Японы Ерөнхий сайд Цагаан ордонд айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Японы Ерөнхий сайд Цагаан ордонд айлчлав

Японы Ерөнхий сайд Ёшихико Нода АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар Цагаан ордонд айлчилж байна.

Ёшихико Нодагийн уг айлчлал нь Япон-АНУ-ын бах бөх хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Өнгөрсөн оны зургадугаар сард томилогдсон Ерөнхий сайд Нода сүүлийн зургаан жилийн хугацаанд сонгогдсон зургаа дахь ерөнхий сайд юм. Ёшихико Нода Чернобылийн цөмийн ослоос хойшхи хамгийн аймшигтай цөмийн хямрал Фукушимаг нөмөрсний дараахан Ерөнхий сайдаар сонгогдсон билээ.

Ёшихико Нода Цагаан ордонд айлчлах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай үдийн зоог барьж, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны удирдан явуулсан хэвлэлийн хуралд уригдан оролцжээ.

2011 оны гуравдугаар сард Японд газар хөдлөлт, цунамийн гамшиг нүүрлэхэд АНУ тусламжийн гараа сунгасныг Япончууд мартаагүй гэдгийг Ёшихико Нода онцолж, АНУ-Японы хамтын ажиллагаа, найрсаг харилцааг талууд бататгасан байна. Дэлхийд эдийн засгийн чадлаар гуравдугаарт бичигддэг Япон АНУ-ыг Азитай холбож байдаг гол улс гэдгийг Ерөнхийлөгч Барак Обама онцолжээ.

Нодагийн АНУ дахь айлчлалын өмнө АНУ Окинава дахь 9000 цэргээ татсан билээ. Японд АНУ-ын 50,000 цэргийн албан хаагч байдаг бөгөөд хоёр тал бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Өчигдөр Цагаан ордонд болсон Нодагийн айлчлалын үеэр БНАСАУ-ын хөөргөсөн пуужингийн туршилт амжилтгүй болсон талаар болон Бирм дэх ардчилсан өөрчлөлтүүд, Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцсэн хориг арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж