“Төр эдийн засгийн хөөс үүсгээд байна”

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

“Төр эдийн засгийн хөөс үүсгээд байна”

“Төр эдийн засгийн хөөс үүсгээд байна”
Өнөөдөр хөөсөн эдийн засаг, үнийн хөөрөгдөл бидний өдөр тутмын амьдралаар хамгийн их “оролдож” байна. Зах зээлийн эдийн засагтай орон гэгдэх болсоор даруй хорь гаруй жил болж байгаа ч гол хөшүүргүүдийнх нь нэг салаа мөчир болох “зах зээлийн бодит үнэ” чухам хаана алдагдаад байна вэ? Энэ мэт хөөсөн эдийн засгийг тойрсон зарим сэдвээр нийгмийн шилжилтийн эхэн үед бизнесээ эхлүүлж хорь гаруй жил үйлдвэрлэл амжилттай эрхэлсэн өнөөгийн бизнесмэнүүдийн нэг, “Old Chezh” компанийн захирал Аюушийн Гантулгатай ярилцлаа.


-Та бизнест анх хэрхэн хөл тавьж байв. Бизнесийн орчин болон өнөөдөр ямар ч тооцоо судалгаагүй өсч байгаа үнийн талаар та юу хэлэх вэ?

-Би 1986 онд аравдугаар ангиа төгсөөд дээд боловсрол эзэмшихээр БНЧУ-ыг зорьж байлаа.  Тэр үед социалист систем задран унаж, зах зээлийн эдийн засагт шилжих шил­жилтийн үе эхэлсэн. 1991 онд оюутны амралтаараа Монголдоо ирж очин явж байхад Монголд  маань ардчилал бий болохын хамт, хүмүүсийн амьдрал нэлээн хүнд байсан. Дэлгүүрийн лангуу хоосон, Хойд Солонгосын шувууны зурагтай тамхи, дэвснаас өөр бараагүй, улс орон даяар картын бараанд шилжчихсэн, мөнгөний ханш уначихсан, хүн болгон ганзагын наймаа хийж, гахай зөөдөг нь зөөгөөд амьдрал нэг тиймхэн харагдаж байсан. Талх хүртэл картанд орчихсон тэр дүр зургийг хараад ер нь Монголдоо гоё талх хийж яагаад болохгүй гэж гэсэн бодол төрсөн юм.  Чехэд оюутан болж очоод чех талх, иогуртыг нь анх идэж үзэхдээ манай орон мал аж ахуйгаар баян хэрнээ ийм сайхан сүүгээрээ гоё амттай иогурт яагаад хийж болдоггүй юм гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Би багаасаа гэртээ өөрөө талх барьдаг хүүхэд байлаа л даа. Ингээд 1996 онд Чехийн Экспортын банкнаас зээл аваад Монголдоо үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэн талх үйлд­вэрлэж эхэлсэн. Тухайн үед манайд европ стандарт, Чехийн талх гэдэг цоо шинэ зүйл, яг тэр жор, стандартынх нь дагуу  гоё амттай талх хийж эхэллээ. Тухайн үед талхны үнэ 80-100 орчим төгрөг байсан. Гэтэл бидний үйлд­вэрлэсэн талхны өртөг 100-200 төгрөг болчихоод байдаг. Улс орны эдийн засаг, хүмүүсийн амьдрал хүнд тэр үед 200 төгрөгөөр талх зарахад үнэн­дээ хүндрэлтэй байсан. Гэвч би үйлд­вэ­рийнхээ нээлтийг хийж, жин­хэнэ чех тех­нологи нэвтрүүлээд, анхны хоёр хайр­цаг талхаа зарахдаа ямар их баяр­лаж байснаа санаж байна. Бараг л нү­дэн­дээ нулимстай зогсч байснаа март­­даг­гүй. Одоо бол зах зээл өгсч хөгж­лөө, улс орон өөр болж эхэлж байна. Энэ нөхцөлд харахад, зөвхөн талх гэхэд бас л тэнгэрт хадчихсан үнэтэй  байна. Талхны үнэ 1000-1400 орчимд байна. Би өөрөө олон жил үйлдвэр эрхэлж яваагийн хувьд хэлэ­хэд, талхыг өнөөдөр 600-700 төгрөгөөр худалдаанд гаргах боломж бүрэн бий.

-Талх яг ямар өртгөөр бүтдэг юм бэ. Тариан талбайгаас нь эхлээд энэ зах зээлийг та хэрхэн харж байна?

-Үйлдвэрлэлээ явуулаад талхаа гар­гахад 500 төгрөгийн өртөгтэй. Дээр нь  ашгаа 20-30 төгрөг байхаар тооцож дэл­­гүүрүүдээр тараадаг. Өнөөдөр Мон­­гол Улс бүхэлдээ ченжийн амьд­рал­­тай болчихож. Алтны ченж, нүүрс­ний ченж, жоншны ченж, валю­тын ченж, мөн махны ченж, төмс но­гоо­ны ченж, гурилын ченж, талхны ченж, тэр ч бүү хэл улстөрийн ченж  хүр­тэл бий бол­чих­сон байна. Ченжгүй амьд­рал гэж алга. Би үйлдвэрлэчихэж бай­на. Ард түмэндээ боломжийн хямдхан талх хүргэчихье гэж бодоод 600-700 төг­­рөгөөр худалдаарай гэдэг. Гэтэл дэл­­гүүрийн эзэд хэдээр зарах нь бид­ний хэрэг, та нарт хамаагүй, бидний до­тоод ажилд битгий оролц гэсэн байд­лаар ханд­даг. Ингээд л ард түмнээ бо­лом­жийн үнээр талхаа аваад идэг гэ­­сэн үйлдвэрлэгчид бидний хүсэл сэт­гэл талаар болдог. Өнөөдөр үйлд­вэр­­лэгчид энд тэндэ­хийн супер­мар­ке­тууд, дэл­гүү­рүүдийг ца­рай алдаад бү­тээг­­дэ­хүү­нээ тавьдаг. Тэд бидний са­нал бол­го­сон үнэ дээр 50-60 хувь нэ­мээд зардаг. Түрээс энэ тэр гээд асуу­дал байдаг л байх. Талхыг хийхэд өн­дөр технологи шаар­дагд­даг ч гэсэн амт чанартай хийгээд ард түмэндээ хямд­хан өгөөд явах бололцоо бий.

-Нөхцөл байдал яг ямар байгаа юм бэ?

-Энийг би нуугаад яахав дээ, Хятад, Оросоос гурил орж ирж байна. Тус­лам­жийн улаан буудай ч ирж байна, Тэр бол­­гон стандартад нь тохироод явдаг ч байх, тохирдоггүй нь ч бий байх. Манай үйлд­вэрийн хувьд, "Алтан тариа", "Улаан­баатар" гурилаар талхаа хий­гээд, үндэсний үйлд­вэ­рүү­дээ дэмжээд явья гэхээр чанар, стандартыг хан­га­даг­гүй. Гурил ямар байгаагаас талх­ны ча­нар амт  шалт­гаал­даг. Амттай сайн талх хийхийн тулд бид амттай, сайн түү­хий эдээр хий­хийг л бодно шүү дээ. Тий­мээс манайх талхаа импортын, "Алекс"-ын гурилаар хийдэг юм. Мон­голд үйлдвэр хөгжүүлэхийн тулд төр бод­­логоор нэлээн дэмжих ёстой гэж би үз­­дэг. Жишээ нь, төр өнөөдөр жижиг, дунд үйлдвэрийг тодорхой хугацаанд тат­ва­раас чөлөөлөх, өөрөөр хэлбэл, татва­рын шатлалтай бодлого явуулах зайлш­­гүй шаардлага байхад асуудлыг ший­­дэхгүй байна. Ерэн хэдэн онд улс төс­­вөө бүрдүүлж чадахгүй, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас мөнгө аваад дутуугаа нөхөж дундуураа дүүр­гээд  бусдаас хараат, амьдрал хэцүү бай­саан. Харин одоо бид өвөг дээд­сээс үл­дээсэн баялгаараа мөнгөтэй болж, амьд­рал арай өөр болж эхэлж байна. Хү­мүүсийн амьжиргаа дээшлэх ханд­ла­гатай байна. Энэ нөхцөлд элдэв төр­лийн лиценз, татвар, мэргэжлийн хя­нал­тын бичиг гэх мэт энэ олон бичиг сач­гаа болиод, юм хийж байгаа хү­мүү­сээ бодлогоор дэмжээсэй гэж бодох юм.

Татварын, үйлдвэрлэлийн бодлого нь буруу байгаагаас хүн болгон тат­ва­раас зугатаах, сүүдрийн эдийн засаг цэ­цэглэх хөрс бий болж, авлига улам га­зар аваад байна. Хэрвээ үүнийг төр зөв бодлого явууж засч залруулж чад­вал нийгэмдээ, улс орондоо, үр хүүх­дэ­дээ өгч байгаа татвараас хэн ч гэсэн зу­гатаагаад байхгүй шүү дээ. Эдийн зас­гийн хүнд хэцүү нөхцөлд татвар тө­лөгчдөө шахаж байгаад төсвөө бүр­дүү­лэх гэж зовж байсан олон жилийн өм­нөх үеийг бол тэгтлээ буруутгах арга­гүй. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал огт өөр болсон учраас төр бодлогоо зөв явуулж үйлдвэрлэлээ дэмжье гэж үнэ­хээр хүсэх юм бол шийдэж ядаад байх асуу­дал биш л дээ. Манай компани зун­даа 500-гаад, өвөлдөө 200 орчим  ажил­чинтай байдаг компани л даа. Тэр хүмүүсийг ажлын байраар хангаад амьдралыг нь хариуцаад явж байгаа­гийн хувьд надад иймэрхүү л юм бо­дог­дож байдаг.

-Өнөөдөр гол нь үнэ гэдэг асуудал гарч ирж байна л даа. Талхнаас эхлээд орон сууц хүртэл. Ер нь үнийг хэн тогтоодог юм бэ. Зохиомол хөөрөгдлийг хязгаарлаж, өрсөлдөх чадвартай үнийг тогтооход эдийн засгийн өрийнх нь ямар арга хэрэглүүрийг ашиглавал зохистой гэж та үзэх бол?

-Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлыг харахад дэндүү их хөөс­рөл­тэй харагдаад байна л даа. Төр бизнест хэ­тэр­хий их оролцоод байгаа учраас  эдийн засагт хөөс үүсч байна. Жишээ нь, мах монголчуудын өдөр тутмын, амин чухал хэрэгцээ. Гэтэл мах бэлт­гэ­лийг төр тендэр зарлаад төрийн биз­нес болгочихсон. Мах бэлтгэдэг хэд­хэн компани байдаг. Нэг ёсондоо эрх мэ­дэлтнүүдийн бизнес болчихсон. Аливаа бизнес зах зээлийнхээ жамаар явах ёстой байтал өнөөдөр манайд төр нь хутгалдаж дундуур нь ороод, зо­хиом­лоор хомсдол үүсгээд байна. Мон­голын маань мал өсөөд байдаг, эс­рэ­гээр нь мах улам үнэд ороод байдаг, ийм л хачин эсрэг хамаарал үүсчихэж.

-Та өөрөө үйлдвэрлэгч. Үнэ шударга бус тогтлоо гэлээ. Энэ монополийг яаж зад­лах ёстой вэ?

-Шударга өрсөлдөөн, хэрэг­лэгчийн тө­лөө газар гэж бий. Бас манайд мундаг мун­даг эдийн засагчид байна. Тэд тооцоо судалгаагаа хийгээд, үйлд­вэр­лэг­­чидтэйгээ уулзаад, хэрэглэгчдээ ч, үйлдвэрлэлээ ч харсан шударга өрсөлдөөн бий болгох замаар зохи­цуу­лалт хийе гэвэл болох л асуудал шүү дээ. Эдийн засгийн чөлөөт сэтгэлгээг өөрийнхөө хөрсөн дээр буулгах ёстой юм болов уу. Монгол сэтгэлгэхүйгээр, өнөөгийн нөхцөл байдалтайгаа уял­дуу­лах л ёстой юм уу даа. Өнөөдөр Монгол Ул­сын иргэн бүр хангалуун амьдралд хү­рээгүй байгаа.  Яг үнэн бодит амьдрал ярихад, өнөөдөр гэр хороол­лын зарим айл талхаа таллаж авч бай­на гээд бод доо. Есийн тосоо граммаар авч байна. Зарим айл цагаан сарын ул боовоо зургадугаар сар хүртэл хад­галж, цайнд дэвтээж идэж байна. Ца­гаан сараас зургадугаар сар хүртэл талх­ны борлуулалт бараг зогсдог гэж хэлж болно. Тэгэхээр бид зах зээлийн жа­маараа зохицуулна гээд үнийг хэт чөлөөтэй хаячихвал өрөөсгөл бол­чи­хоод байгаа юм л даа. Ард түмний амьд­рал бүхэлдээ сайжраад ирсэн тэр цагт үнийг зах зээл нь зохицуулаад яв­чих­даг байхгүй юу. Би эдийн засагч хүн биш, үйлдвэрлэгч. Төрийн албанд ажиллаж үзээгүй, өөрийнхөө л хүчээр бизнес хийж ирсэн. Одоо хэд хэдэн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байна.

-Орон сууцны үнэ тойрсон маргаан мөн л тасархай байна. Засгийн газар үүнд оролцоод саяхан үнэ тогтоосон. Таны үзэж байгаагаар тэр үнэ орон сууцны бодит үнэд хэр ойр санагдаж байна?

– Өнөөдөр барилгын үнийг бас улс тог­тоох гээд үзээд байна л даа. Ам.мет­рийг нь 900-1200 төгрөг хүртэл гэлүү дээ. Барилгын үнэ өсөөд байгаа нь бас л ченжтэй холбоотой. Орон сууц­ны бо­дит үнийн тухай ярихад, нэг кв.метр нь дунд­жаар 450 мянган төгрөгөөр босч бай­гаа. Би бол дээд тал нь 800 мянгаар заръя гэж бодож байгаа. Ард түмний тү­рийвчний бололцоонд нь хан­даж байна шүү дээ. Тэр том том хау­сууд, 300, 400 метр квадрат талбайтай байшингуудад нь баячууд нь ороод дуусчихсан. Одоо Монголд дахиж тийм орон сууц хэрэг­гүй. Тиймээс ард түмний амьдралын бо­ломжид таарсан бодлогоор хандах хэ­рэгт­эй юм. Компаниуд хэтэрхий их ашгаа бодоод байх юм. Жаахан хүнлэг байгаад,  асуудалд бодитоор хандаад, боломжийн үнээр юм хийгээд өгөөчээ гэж хэлмээр байна.

Н.ПАГМА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж