Сонгууль будилаантуулдаг сүлжээ нийслэлд хэрэгждэг

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Сонгууль будилаантуулдаг сүлжээ нийслэлд хэрэгждэг

Нийслэлийн Ардчилсан Намын Дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

-УИХ-аар нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж, УИХ-ын сонгуультай хамт явуулахаар боллоо?

-Миний
хувьд аль нэг нам ямар ч утгаар юу ч гэж  тайлбарлалаа гэсэн Орон
Нутгийн Хурлын сонгууль, УИХ-ын сонгуультай хамт явах тухай нэгэнт
батлагдсан хуулийг хэрэгжүүлэх нь эрх бүхий байгууллагуудын үүрэг гэсэн
хатуу байр суурьтай  байсан. Энэ талаар Нийслэлийн АН ч тухай бүр байр
сууриа  илэрхийлж ирсэн. Гэвч МАН-ынхан энэ хуулийг хэрэгжүүлэх хүсэл
сонирхол байгаагүйгээс өдий хүртэл асуудлыг  гацааж, АН-ын байнгын зүй
ёсны шахалтын дүнд УИХ нэг ийм “дутуу алсан могой шиг “ хууль гаргалаа.
Яахав чамлахаар чанга атга гэдэг дээ. Ер нь сонгуулийг ухаалаг үнэмлэх,
автомат машин хоёрын тусламжтайгаар явуулахаар нэгэнт хуульчилсаар
байтал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УБЕГ-ын даргаар шинээр томилогдсон
Л.Амарсанаа тэргүүтэн уг асуудлыг хэрхэн бантагнуулж байгааг бид
хангалттай харлаа шүү дээ. Эдний ажил үүрэг гүйцэтгэх чадвар нь ийм сул
юм уу эсвэл сонгуулийн булхай, луйвар хийхээр улайран зүтгээд байна уу
гэсэн асуудал аяндаа гарч ирж байгаа юм. Анх томилогдохоосоо л хэл ам
дагуулсан Л.Амарсанаа гэгч нөхрийг хэвлэл мэдээлэлд хандах бүрд “одоо
энэ нөхөр дахиад юу гэж муу амлах бол” гэсэн шиг  иргэд сонгочид  хүлээж
суудаг боллоо.

-Одоо нэгэнт хууль батлагдсан тул сонгууль
зохион байгуулахад нийслэлийн хурлын байгууллагын үүрэг оролцоо нилээд
чухал болж эхэллээ?

-Тийм ээ. сонгуулийн тойрог хэсгийн хороо
байгуулах шийдвэрийг ИТХ-ын тэргүүлэгчид сонгуулийн байгууллагатай
харилцан ажиллаж гаргадаг. Гэтэл нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга
Т.Билэгт ажлаа хийхгүй алга болоод хагас жил болж байна. “Өргөө” зочид
буудал, “Улаанбаатар таймс”-ын хууль бус хувьчлалтай нэр нь холбогдоод
гадагшаа “эмчилгээ хийлгэхээр” явсан сурагтай. Энэ чинь нөгөө Н.Энхбаяр
гуайн АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн нэг хэсэг нь  шүү дээ. Уг нь
албан хаагч хүн дөрвөн сараас илүү хугацаагаар ажил үүргээ гүйцэтгэх
боломжгүй бол орны хүнийг нь томилоод явдаг журамтай. Ер нь хотын газар,
өмч, ажил үйлчилгээ, тендэртэй холбогдсон хотын үе үеийн удирдлагуудын
хууль бус үйл ажиллагааны талаар олон түмний дунд байнга яригдаж байдаг.
Энэ асуудлуудыг нэг мөр шийдэх цаг нь ирж байх шиг байна. За тэгээд
сонгууль зохион байгуулдаг, будлиантуулдаг тэр биежсэн сүлжээ
Улаанбаатар хотод жинхэнэ “сонгодог утгаараа” үйл ажиллагаагаа явуулдаг
гэж хэлж болно.

-Тэгэхээр таны бодлоор сонгууль шударга болоход тодорхой бэрхшээл үүснэ гэсэн үг үү?

-Мэдээж
үүсэх байх. Уг нь сонгуулийн үеэр гардаг олон булхай луйврыг зогсооход
энэ цахим үнэмлэх чухал үүрэг гүйцэтгэх байсан юм. Гэтэл одоо
Л.Амарсанаа тэргүүтний ярьж буйгаар бол өмнө нь хэдэн зуу, мянгаар нь
хувилж тараасан мөн наалт солих боломжтой иргэний хуучин үнэмлэх болон
зарим иргэд лавлагаагаар санал өгөх маш төвөгтэй байдал үүсчихээд байна.
МУ-ын Ерөнхийлөгч “төрд хүн хэцүү ажил хийх гэж ирдэг” гэж хэлсэн
байдаг.  Хэрвээ Л.Амарсанаа дарга ажлаа хийж чадахгүй мэдлэг чадвар нь
хүрэхгүй байгаа бол чаддаг хүнд нь ажлаа өгөх хэрэгтэй. Өөрөө өгөх
дургүй бол намын дарга Ерөнхий сайд С.Батболд түүнийг үүрэгт ажлаас нь
чөлөөлөх үүрэгтэй. Харин Ерөнхий сайд хууль хэрэгжүүлэх хүсэлгүй байгаа
бол Засагтайгаа огцорох нь зүйд нийцнэ. Ер нь манайхны ажил  яагаад нэг
иймэрхүү байдаг юм бол. Цахим үнэмлэх хийх ажил УБЕГ, СЕХ, гүйцэтгэх
кампаны үйл ажиллагаа хоорондоо ямарч уялдаа холбоогүйгээс түмэн
бэрхшээл үүсч хугацаандаа амжихгүй нь тодорхой боллоо. Эцсийн эцэст
Ерөнхий сайд С.Батболд сонгуультай холбоотой гарч болох аливаа будлиан,
зөрчил, тэмцлийн  хариуцлагыг хүлээх болно.

-Сонгууль хаяанд
ирчихлээ гэтэл АН, МАНамаас амалсан 1 сая төгрөгний хувьцаа, 1,5 сая
төгрөг бэлнээр олгох амлалтын хэрэгжилт иргэдэд тун ойлгомжгүй болоод
байгаа. Та нэг сая төгрөгөө ав, эсвэл хувьцаа ав гээд нөгөө талаар 1,5
саяаа авсан хүмүүст хувьцаа оногдохгүй ч юм шиг ярих юм?

-Би
анхнаасаа АН Засагт орохын эсрэг байсан энээ тэрээ гэж “өнгөрсөн борооны
хойноос цув нөмөрсөн” улс төр хийгээд яах вэ. Мэдээж манай нам
хамтарсан засагт орсноор эрх баригч болчихлоо гэсэн хэрэг биш. Үүнийг
ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Манай нам 2008 оны 7 сарын 1-ний үйл
явдлын үнэн мөнийг олж нийгэмд шударга ёсыг сэргээн тогтоох, Оюутолгой,
Тавантолгой зэрэг томоохон ордуудыг улс орныхоо эрх ашгийн үүднээс  аль
өгөөжтэй ашигтай хэлбэрээр эдийн засгийн эргэлтэнд оруулж үр шимийг нь
иргэддээ хүртээх, улс орны бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зэрэг
томоохон зорилтуудыг шийдвэрлэхэд оролцох зорилго тавьсан. Бид чадсан
уу? Магадгүй бидний дуу хоолой, хүч чадал, сэтгэл дутсан байж болно. Энэ
талаар иргэд сонгогчид удахгүй дүнгээ тавина биз ээ. Манай намын 2008
оны сонгуульд амалсан нэг сая төгрөгийн нэрэлсэн үнэ бүхий хувьцааны
хувьд гэвэл иргэдэд олгох эрх зүйн үндэс нь нэгэнт бүрдсэн байгаа. Харин
практик дээр Монгол Улс  уул уурхайн ордууд дээрээ түшиглээд Үүнд
стратегийн ордууд хийгээд одоо төрийн өмчид байгаа уурхайнууд орно
тэдгээрийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшдэг нэг компани байгуулаад
түүнийхээ тодорхой хувийг иргэддээ өгөх тухай байсан. Гэтэл одоо
Тавантолгойн л хувьцааны тухай яриад байх юм. Тэгээд ч Тавантолгойн
хувьцааг иргэдэд олгох асуудлаар анх манай МоАХ жагсаал цуглаан зохион
байгуулж, гарын үсэг цуглуулж иргэдийн анхаарлыг энэ асуудал руу
хандуулж байлаа. МоАХ-ны зүгээс “төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн
орд газрыг 14 гэр бүл хууль бусаар авлаа”, “төрийн өмчид бүтнээр нь авах
ёстой“ гэх зэрэг шаардлага тавьж  хүчтэй шахсаны үр дүнд тэд 96 хувийг
нь төрдөө өглөө бид 4 хувийг авлаа гэсэн шийдвэрт хүрч байсан. Гэтэл яг
үнэндээ хамаг шимтэй хэсгийг авсан бараг 50 хувийг нь нэр бүхий эрх
баригчид УИХ-ын удаа дараагийн тогтоол шийдвэрийг зөрчин “Ухаа худагийн”
үйл ажиллагааг эрчимжүүлж том Тавантолгойн ажлыг урагшуулахгүй байх
бүхий л аргыг хэрэглэж байгаагаас хувьцаа олгох асуудал туйлын бүрхэг
бараг боломжгүй болоод байна. “Энержи ресурс”-ын бизнесийн ашиг
сонирхол, МАН-ын улс төр, бизнесийн ашиг сонирхол энэ тал дээр яв цав
нийлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл том таван толгойн үйл ажиллагаа явахгүй
байж иргэдэд очих хувьцааг үнэгүйдэх нь “Энержи ресурс”-т хэрэгтэй бол
иргэдэд хувьцаа олгох ажлыг аль болох хойшлуулах, АН-ын амлалтыг
биелүүлэхгүй байх нь МАН-д хэрэгтэй. Тэгж харагдаж байгаа биз. Үүнээс
болж ард түмэн л хохирч таарна. Иргэддээ хэлэхэд “авилгын загалмайлсан
эцгийг” суллуулахын төлөө биш өөрсдөдөө хууль ёсоор ноогдох хувьцаагаа
нэхэж жагсах хэрэгтэй болов уу. Эрх баригч бүлгийнхэн УИХ-ын тогтоолыг
хэрэгжүүлж “Энержи ресурс”-ын 51 хувийг төрд авахын оронд Ерөнхий сайд
МАН-ын дарга С.Батболд тэргүүтэй нэр бүхий эрхмүүд 70 жилийн тогтвортой
байдлын гэрээ батлуулахаар улайрч байна. Эцэст нь хэлэхэд иргэд 1,5 сая
төгрөгөө ч авах ёстой, 1 сая төгрөгийн хувьцаагаа ч авах ёстой. Энэ хоёр
чинь тусдаа ойлголт, тусдаа асуудал. Сая төгрөгөө авбал хувьцаа
оногдохгүй гэсэн асуудал байж  таарахгүй.

-Сүүлийн үед яригдаад байгаа “Өмнийн говийн элс” компанитай  холбоотой асуудалд та ямар байр суурьтай байна?

-Зөвхөн
Өмнөговь аймгийн нүүрс олборлолт гэхэд болж байна? Тавантолгойн ордыг
Ухаа худаг ард нь Шенхуа групп бий гэдэг, жижиг Тавантолгой мөн л
Хятадын оролцоотой , Б.Жаргалсайханы Хятадын “Дайцеку” компанид өгсөн
хэсэг, зүүн Цанхийн хэсэгт Хятадын Чалко компани олборлолт явуулж байгаа
бөгөөд Рио Тинтогийн 20 орчим хувийг уг компани эзэмшдэг. Баруун
Цанхийн дөчин хувийг Хятадын Шенхуа группэд өгөхөөр Ерөнхий сайд Хятадад
явахдаа амалсан. Нарийн Сухайтын ордод мөн л Чинхуа-МАК хамтарсан
компани олборлолт явуулж байгаа. Нарийн Сухайтын бүлэг ордны хэсэг болох
Олон–Овоот дээр олборлолт хийж буй Айвенхоу Майнзын  Саусгоби Сандс
компаний 57 хувийг Хятадын төрийн өмчит Чалко компани худалдаж авах
хэлцэл хийсэн асуудал үүсээд байна. Цаагуураа юу ч болж байгаа юм бүү
мэд. Энэ талаар УИХ-ын зарим гишүүд, эрдэмтэн С.Авирмэд, нийтлэлч
Д.Жаргалсайхан зэрэг олон иргэд мөн ч их ярьж сануулж хэлэх юм даа. Бүр
байг гэхэд 2010 онд Ерөнхийлөгчийн санаачлагаар хэлэлцэж баталсан
Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалаа хэрэгжүүлэх арга алхамыг УИХ
тууштай түргэн шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай  байна. Аливаа улс
орон үндэсний аюулгүй байдлаа эн тэргүүнд тавьж байх ёстой.

-НАН энэ удаагийн сонгуульд ямар зорилт тавьж оролцох вэ?

-Нийгмийн
ихэнх хэсэгт энэ 2012 оны сонгуулиар хэдэн гишүүн, төлөөлөгч  сонгохоос
илүүтэйгээр реформын шинж чанартай хувьсгалт өөрчлөлтийг хүсч ихээхэн
хүлээлт үүсээд байна. Манай намын “Монгол хүн-2020”, “эдийн засгийн
хувьсгал”, “аж үйлдвэржүүлэлт” гэх зэрэг хөтөлбөр зорилтууд нь иргэдийн 
хүсэн хүлээж байгаа тэр зүйлсийг хамруулсан байгаа. Тиймээс ч улс оронд
бугшсан болохгүй бүтэхгүй байгаа хоцрогдол, авилгал, ядуурал,
ажилгүйдэл гэх мэт асуудлуудыг АН засаж залруулж чадах юм байна, энэ
бүхний эсрэг тэмцэх бодитой улс төрийн хүчин нь бид гэсэн итгэл
сэтгэлээр дүүрэн энэ сонгуульд оролцох гэж байна.  Нийслэлийн АН-ын
хувьд Улаанбаатар хотоо хөгжүүлэх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх
талаар шинжлэх ухааны үндэстэй хөтөлбөрөө боловсруулаад дууссан. Энэ нь
өнөөгийн Улаанбаатар хотын удирдлагын хоцрогдсон арга барилаас тэс өөр
нутгийн өөрөө удирдах ёсыг өргөтгөн иргэдийн орлцоотой “шууд ардчилал”-д
суурилсан Улаанбаатар хотын иргэд тулгараад байгаа асуудал
бэрхшээлүүдээ хэн нэгэн дарга, удирдлага гэхээсээ илүүтэйгээр
өөрсдийнхөө оролцоотойгоор өөрсдөө шийдэх зарчимд суурилсан реформын
хөтөлбөр юм. Улаанбаатар хотын хувьд 90 жил эрх барьсан МАН-ын
“хэмжээгүй эрхт хаанчлал”-ыг халж төрөлх хотоо шинэ үзэл санаа, бодлого,
шинэ арга барил, шинэ эрч хүчээр цэцэглүүлэн хөгжүүлэх замыг нээх нь 
амьдарч буй хотоо орон гэр минь гэж боддог иргэн бүрийн туйлын хүсэл юм.
Өнөөгийн хотын удирдлагын бусармаг үйл ажиллагаанд цэг тавьж хотын
удирдлагад  эрс шинэчлэлт хийж чадах улс төрийн хүчин нь АН гэдэгт та
эргэлзэх хэрэггүй. МоАХ-ны дарга Х.Баттулгын зарлаад байгаа “сонгуулийн
хувьсгалын” мөн чанар ч үүнд оршиж байгаа. Тиймээс иргэд сонгогчид та
бүхэн нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө авилга, шудрага бус
явдалтай тэмцэхийг хүсэж байгаа бол саналаа өгөхдөө хариуцлагатай хандаж
бидэнтэй хамт “сонгуулийн хувьсгал” хийхийг уриалж байна.    

-Ярилцсанд баярлалаа.


Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж