Шалгалтыг дээрх Зөвлөлийн гишүүн улс орнуудын хэмжээнд / Япон, Тайланд, Филиппин, Вьетнам, Малайз, Мьянмар, Монгол / жилд хоёр удаа, нэг өдөр, нэг цаг хугацаанд, ижил асуулгатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар зэрэг явуулдаг. Тус шалгалтын систем нь 4 түвшинтэй ба Монгол Улсад мэдээллийн технологийн инженерийн стандартад үндэслэн эхний 3 түвшнийг нэвтрүүлээд байна.
Энэ удаагийн хаврын шалгалтаар 1-р түвшин буюу мэдээллийн технологийн паспорт шалгалт, 2-р түвшин буюу мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтуудыг зохион байгууллаа. Эдгээр шалгалтуудад тэнцэгч нь Азийн 12 оронд / Япон, Тайланд, Филиппин, Вьетнам, Малайз, Мьянмар, Монгол, Энэтхэг, БНСУ, Хятад, Тайвань Сингапур / хүлээн зөвшөөрөгдөх олон улсын сертификат гардан авах боломжтой болох юм.
Монгол улсад 2006 оноос энэхүү шалгалтыг нэвтрүүлж эхэлснээс хойш мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд 739 хүн, паспорт шалгалтанд 62 хүн, ахисан түвшний шалгалтанд 54 хүн хамрагдаж, 44 хүн сертификат гардан авсан. Энэ хаврын мэдээллийн технологийн паспорт шалгалтанд 40 хүн, инженерийн суурь шалгалтанд 85 хүн буюу нийт 125 хүн шалгалтанд хамрагдлаа. Шалгалтын дүнг сарын дараа мэдээлэх болно. Намрын шалгалт 2012 оны 10 сарын 28-нд болно.