Буухиа тэмцээний 18-аас доош насны ангилалд эрэгтэйчүүд 200, 600, 800 метр, эмэгтэйчүүд 200, 400, 600 метрт хурд хүчээ сорьж, уралдаж байгаа бол 18-аас дээш буюу насанд хүрэгчид эрэгтэй 200, 400, 800, 1200 метр, эмэгтэй 200, 400, 600, 800 метрт тус тус уралдав. Улмаар тэмцээний 18-аас доош насны ангиллын аваргаар Мэргэжлийн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн баг тодорсон бол мөнгөн медалийг Дархан-Уул аймгийн тамирчид, харин хүрэл медалийг “Ирээдүй” цогцолборын баг тамирчид хүртсэн байна. Харин насанд хүрэгчдийн ангилалд “Алдар” спорт хороо тэргүүлж, “Хилчин” удаалж, хүрэл медалийн “Рендер” баг хүртсэн байна.
Дашрамд дуулгахад, хөнгөн атлетикчид тавдугаар сарын 11-13-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын бүх ард түмний XIII их наадмын шигшээ тэмцээнд хурд хүчээ сорих бөгөөд спартикиад наадамд Лондонгийн олимпийн эрхийн болзол хангасан Гавьяат тамирчин Б.Сэр-од оролцохоор эх орондоо хүрэлцэн иржээ. Түүний хувьд олимп болох Будант Албьоны Ньюкасл хотноо бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд саяхан олон улсын Брайтон марафонд шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан юм.