Энэ хоёр намыг эвтэй найртай нэгдэлтэй байгаасай гэдэг үүднээс намын удирдлагад шаардлага тавьж байсан. Өөр үзэлтэй намыг өвөр түрийдээ оруулж болсон юм чинь нэг үзэл баримтлалтай нам хоорондоо эвтэй байгаасай гэж олон удаа хэлсэн. Өчигдөр орой би 2004, 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр бусад зүйлсээ хартал Д.Тэрбишдагва гэдэг хүний зурагны ард МАХН гэсэн бичиг, тэр мөрийн хөтөлбөрийг ярьж байсан сурталчилгаа тэр чигээрээ байна. МАХН-аас хоёр удаа нэр дэвшиж иргэд сонгогчдыгоо төлөөлөн суусан. Өчигдөр оройноос хойш манай сонгогчид маш олноор утас руу маань залгаж “Та анхныхаа намыг сэргээх гэж байгаа юм уу” гэж асууж байна лээ. Тийм учраас МАХН гэсэн батлах бидэнд бий. Буцааж аваагүй байгаа учраас би энэ батлах дээрээ сэргээв гэсэн бичиг даруулъя гэж бодож байгаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж