МАХН-ын гишүүд дэмжигчид болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор товлогдоод байсан ч шүүгдэгч З.Баянсэлэнгэ хоригдож байгаа гэсэн шалтгаанаар энэ сарын 04-ний өдрийн 11.00 цаг хүртэл хурлын товыг хойшлуулжээ. АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны дараа З.Баянсэлэнгийг жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, 14 хоног цагдан хорихоор болсон билээ. Тэрбээр өдгөө Цагдан хорих 111 дүгээр төвд хоригдож байгаа бөгөөд энэ сарын 04-нд суллагдах юм.
Тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдаж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутгаж байгаа юм. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс-Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, Нийслэлийн прокурорын газрын гадна жагсаал зохион байгуулахдаа прокурорын биед халдсан хэрэгт буруутгагджээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН