Олуулшлын тухай цуврал үгүүллүүд

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Олуулшлын тухай цуврал үгүүллүүд

Мөн хятадууд харъяаллаасаа гарах гэж ЭСЯ-ныхаа гадна очерлож байна

1. Алшаа нутгийн малчин Ц.Элбэгдоржийн уриалгыг дагаад, мал хуйгаа зараад иржээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Олуулаа болцгоох” уриалгыг (ОБУ) монголчууд талархан хүлээж авсан билээ. Монгол улсад гадаад дахь монголчууд, ялангуяа уугуул монголчууд чөлөөтэй ажиллаж амьдрах боломжтой, эрхтэй болж, нэгдэж нягтран хүчирхэгжинэ гэдэг нь үндэстний маань хүсэл мөрөөдөл байж ирсэн буюу.

ОБУ-ыг дэмжин, Монгол улсын иргэн болох хүслээ илэрхийлсэн хүмүүс түрүүчээсээ орж ирж эхэлж байна. Алшаа нутгаас нэгэн малчин хүн ОБУ-ыг сонсоод итгэл найдвар өвөрлөн ирсэн аж. Өөр нутгаас 10 гаруй айл нааш зорих бололтой байна. Олуулаа болцгоох асуудал үнэхээр цар хүрээгээ тэлж, амьдралд ойртож, бодтой болж, идэвхжиж, хурцдаж байна. Цаг алдалгүй тодорхой шийдвэр, гарцыг олохгүй бол болохгүй болжээ.

Дээрх санаачилга нь Монголын төрд монгол үндэстэн гэх ойлголт буй болохын үүд хаалгыг нээж өгч байна гэж ойлгож байна. Ер нь Монголын ард түмний, монгол үндэстний, монголчуудын улсыг байгуулаагүй юм билээ л дээ. Тийм учраас л, монгол гэсэн ойлголтгүй учраас л монгол үндэстний хувьд гагцхүү харгис бодлого явуулагч л болоод байгаа билээ.

Өмнөд монголчууд тэр харгис бодлогод нэлээд өртөж ирсэн. 1990 оноос хойш 1000 гаруй өмнөд монгол хүн Монгол улсад амьдрахыг хүсэн орж ирсэн агаад, 900 гаруйг нь буцааж тушаасан, III улс руу дүрвүүлсэн байдаг. Өвөр монголчууд хамгийн адгийн, муу муухай хүмүүс, жинхэнэ хятад дээр гэх суртал ухуулга байнга хийгдэж, холбогдох бусад үйл ажиллагаа ч явагдаж байсан. БНХАУ-ын хууль бус цагаачдыг буцаалаа гээд л өмнөд монголчуудыг голдуу гаргаад байдаг асан (Монголын иргэнтэй гэрлэсэн, Монголын иргэн болсон нь л үндсэндээ үлдсэн). Мөн өмнөд монголчуудыг харгислах төвшин нэмэгдсэн. Жишээ нь, НҮБ-ын хамгаалалд байсан Батзангиаг, Хятадын цагдаа нарыг урьж ирүүлэн байж, нийлж баривчлан гаргасан (авлигачид худалдсан ч гэж болно). Монголын тэмцэгч Т.Сүхболдыг хятад захирал Жан дайрч алсан атал, мэдсээр байж шууд л, өвөр монгол Соёлт алсан гэж зарлаж байх жишээтэй.

Энэ мэт хүнд бэрх байдлаас болж, өмнөд монголчууд ОБУ-ыг бусдаас илүүтэйгээр талархан хүлээн авсан байж болох юм. Ер нь Ц.Элбэгдоржийг 2009 оны сонгуульд ч өмнөд монголчууд нэлээд дэмжсэн байр суурьтай байсан нь ямар нэг зөн совин гэлтэй. ОБУ-ыг идэвх санаачилгатайгаар хүлээж авч, Монгол улсад ирэх гол хүмүүс ч өмнөд монголчууд юм.

Ц.Элбэгдоржийн санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд өргөн цар хүрээтэй бэлтгэл ажил шаардагдана. Жишээ нь, 50 орчим хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай гэнэм. Нийт монголчуудын хувь заяаг хөндсөн асуудал болохоор, нийт монголчуудын хичээл зүтгэлээр их үйлс хэрэгжих ёстой нь ойлгомжтой. Эсбөгөөс далд хуйвалдаан, хууль бус үйлдлийн шинжийг олов хэмээгдэн, хардагдаж сэрдэгдэж болно.

Миний хувьд, төрийн өндөрлөгүүдэд өргөн барихаар бэлтгэж буй, Монгол үндэстний нөхцөл байдлыг сайжруулах “Хөх дэвтэр” багц санаачилгадаа: гадаад дахь уугуул монголчуудыг (ГУМ) ирүүлэх асуудлаар “Уугуулшууллын зарим асуудлууд” гэсэн тусгай үгүүллийг бичиж оруулахаар зэхэж байсан бөгөөд, ОБУ гарсантай холбоотойгоор, түүнийгээ олонд хүргэх нэгэн учрал тохиол бүрдэв. Олуулшлын санаачилга нь Уугуулшууллын тухай хуулийн төслийн маань, тусгай тусламжгүйгээр уугуулшуулах зүйлтэй үзэл санааны хувьд нийцэж байгаа билээ.

2. “С.Зоригийн хэргийг хүлээх өвөр монгол хүн ол!” хэмээн харгислуулж байжээ

Бусад улсад өөрийн голлох үндэстний хилийн чанад дахь ахан дүүсийг онцгойлон анхаарч, ирэх хүсэлтнүүдэд нь бүх нөхцөл бололцоог хангаж өгсөн байдаг. Бүгдээр нөхцөл байдалдаа зохицсон тусгай рэпатриацийн (уугуулшуулал) бодлоготой. Их хүн амтай БНХАУ хүртэл амжилт ололт гаргасан хүнийг даллах, хязгаарлагдмал уугуулшууллын бодлоготой. Гэтэл Монгол улсад уугуулшууллын бодлогын үнэр ч байдаггүй нь хачирхалтай юм. Энэ нь бас л Монголын төрд монгол үндэстэн гэсэн ойлголт байсангүйгээр тайлбарлагдана. Одоо л төрийн төвшинд монгол хүн гэж юу болохыг тодорхойлох ажил яригдаж эхлэх нь шиг байна, урьд өмнө огт яригдаж байгаагүй юм! Манай төрийн хувьд шинэ тив нээх шиг дуулиантай явдал болох гэж байна.

Уугуулшуулал гэдэг бол юуны өмнө аюул эрсдэлд орсон үндэс нэгтнүүдээ аврах хүмүүнлигийн бодлого юм. Эсрэгээр нь, эх нутагтаа болоод бүтээд байгаа хүнийг төөрөгдүүлж ажил амьдралыг нь үймүүлж бусниулах, байгалийн баялагт шунасан харийн этгээдүүдэд малчдын бэлчээр нутгийг чөлөөлж өгөх, хууль бус цагаачлалын хаалт халхавч болгох ажил мэт буруугаар “ойлгох”, хэрэгжүүлэх, үндэстэндээ харин гай түйтгэр учруулах явдал байж болохгүй билээ. Зарим хүмүүсийн яриа байдал элдэв таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа.

“Өвөр монголоос хятад дээр” гэх бодлого, ухуулга 20 гаруй жил явагдсан нь гадаадын иргэдэд оршин суух эрх олгох ажилд тусгалаа олжээ. Гадаадын иргэн, их төлөв хятад хүмүүс Монголд яаж ч дураараа дургиж болдог, өмнөд монгол хүн Монгол улсад оршин суух ямар ч эрх эдэлж болдоггүй байдал ноёлж байна.

Тэд амьдрахад хүнд боллоо, үндэстнийхээ улсад амьдаръя, хавчигдаж гадуурхагдлаа, эрх зөрчигдлөө, улс төрийн хувьд таарч тохирохгүй боллоо гээд Монгол улсад оршин суух боломжгүй. Хуулинд бол, Монголд таван жил суусан, Монголын талаар ойлголттой болсон хэн ч Монгол улсын иргэн болж болно гэж байгаа юм. Арай бүр дэндүү, чөлөөтэй гэмээр. Гэтэл энэ “чөлөөт байдал” өөр яс үндэстэй харийнхны хувьд л хэрэгжиж, өвөр монголчуудын хувьд хамгийн чөлөөгүй байдал болж хувирдаг. Яавал Монгол улсын иргэн болох талаар хуулинд тодорхой заагдаагүй учир, яасан ч Монголын иргэн болж болохгүй мэтээр тэдний хувьд тайлбарладаг.

Уг нь бусад улс бол өөрийн гол үндэстний хүнийг наашаа л хандвал нааш ир гээд л уухайн тас татаж авдаг, шалтаг шалтгаан тоочуулах гэдэггүй. Тийм атал, өмнөд монгол хүн Монгол улсад ажиллах хүч, цагаач, улс төрийн орогногч, дүрвэгч болж болохгүй, хятад хүн (Монголын олон үндэстний нэг гэгдэн хүлээж авагдах болсон шүү) бол хаан ч, бурхан ч болж болно. Тэд л квотын тоог гүйцээж орхидог!
Яахын аргагүй л, монгол, хятад хэл сайтай, БНХАУ-ын байдлыг мэддэг хүн Монгол дахь Хятадын компаниудад хэрэгтэй болох юм даа. Голдуу тэдгээрийн орчуулагч ажилтан болох замаар л өмнөд монголчууд орж ирж байгаа, үндсэндээ тэдгээрт л ажилласаар байдаг (Монгол улсад өмнөд монголчуудын ажил амьжиргааны хувьд аврал нь монголчууд биш, хятадууд мэт нөхцөл байдал үүсчихээд байна!)

Монгол улсын иргэнтэй гэрлэсэн, Монголд төрсөн бол өмнөд монгол хүн ногоон карт (оршин суух үнэмлэх, визээ сунгуулсаар тасралтгүй таван жил суух шатыг дамжиж байж авна) авч, жилийн визээс удаан хугацаагаар оршин сууж болох аж. Мөн НҮБ-ын ивгээл дор сууж болно. Гэхдээ оршин суух эрх олох нь маш хэцүү (иргэн болохтой бараг адил бэрх), алдах нь нэн хялбар.

Монгол улсын иргэн – гэр бүлийн хүнээсээ салсан бол; ямар нэг “болохгүй бүтэхгүй” үг дуугарсан, жагсаал цуглаанд оролцсон бол (хууль бус улс төрийн үйл ажиллагаа явуулав гэгдэн); авлига өгөөгүй; БНХАУ-ын паспортын хугацаа дуусвал… гээд л хөөгдөх олон шалтаг гарч ирнэ. Бизнэсийн маргаан гарахад давж заалдаад ялсан хүнийг, том улс төрчид луйвардуулаад эсэргүүцсэн хүнийг, хилс хэрэг хүлээхгүй гэсэн хүнийг (С.Зоригийн алуурчныг илрүүлнэ гэх их хэлмэгдүүлэлтийн үеэр “С.Зоригийн хэргийг хүлээх өвөр монгол хүн ол!” гэж байсан ч гэдэг), эрх баригчдын таашаадаггүй сонинд ажилд (бичиж нийтлүүлдэг бус) орсон хүнийг ч “хууль бус улс төрийн үйл ажиллагаа явуулсан” гээд хөөж гаргаж байсан билээ. Оршин суух статустай өмнөд монгол хүний эрхийг хамгаалах асуудал ч урган гарч байгаа юм. Саяхан үндэслэлгүйгээр өмнөд монгол хүмүүсийн оршин суух эрхийг бууруулсан, бичиг баримтыг хурааж авсан явдлууд гарлаа. Өмнөд монголчуудын байгууллага байгуулах гэсэн хүнд, “Дундад улсын залуусын байгууллага гэж байгуул, монгол гэх үг хэрэглэж болохгүй” гэсэн ч гэх шиг…

Үл гүйцэлдэх олон шаардлагыг өмнөд монголчуудад тавьдаг агаад, тэд нь бүрэн биелэх ямар ч боломжгүйн эрхэнд оргодол босуул мэт болох нь буй. Үүнийг далимдуулан, ялтан солилцох гэрээний дагуу БНХАУ-д тушааж, шоронд хатаалгах магадлал (тэнд ямар ч байсан улс төрийн хэрэгтэн болно) өндөр байна.
Монгол улсад оршин суухаар ирж буй монголчууддаа гадаадын өөр үндэстнийхнээс ялгавартай, хөнгөлөлттэй хандах нь нэн чухал ач холбогдолтой байна шүү!

3. Монголын иргэн болох нь 3-10 мянган долларын ханштай гэнэ…

Монгол улсын иргэн болох нь оршин суух эрх олохоос мэдээж хэрэг, үлэмж хэцүү. Маш олон төрлийн болзлыг багтаасан үл гүйцэлдэх багц шаардлагыг биелүүлж, баримт бичгээр баталгаажуулсан байх шаардлагатай:

-Монгол улсын орон нутаг, цагдаа, шүүх, эмнэлэг, нийгмийн даатгал, татвар, банк, зээл барагдуулах, үл хөдлөх хөрөнгө, гадаад харилцааны зэрэг байгууллагын, мөн ажилладаг байгууллагын өө сэвгүй гэсэн тодорхойлолтууд,

-БНХАУ-ын гадаад харилцааны байгууллагын тодорхойлолт, БНХАУ-ын харъяаллаас гарсныг нотлох баримт (ногоон карт авахад БНХАУ-ын олон тооны баримт, тодорхойлолт шаардагддаг).

Яагаад энэ бүхэн нь үл гүйцэлдэх байна вэ гэвэл:

БНХАУ хятад иргэдээ гаргах, хятад бус иргэдээ гаргахгүй байх сонирхолтой байх жишээтэй. Тэгээд ч Монгол улсад үндэсний эрх, ардчиллын төлөө тэмцэгчид л юун түрүүн ирэх магадлалтай байдаг. Тэдэнд юу боллоо гэж БНХАУ боломж олгох вэ. Тэгэхлээр, “Монголд амьдарч болно гэж БНХАУ зөвшөөрсөн нөхцөлд л өмнөд монголчуудын хүлээж авна” (Тэгээд ч, өөр улсын иргэн болбол БНХАУ-ын харъяаллаас автоматаар шууд хасагддаг тул “зөвшөөрөл авч байж хасуулна” гэх ямар ч шаардлагагүй аж. Манай хуулинд ч ийм шаардлага байхгүйг заасан л байдаг, хэрэгждэггүй л болохоос) гэх боолын сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. “Казахуудыгаа авна” гэснээ ахиулаад, “уугуул үндэстнүүдийнхнээ авна” гэж даамжруулж байгаа Казахстан шиг сэтгэх хэрэгтэй. Харь улсын ая таалалд нийцүүлнэ гэж хандвал, 5-р цуваа л орж ирнэ.

Монгол улсын цалингийн доод хэмжээнээс арав дахин өндөр цалинтай ажлын 5-10 жилийн хугацаанд хийснээ, үүнтэй холбогдох татвар, шимтгэлийг төлснөө нотлох баримт тодорхойлолт авчир гэх шаардлага бас л үл гүйцэлдэх юм. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд, амьжиргааны эх үүсвэрийг хаанаас хэрхэн тодорхойлох нь огт ойлгомжгүй байдаг аж. Ер нь тодорхойлолтууд маш нарийн, дэндүү олон зүйлийг хамрах ёстой байдаг нь нэн түвэгтэй. “Иргэний үүргээ хэрхэн биелүүлж” ирснийг ч харгалзана гэсэн байв!?

Иймэрхүү байдлаас болж өмнөд монгол хүн өөрийн буруугүйгээр хууль дүрэм зөрчигч мэт болдог. Тэднийг өршөөл, цагаатгалд хамруулах нь зүй ёсны хэрэг!

20-30 төрлийн дээрх бичиг баримтуудыг төдий чинээ байгууллагуудаар гаргуулахад маш их чирэгдэл, хугацаа орно. Гэтэл өмнөд монгол хүний нөөц бололцоо, цаг хязгаартай. Нэг бичиг баримт нэг байгууллага дээр, хурал нь болоогүй, болсон хурал дээр хэлэлцэгдэж амжаагүй, хариуцах хүн нь ийм тийм ажилтай, ийшээ тийшээ явсан гээд л хэдэн жил саатаж болно. Дараа дараагийн байгууллагынх нь хүлээгдэнэ. Тэгж байтал тавигдах шаардлага, элдэв байгууллагын үйл ажиллагаа өөрчлөгдөнө, заагдсан хугацаа дуусна. Иргэн болох гэж арван хэдэн жил бичиг баримт хөөцөлдөөд бүтээж чадахгүй байх явдал ч гарна.

Энэ нөхцөл байдлыг бүрдүүлсэн, хоорондоо ч зөрчилтэй, 1995 оны Харъяатын тухай хууль, 1994 оны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох журам, дүрэм зэргийг өөрчлөх шаардлагатай байна. Болж өгвөл нэг цэгийн үйлчилгээгээр, цөөн хэдхэн бичиг баримт бүрдүүлж, түргэн шуурхайгаар, хүнд сурталгүйгээр үйлчлүүлдэг бол сайн байна. Тийм нөхцөл бүрдүүлж байж л ОБУ-ыг хэрэгжүүлнэ. Ялангуяа цаг хугацааны тал дээр гойд анхаарах хэрэгтэй байна!

Тавигдах болзлуудыг нь биелүүлчихсэн байлаа ч, иргэн болгодоггүй, давагдашгүй хүчин зүйл бас буй.

Монгол хүн хөрөнгө мөнгөтэй ирсэн ч, Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон ч нэмэргүй. Гаргасан хүсэлтэд татгалзах нь тухайн ажилтны л үзэмжийн хэрэг тул, шалтаг нь түм бум. Тэгвэл дээрх хоёр шалтгаан өөр үндэстнийг бол үг дуугүй иргэнчлэх үндэслэл болдог. Хоёр сая долларын хөрөнгө оруулалт хийсэн хүнийг (монгол бус хүнийг шүү дээ) саадгүй иргэн болгох болзлоо харж үзэх хэрэгтэй. Баян харийнхан манай баялагт шунан, иргэн маань болоод, өнгө мөнгөний нийгэмд маань ямар ч өндөрлөгт хүрээд, яаж ч авирлаж болохыг анхаарагтун.

Зарим хүн, энэ өвөр монголчууд тэр хужаа нар шиг өгдөг юмыг нь өгөөд Монголын иргэн болчиход яадаг юм гэдэг. 3-10 мянган доллараар өгч авдаг гэж бичигдэж байсан санагдана.

Мөнгөтэй бол хэн ч манай иргэн болж болдог, мөнгөгүй л бол хэн ч болж болдоггүй тогтолцоог дэмжиж дэвжээж болно гэж үү дээ. Монгол хүн бол өгөөд ч нэмэргүй байх биз!? Тэгээд ч авлига хахуулийн аргаар асуудлыг шийдвэрлэх биш хүндрүүлнэ. Харин ч авлига хахуулийн ертөнцийг устган сөнөөх ёстой!

Хятад, казах хүмүүс Монгол улсын иргэн болох нь нэн хялбар байдаг гэнэм. Ялангуяа хятад хүний хувьд бол хүсэх үү, үгүй юу л гэсэн асуудал байдаг гэх.

Харъяаллаасаа гарах гэсэн хятадууд УБ дахь ЭСЯ-ныхаа гадна олноороо очерлож байна гэх зүйл дуулдаж байна. Тэд харъяаллаасаа түвэггүй гарч, Монголын иргэн болоход шаардагдах нэгэн гол болзлыг хангах байх. Харин өмнөд монголчууд?

Ч.Мөнхбаяр
ММХII.II.X
http://moenhbayar.blogspot.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж