Морин хуурчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Морин хуурчид чуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өчигдөр Улаанбаатар хотноо “Морин хуурын олон улсын III наадам симпозиум-2012” нээлтээ хийлээ. Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан, “Пегасус” төв хамтран зохион байгуулж байгаа энэ наадам энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 2-ны өдрүүдэд болох юм.

Тус наадамд Монголын морин хуурчдаас гадна Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Францын 200 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаачид оролцохоор саналаа ирүүлжээ. Тус олон улсын III наадамд хуур урлаачдын үзэсгэлэн гарч, гадаадын морин хуурчдын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ болж байгаа билээ. Өчигдөр Улсын филармони байранд гадаадын морин хуурчдын тоглолт болж өнгөрсөн юм. 

Энэ үеэр АНУ-аас ирсэн морин хуурч Milo Silva, Монголын морин хуурч Баярттай хамтран тайзнаа “Сумья ноён”, “Саруул тал” уртын дууг чадварлаг тоглосон юм. Ингээд Milo-той уулзлаа.

-Морин хуурын наадамд хэд дэх удаагаа оролцож байна?

-Анх энэ наадамд 2008 онд татлага тоглон оролцож байсан. Тухайн үед Тува улсаас ирж Баруун Монголын татлага тоглож байсан. Дараа нь 2010 он, энэ жил гээд гурав дахь удаагаа оролцож байна.

-Анх хэдэн настайдаа морин хуураар тоглож эхэлсэн бэ?

-12 настайдаа өөрийн хийсэн шанаган икил хуураар тоглож байсан. Өөрөө сонсголоороо тоглодог байсан учраас тийм ч сайн болоогүй ээ. Дараа нь мэргэжлийн хүмүүст хандан улам бүр л морин хуурыг сонирхон татагдах болсон.

-Өөрийг тань баруун Монголын нэрт морин хуурч М.Довчин гуайгаас татлага сурч байсан гэж сонссон юм байна?

-Тухайн үед яг нарийн учраа олоогүй түүхий байсан даа. Довчин багш бол маш мундаг бурхны авьяастай хүн байсан. Түүнийг нас барсанд маш их харамсч байгаа.

-Морин хуурын уралдаанд анх оролцосноос хойш морин хуурыг мэргэжлийн хэмжээнд суралцья гэж бодсон уу?

-Тийм. Одоо СУИС-ийн бэлтгэл курсын оюутан. Би уртын дуу тоглож, уртын дууг л сайн мэдмээр байна. Одоогоор би долоо, найман уртын дуу мэднэ. Гэхдээ бүгдийг мэдмээр байна. 300 гаруй уртын дууг сурч, концертмейстр болмоор байна. Энэ миний хүсэл мөрөөдөл. Гэхдээ СУИС-ийн сургалтад сонгодог хөгжим ордог. Энэ нь ядаргаатай. Би ардын хөгжим, уртын дуу, богино дуу, маневр сурмаар байна. Яг одоо маневр мэддэг, тоглодог хүмүүс тийм ч олон биш. Сонгодог хөгжмийн мундаг хүмүүс бий. Би тэднийг хэзээ ч гүйцэхгүй. Хэрвээ би сонгодог хөгжим сурмаар байсан бол Францад юм уу, АНУ-д сурах байсан. Гэвч надад тийм хүсэл байдаггүй.

-Сая морин хуурын наадмын тайзнаа уртын дуу, ардын богино дуу тоглосон шүү дээ. Эдгээр аялгууг хэнээр заалгаж тоглов?

-“Саруул тал” уртын дууг анх Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайн бичлэгийг сонсоод сурсан. Би яг дуучин шиг нь л тогломоор байсан. Тиймээс нотыг нь өөрчилж хоёр хоолой болгон хөрвүүлж, морин хуурч Л.Баярттай хамтран тоглосон. /Түүнтэй хамтран тоглосон морин хуурч Л.Баярт түүнийг яг л монгол хүн шиг задгай, юунд ч баригдахгүй сэтгэлээсээ тоглохыг хүсдэг гээд “Саруул тал” дууг Milo нэгдүгээр хуураар яг дуучин шиг тоглохыг хичээсэн нь түүний хичээл зүтгэлийн үр дүн юм хэмээн ярилаа/

-Одоо морин хуурыг хэн гэдэг багшаар заалгаж байна?

-Буянхишигийн Тогтохжаргал. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын өөлд ястан. Сайн багш, сайн морин хуурч. Би түүнийг дөрвөн жилийн өмнөөс танина. Түүнтэй сайн найзууд байсан ч одоо бол миний мэргэжлийн багш учраас хүндэлж харилцдаг.

-Монголын морин хуурчдаас хэнийг хүндэлж, үлгэр дууриал авдаг вэ?

-Миний шүтдэг хүн бол Гавьяат жүжигчин, морин хуурч Чүлтэмийн Батсайхан. Тэр хүн биш бурхан. Анх удаа түүнийг “Жаахан шарга”-ыг тоглож байхад сонсоод дарьганга аялгуу маш их таалагдсан. Тиймээс дарьганга аялгууг тоглож сурахыг хүсэх болсон.

-Монгол хэлийг хаана ингэж сайн сураа вэ?

-Би маш муу ярьдаг шүү дээ. Сайн мэдэхгүй. Сураад дөнгөж дөрвөн жил болж байна. Өмнө нь халимаг хэл сурч байсан.

-Ирээд  удаж байна уу?

-Удаагүй ээ, анх 2008, 2010 онд ирэхдээ зургаан сар сураад л буцдаг байсан. Харин өнгөрсөн оны есдүгээр сард ирсэн. Одоо таван жил сураад буцна.

-Хэдэн морин хууртай вэ?

-Би дөрвөн морин хууртай. Гэхдээ одоо энэ тоглож байгаа морин хуур тийм ч үнэтэй биш боловч миний 16 насны төрсөн өдрөөр манай аав бэлэглэж байсан. Хамгийн хайртай хуур маань энэ.

Өнөөдөр уг наадмын хүрээнд Улсын филармонийн концертын танхимд Монголын морин хуур сонирхогчдын  тоглолтууд болох бөгөөд үдэш  21.00 цагт “Хууртай үдэш” тоглолт “Брайхаус” зоогийн газарт болно.

Тавдугаар сарын 2 буюу маргааш 09.00–14.00 цагийн хооронд Морин хуурчдын симпозиум “Петровис” компанийн хурлын танхимд болно. Харин 16.00-18.00 цагийн хооронд наадмын хаалтын ажиллагаа Соёлын төв өргөөнд болж,  “Морин хуурын олон улсын III наадам симпозиум-2012” өндөрлөнө.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж