Намуудын мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх хугацаа дууслаа

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Намуудын мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх хугацаа дууслаа

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу сонгуульд оролцох нам хүчнүүд энэ сарын 2 гэхэд Улсын Аудитын ерөнхий газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан бүртгүүлэх ёстой.

Үндэсний Аудитын газраас улс төрийн намуудад энэ талаар үүрэг болгосон байна. Өнөөдрийн байдлаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөр нам зэрэг намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байгаа ажээ.

УИХ-ын сонгууль товлогдсон өдрөөс 50 хоногийн өмнө  буюу энэ сарын 08 гэхэд улс төрийн намууд СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ гаргасан байх ёстой. Үүний өмнө  Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө танилцуулан, дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай юм. “Үндэсний Аудитын газар нь намуудын мөрийн хөтөлбөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 34.3,34.4 заалтуудыг зөрчсөн эсэхийг нягтлан дүгнэлт гаргах ёстой” гэж тус газрын Судалгаа, шинжилгээний газрын дарга Л.Давааням хэллээ. Мөрийн хөтөлбөрийг хүлээж авах хугацаа тавдугаар сарын 2 боловч аудиторууд дүгнэлт гаргах хугацаа найман хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд намууд амжаад миөрийн хөтөлбөрөө авчирч өгөх болов уу гэж мэргэжилтэн ярьж байна.

Тус хуулийн 34.3 дэх заалт нь “Энэ хуулийн 34.1-д заасан сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглоно.

34.4.Нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээ тусгагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байна” гэжээ. Товчхондоо сонгуульд бэлэн мөнгө, мөнгөний хүчин зүйлээр сонгогчдын санаа бодолд нөлөөлөх, саналыг худалдан авахыг хуулиар хориглосон бөгөөд мөрийн хөтөлбөрт хуультай зөрчилдөх зүйл байгаа эсэхийг аудиторууд нягтлах юм. Өчигдөр Ардчилсан намын ҮЗХ хуралдаж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн ч олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулахаас татгалзан нууцалсан. Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдан мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байна.

                                Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж