-Энэ ясан морин хуурыг ямар зориулалтаар хийсэн бэ. Тоглуулж болох уу?
-Мэргэжлийн морин хуур хийдэг зарчмаар хийсэн болохоор тоглож болно. 2010 онд жил зургаан сарын хугацаанд хийж дуусгаж байсан.
-Ясан хуурын толгой нь хүртэл сонин юм аа. Ямар амьтны яс ашиглан урласан бэ?
-Аргалын эврээр толгойг нь хийсэн болохоор хөдөлгөөн нь тэгж таарсан. Харин царыг нь далны ясаар урлан дотор нь ноён хутагт Данзанравжаагийн Үлэмжийн чанарыг түвд тарниар нь хийж өгсөн байгаа. Ишийг нь янгирын эврээр толгойг нь аргал, угалзын эврийг сийлж хийсэн.
-Өмнө нь хуур урлаж байв уу?
-Би уран барималч мэргэжилтэй. Тэгээд мэргэжлийн морин хуур худалдаж аваад түүнийгээ харж байгаад хийсэн. Миний анхны хуур.
-Яагаад заавал ясаар хуур урлах болов?
-Мод бол 500-1000 жилийн настай. Бид модоо хамаагүй үйлдвэрлэлд ашиглах юм бол хөрснйи гүний усгүй болох гээд байгальд хортой зүйлс олон бий. Тиймээс хөдөө аж ахуй эрхэлдэг орны хувьд малын гаралтай зүйлсээр хөгжмийн зэмсгүүдийг хийвэл илүү их ашигтай юм болов уу гэж бодоод хийсэн. Аргал угалзын эвэр бол байгалийн маш өвөрмөц түүхий эд. Өнгө нь гаднаа хөсрий юм шиг харагддаг хэрнээ өнгөлчихөөр яг үнэт чулуу мэт маш гоё өнгөтэй.
-Монголчууд далны ясыг гэрт хонуулдаггүй гэж цээрлэдэг шүү дээ?
-Тэр ч яахав дээ хуучны яриа. Үлгэр домогт ясан хуур гэж гардаг. Өвөг дээдэс маань хийж л байсан шүү дээ.
-Хүзүүнд нь сийлсэн 12 жил ямар бэлэгдлийг агуулсан бол?
-108 төвшин байсан гэдэг чинь 12 жилийг есөн эрдэнээр үржүүлэхээр гардаг юм гэсэн. Тэрийг л бэлэгдээд хийсэн.
-Үнэ өртгийн хувьд өндөр биз?
-80 сая төгрөгөөр үнэлж байгаа. Авах хүн байвал үнээ ярьж тохирно. Манайд урлагийн бүтээлийг тэр бүр үнэлж мэддэггүй. Яг олон улсад гаргаад зарвал үнэ нь улам өснө л дөө. Сая ӨМӨЗО-ны хуурч тоглоод маш сайхан дуутай болсон байна гэсэн. Өнгөрсөн жил би н.Болд гэдэг хуурчаар тоглуулан бичлэг хийж авсан.