“Ногоон хатагтай” сэтгүүлчидтэй хамтрав

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

“Ногоон хатагтай” сэтгүүлчидтэй хамтрав

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1280 га газартай. Ийм том газартай цэцэрлэгт хүрээлэн дэлхийд байхгүй. Саяхан болтол дэлхийд том тооцогдох цэцэрлэгт хүрээлэн барьж байгаа гэхээр хүмүүс итгэхгүй байлаа. Үнэнийг хэлэхэд ингэсгээд хэн нэг нь байшин бариад дуусна гэж байсныг нуух юун. Уржигдар буюу бямба гарагт Б.Саранчимэг даргатай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Сэтгүүлчдийн төгөл”-ийн нээлт боллоо. “100 сэтгүүлч-100 мод” хэмээх энэ арга хэмжээнд Г.Мөнхбаяр, Б.Баатарзориг даргатай Нийслэлийн Засаг даргын  Тамгын газар, Б.Галаарид ерөнхийлөгчтэй Монголын сэтгүүлчдийн эвлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан ажлаа хийнгээ оролцлоо. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид хотынхонтой хамтран өөрсдийн төгөлөө бий болгон эхний ээлжийн 100 модыг тарилаа. Сэтгүүлчдийн төгөл ийнхүү Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байруун хойд хэсэгт байрлах болж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь “Баянмонгол” хорооллын урд талаас Баянзүрхийн гүүр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ нүсэр том талбайд үргэлжлэх ажил 10 жил явагдах аж. Ойрын үед баруун хэсгийн талбайд маш том усан оргилуур, 3.8 км гүйлтийн зам, байгууллагуудын нэрэмжит төгөл бий болгох, зүлэгжүүлэлт хийх, 300 машины зогсоол барих зэргээр бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Одоогоор 25 м-ийн өргөнтэй явган хүний зам тавигдаж эхэлжээ. Ажил нь талдаа орсон байна. Усан оргилуурын ажил мөн адил 50 хувьтай орсон байна. Цагдаагийнхан өөрсдийн бэлгэ тэмдэг бүхий бэлтгэл сургуулилт хийх боломжтой гоё талбай барьж ашиглалтанд оруулсан байна лээ. Энэ цэцэрлэгт хүрээлэнг шинжлэх ухааны үндэслэлтэй барих хэрэгтэй гэж үзээд япончуудаар эдийн засгийн үндэслэлийг нь хүртэл судлуулжээ. Ингэснээр хус зэрэг 27 төрлийн мод тарих боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Сэтгүүлчид энэ удаад 100 хус тарилаа. Тус хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг “Саяхны судалгаагаар цэцэрлэгт хүрээлэнд тарьсан мод, ургамал Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг эзэлж байгаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхлээд гурван жил болж байгаа ч өнөөдөр гэхэд нийслэлийн агаарын бохирдол, хөрсний элэгдэл, усны урсацад хувь нэмрээ бага боловч оруулж байгаа нь тогтоогджээ. Бямба гарагт цугласан сэтгүүлчид хотын дарга нартай хамтран өөрсдийн төгөлөө байгуулж, нэрээ бичиж үлдээсэн бөгөөд тарьсан модоо арчлах үүрэгтэй үлдсэн” юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар, шинжлэх ухааны үндэслэлтэй мод тарьсан учраас ургах тухайд санаа зовохгүй байгаагаа сэтгүүлчид хошигнож байв. Сэтгүүлчид тус хүрээлэнгийн ажилтан ажилчдын хувцаслалт нь ногоон учраас зун олж харахгүй юм байна, ярих нь хүртэл байнга ногоон байгууламж гэх юм гэцгээж байв. Ээмэг нь хүртэл ногоон Б.Саранчимэг даргад энд байсан сэтгүүлчид “Ногоон хатагтай” хэмээх цол өргөмжиллөө. Тус хүрээлэнгийнхэн эхэлсэн ажлаа дуусгачихаад нүүр бардам явах юмсан, манайхыг цаасан дээрх хүрээлэн гэсэн байна лээ, та бүхэн өөрсдөө яваад үз, бид зөндөө ажил хийсэн хэмээн сэтгүүлчдийг дагуулан хийж буй ажлаа харуулсан юм. Дээр дурьдсанчлан энд ажил ид өрнөж байна. Цэцэрлэгт хүрээлэн рүү очих машины зам ч шинээр тавигджээ. Удахгүй энд гүйхээр очих хүмүүсийн цуваа тасрахгүй биз ээ.

П.Дулам

Зохиогчийн эрх: ”МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж