Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн олборлолтын явцад хийдэг тэсэлгээ нь Эрдэнэт хотын байшин барилгад хэрхэн нөлөөлж байгааг тогтоож, үнэлгээ хийх ёстой гэж УМХГ-ын дарга Р.Содхүүгийн ярьсныг “time.mn” сайтад нийтэлжээ. Тэрээр хэлэхдээ “Энэ асуудлыг Эрдэнэт хотыг байгуулах үеэс л хийх ёстой байсан юм. Тухайн үед үүнийг анхаараагүйгээс одоо энэ нь зөрчил болж харагдаж байна. Гэхдээ ингэлээ гээд бид энэ асуудлыг орхиж болохгүй. Бид Эрдэнэт хотод таван давхраас дээш барилга барихыг хориглоод байна. Мөн шинээр баригдаж байгаа барилгад тэсэлгээ даах чадварыг нь шалгадаг болох шинэ шаардлага гарч ирж байна. Өмнө нь баригдсан байшин, барилгууд хуучраад тэсэлгээ даах чадвар нь муудсан байж болно. Үүнийг ч гэсэн тогтоож, цаашид ашиглах, засварлах боломжтой эсэхийг нь судлах хэрэгтэй. Хэрэв тэсэлгээний нөлөөллийг даах чадваргүй бол нураах ёстой” хэмээжээ.
Э.САРАА