“Эрдэнэс Тавантолгой” хөрөнгө оруулагч банкаа нэмжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” хөрөнгө оруулагч банкаа нэмжээ

Дэлхий дээрх коксжих нүүрсний хамгийн том орд газрын эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд багтаан Лондоны Хөрөнгийн биржид бүртгүүлэх нь талаар болж 2013 оны эхээр олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар болжээ гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус агентлаг энэ талаар цааш ийнхүү  мэдээлсэн байна.

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцааныхаа 29 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа юм. Ажиглагчид үүнээс гурван тэрбум ам.доллар босгох боломжтой гэж үзэж буй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах ажил 2012 онд амжихгүй ч ирэх оны хоёр, гуравдугаар сард бүтэх боломжтой. Бид IPO-г ирэх оны эхний улиралд багтаан босгоход одоо анхаарч байгаа” гэж өчигдөр “Ройтерс” агентлагт мэдэгджээ. Эрдэнэс Тавантолгой компанийг зургадугаар сард болох парламентын сонгуулиас өмнө Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлнэ гэж ярьж байсан авч ийнхүү оны эцэс хүртэл хойшлогджээ. “Эрдэнэс Тавантолгой” нь дэлхийн санхүүгийн хямралаас хойш Лондоны Хөрөнгийн биржид бүртгүүлэх томоохон нөөц ордтой компани болж байгаа аж. Үнэт цаасны аюулгүй байдлын тухай хуулийг парламентаар батлахаас нааш Эрдэнэс Тавантолгой компанийг олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлж чадахгүй. Тавантолгойн хувьцааг Монголын иргэдэд хуваарилах, компанийн үнэт цаасны тогтолцоог шийдэх зэрэг асуудал уг хуулиас болж хүлээгдэж байгаа гэж Б.Энэбиш ярьж байна.

Иргэдийн Тавантолгойн хувьцааг эзэмших, эсвэл улсад буцаан худалдах эрхийг хуулиар баталгаажуулах юм байна. Үүний зэрэгцээ авто, төмөр зам, нүүрс боловсруулах, бэлтгэх үйлдвэр байгуулж, дэд бүтцийг хөгжүүлснээр зах зээлд гаргаж буй нүүрсний ашиг нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. “Дэд бүтцийн төслүүдийг гүйцэтгэх нь манай компанийн ирээдүйн ашигт маш чухал. Тавантолгойн IPO-г ирэх жил хүртэл хойшлуулсны бас нэг шалтгаан нь энэ” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш ярьсан байна. Өмнөговь аймгийн нутаг дахь Тавантолгой нүүрсний орд ган үйлдвэрлэлийн чухал түүхий эд коксжих нүүрсний 7.5 тэрбум тоннын нөөцтэй. Тавантолгойн IPO босгох ажил хойшлогдсоноос “Эрдэнэс Тавантолгой” компанид дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдэд хэдэн зуун сая ам.доллар шаардагдах болжээ. Тавантолгойн IPO хойшлогдох болсны өөр нэг хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулна гэсэн баруун Цанхийг тойрсон тодорхойгүй байдал. Өнгөрсөн оны долдугаар сард Монголын Засгийн газар урьдчилсан байдлаар Хятадын Шинхуа групп, АНУ-ын Пибоди Энержи, ОХУ-ын “Төмөр зам” тэргүүтэй ОХУ-Монголын консорциумыг баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчаар сонгосон. Урьдчилсан шалгаруулалтын дүнд Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур хоцорсон ч Монголын Засгийн газар үүнийг эцсийн шийдвэр биш гэж мэдэгдсэн билээ. Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажилд цаг алдаж буйгаас ордыг монголчууд өөрсдөө эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яригдаж эхэлсэн талаар албаны нэгэн хүн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах хөрөнгө оруулагч банкуудаар Barclays болон Jefferies-ийг нэмж зургаа болгосон талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш мэдэгджээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруулагч банкаар Deutsche, Goldman Sachs, BNP Paribas болон Macquarie ажиллаж байгаа юм. Тавантолгой энэ онд 3-4 сая тонн коксжих нүүрс олборлосон бөгөөд ирэх дөрвөн жил олборлолтыг 20 сая болгохоор төлөвлөж байгаа аж. Хятадын төрийн өмчит “Чалко” компанид коксжих нүүрсээ түүхийгээр экспортолж буй Тавантолгой нүүрс угаах үйлдвэр барьж, Япон, Өмнөд Солонгос руу гаргахаар зорьж байгаа юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж