Д.Жаргалсайхан: Арга зальтай байж л тулаанд ялдаг

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Д.Жаргалсайхан: Арга зальтай байж л тулаанд ялдаг

Aзийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын хоёрдугаар тэмцээн Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 9-15-нд болсон. Хонконг, Киргизстан, Малайз, Монгол, Тайландын баг оролцсон тус тэмцээний талаар Азийн оюутны спортын холбооны Гадаад харилцааны гишүүн, Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга, тэмцээний Зохион байгуулах хорооны  нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Олон улсын чанартай томоохон тэмцээнийг нутагтаа  зохион байгуулалтын өндөр төвшинд явууллаа. Монголын баг тамирчид маань ч амжилтаа ахиулж чадлаа?

-Анхны тэмцээн нь 2009 онд Тайландын Банконг хотноо болж, долоон орны баг оролцсон. Тус тэмцээнээс Монголын баг хүрэл медаль хүртсэн үеэс эхлэн энэ тэмцээнийг Монгол Улсад хүлээн авах санаа төрсөн. Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Биеийн тамир, спортын газар зөвшөөрсний үндсэнд шийдвэрээ гаргасан. Тэмцээний эрхийг Хонконг, Малайз улсуудтай өрсөлдөж, 2011 оны тавдугаар сард Алмата хотноо АОСХ-ны Гадаад харилцааны хурлаас авсан. Өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлаа сайн хийсний үрээр тэмцээн амжилттай боллоо. Тэмцээний ЗБХороог УИХ-ын гишүүн С. Ламбаа ахлан яам, газруудын төлөөлөл, МУИС, МУБИС, МОХ, МВХ, МИАТ, Масс медиа групп, Залуу Монгол корпорацийн удирдлагууд орсон 17 гишүүнтэй ажилласан. Мэдээж, тэмцээний гол ачааг ерөнхий зохион байгуулагчийн хувиар МОСХолбооны хамт олон үүрсэн.

-Монголын үзэгчид ч тэмцээнийг телевизээр шууд хүлээн авахаас гадна Буянт-Ухаа ордонд очиж, идэвхтэй үзэж байсан. Шигшээ тоглолтыг 6500 үзэгч үзсэн гэх тоо ч гарсан байсан?

-Манай холбоо тэмцээнийг олон хүнд үзүүлэх, оюутны спорт болон волейболын спортыг сурталчлах үүднээс төрөл бүрийн менежментийн ажил явуулсан. Энэ бол бидний хийсэн олон талт ажлын зөвхөн нэг хэсэг л дээ. Шинэ ордон хотоос хол учир хүн бага очно гэдэг үзлийг өөрчлөх хэд хэдэн ажлыг хийсэн. Үүнд, нэгдүгээрт, тэмцээнийг үнэ төлбөргүй үзүүлсэн. Нийслэлийн иргэд, хүүхэд, оюутан залуучуудаас гадна 21 аймгаас волейболын багш нар, секцийн хүүхдүүдийн төлөөлөл ирж үзсэн. Хоёрдугаарт, нийслэлийн 80 орчим их, дээд сургуулийн оюутны холбоо, биеийн тамирын тэнхимийн хүсэлтийн дагуу оюутнуудыг сургууль, хамт олноор нь БСШУЯ, МОСХ-ноос нэгдсэн хуваарь гаргаж, өдөр бүр 10 гаруй сургуулийн 2500-3500 орчим оюутнуудыг үзүүлсэн. Гуравдугаарт, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяртай хамтран Буянт-Ухаа спортын ордон руу нийтийн тээврийн түр шугам нээж, автобусны тоог нэмсэн. Дөрөвдүгээрт, манай холбоо, нийслэлийн нийтийн тээврийн газар, “Сод Монгол” групп хамтран тодорхой цэгүүдээс олон тооны автобусыг үнэ төлбөргүй явуулсан. Тавдугаарт, тэмцээний зар сурталчилгаа телевиз, сонин, сайтуудаар сайн хийсэн. Зургаадугаарт, тамирчдаа сайн тоглуулж, шигшээд үлдээж чадсан. Үүний үр дүнд шигшээ тоглолтын үеэр Буянт-Ухаа Спортын ордон (5045 хүний суудалтай) ашиглалтад орсон цагаасаа хойш анх удаагаа үзэгчдээр дүүрч 6500 хүн цугларсан. Суудал олдохгүй учир 1000 гаруй хүн ордны гадаа үлдсэн. Тэмцээн явагдсан зургаан өдөр нийтдээ 24,000 үзэгч орсон статистик тооцоо гарсан. Цаашид БУСОрдны  тэмцээн явагддаг нэгдүгээр давхрын заалны хэсэгт эвхдэг түр суудлуудыг хийж өгч, үзэгчдийг нэмж оруулах хэрэгтэй юм билээ. Нэмэлт сандал байгуулснаар ойролцоогоор 1500 орчим хүн орох боломжтой. Тэмцээний дараа сандлаа хана руу нь шахаж хураадаг олон улсын туршлага бий. Тэгээд ч гэсэн үзэгчид волейбол, сагсан бөмбөг зэрэг бага талбайд тоглодог спортын тэмцээнийг дэргэдээс нь үзэх сонирхолтой байдаг. Үүнийг анхаарч, хэрэгжүүлэх хэрэгтэй юм билээ. 

-Монголын баг тамирчдын амжилтыг хэрхэн дүгнэж байгаа вэ. Бэлтгэл сургуулилтад хэрхэн анхаарч ажилласан бэ?

-Ер нь манай холбоо сүүлийн жилүүдэд багийн спортын төрлүүдэд ихээхэн анхаарч, Азийн оюутны аваргын тэмцээнд тамирчдаа дэмжин оруулж ирсэн. Сагсан бөмбөгийн эрэгтэй баг 2010 онд Тайваньд болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Хөлбөмбөгчид гурван удаа, гандболчид нэг удаа Азийн аваргад ороод байна. Бид эмэгтэй волейболчдоо 2009 онд Серби улсад зуны Универсиад наадамд, Тайланд улсад Азийн аваргад оруулж, хүрэл медаль хүртсэн. Манай волейболын баг тамирчид зах зээлийн системд шилжсэнээс хойш бүтэн багаараа урт хугацааны бэлтгэл сургуулилт хийж чадаагүй юм билээ. Багийн спорт нь олон хүнтэй тул зардал, хөрөнгө их гардаг. Улсаас дэмжлэг туслалцаа бага байсан. Харин энэ удаа БТСГазар, МОСХолбооноос хөрөнгө зардлыг нь шийдэн оюутны баг тамирчдаа 40 гаруй хоног Орхон аймаг болон нийслэлд бэлтгэлд гаргаж, нөхцөлийг нь сайвтар хангаж өгсөн. Бид анхны Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулах зорилт тавьж байсан. Тавьсан зорилтоо биелүүлсэн. Илүү амжилт гаргах бололцоо байсан. Өөрийн нутгийн дэвжээн дээр амжилтаа нэг шатаар ахиулж, мөнгөн медаль хүртсэн нь бидний хувьд сайхан амжилт гэж үзэж байна. Спортын мастер Д.Цэндхүү, дэд мастер Ч.Халиун нар шилдэг тамирчнаар шалгарлаа. Эмэгтэй волейболын багийн амжилт Ази  тивийн төвшинд хүрсэн гэдгийг энэ удаагийн тэмцээн бодитой харуулж өглөө. Цаашид амжилтаа ахиулах бүрэн боломжтой байна. Тайландын баг аргагүй хүчтэй, туршлагатай баг юм. Тамирчдын нь техник сайн, тактикийн олон арга ажиллагаатай, уян хатан, хурдан хөдөлгөөнтэй тул бөмбөгөө бараг унагахгүй байна. Тэд тойргийн тоглолтод манай багтай тактикийн тоглолт хийсэн. Зарим тоглогчдоо нөөцлөн, манай багийг судалсан. Бид аварга багийг хожсон тул баталгаатай алтан медаль авах юм байна гэж үзэгч, тамирчидгүй л итгэсэн. Манай баг шийдвэрлэх аваргын төлөө тоглолтодүүний эсрэг сөрөг тактик хийж чадаагүй. Манайхан нуруулаг, хүчтэй зэрэг давуу талаа ашигласангүй. Ер нь арга, зальтай байж л тулаанд ялдаг юм шүү дээ. Үүнийг залуучууд ойлгосон байх.

-Олон улсын төлөөлөгч нартай ойрхон ажилласан хүний нэг нь та. Тэд бидний талаар ямар сэтгэгдэлтэй буцсан бэ?

-Энэ тэмцээнийг Азийн оюутны спортын холбооноос (АОСХ), Азийн волейболын холбооны /АВХ/ томилогдсон Казакстан, БНХАУ, Япон, Тайландын дөрвөн төлөөлөгч бидэнтэй хамтран нэг баг болж ажилласан. Дэлхийн лигийн ерөнхий зохицуулагч, олон улсын холбооны шилдэг шүүгч зэрэг өндөр мэргэжлийн хүмүүс ирсэн. Тэд тэмцээнийг олон улсын төвшинд, өндөр зохион байгуулалттай, маш амжилттай явагдсан гэж санал нэгтэй дүгнэсэн. Бид тэмцээний тайлангаа 2012 оны зургадугаар сарын 8-10-ны өдөр Ираны Тегеран хотноо болох АОСХ-ны хуралд тавих гэж байна. Мөн Хонконг, Тайланд, Киргизстан улсуудын баг тамирчдаас бидний амжилтыг үнэлсэн захиа ирсэн. Харин анхаарах нэг зүйл бол  Монголд олон улсын волейболын зэрэглэлтэй шүүгчтэй болох хэрэгтэй гэсэн. Монголын баг тамирчид сайн тоглож байна, сайхан тэмцээн явуулж чадаж байна, гэхдээ тив, дэлхийн тэмцээнүүдэд заавал шүүгчтэй оролцох ёстой юм билээ. Хэрвээ шүүгчгүй очвол 1500-2000 ам долларын торгууль төлж байж уг баг нь тэмцээнд ордог олон улсын дүрэмтэй. Үүнийг анхаарч ажиллахыг АВХ-ны мэргэжлийн хүмүүс бидэнд зөвлөсөн. Манай шүүгчийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхийг анхааруулсан. Мөн Буянт-Ухаа Спортын ордноос бусад бэлтгэлийн газруудын нөхцөл олон улсын төвшнөөс илт хоцорсон гэсэн. Эдгээр чиглэлд цаашид анхаарч ажиллах хэрэгтэй гэж зөвлөөд явсан.

-Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг. Ямар байгууллагууд та бүхнийг дэмжиж тусалсан бэ?

-Мэдээж Засгийн газрын дэмжлэг туслалцаа их байсан. Бид үлдэж хоцрох материаллаг эд зүйлүүддээ хамаг зардлаа шавхаж хийсэн дээ. Сүүлдээ хөрөнгө мөнгө дутах үед  МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан зохион байгуулж “Хасу мегаватт” ХХК, “Хаанс вилл” ХХК ивээн тэтгэсэн. “Сод Монгол” группээс туслалцаа авсан. “М Си Эс Бонакуа цэвэр ус” ХХК,  “Залуу Монгол” корпораци, “Сод пресс” ХХК, “Ану & Ти” ХХК зэрэг байгууллагууд өөрийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр туслалаа. Ерөнхий ивээн тэтгэгч “Голомт” банкны хамт олон Киргизийн баг тамирчидын Улаанбаатар хотноо байх үеийн зардлыг нь бүрэн дааж энэ тэмцээнд орох нөхцөлийг нь бүрдүүлсэн. МИАТ ХК нь волейболын шалыг Германаас онгоцоор тээж ирээгүй бол тэмцээний техникийн асуудал хүндрэх байсан. Тэмцээний дэмжигч байгууллагаар БСШУЯам, ЭМЯ, ГХЯ, НЗДТГ, БТСГазар, МВХолбоо, ИНЕГазар, МУИС, Эрдэнэтийн Хангарьд спорт клуб, Ус сувгийн удирдах газар, Цэцэг зочид буудал, БУСОрдон зэрэг олон байгууллагууд орсон. Хэвлэлийн ивээн тэтгэгчээр Масс медиа групп, “Боловсрол суваг” телевиз, “Спорт бокс” телевиз, МҮОНРТ-ийн хоёр суваг ажиллаж ард түмэндээ үнэтэй мэдээлэл, зар түгээсэн. Мөн бүх төрлийн үйлчилгээ, зохион байгуулалтын ажилд 200 гаруй хүмүүс, үүний дотроос ИДС-иас сайн дураараа ажилласан оюутнууд, Голомт банк, Бодь групп, БУСОрдон, Нийслэлийн цагдаагийн газар, ЗЦГ, Гэмтлийн эмнэлгийн ажилтнууд, волейболын холбооны шүүгч нарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

-Тэмцээн ихээхэн сургамж, туршлагаас гадна материаллаг зүйлүүд үлдээлээ. Энэ талаар?

-Юуны түрүүнд волейболын спортыг цаашид хөгжүүлэх, хүүхэд, оюутан залуучуудыг энэ спортод дур сонирхолтой болгоход ихээхэн нөлөө үзүүллээ. Манай улсын  шүүгч, багш, оюутан нарын олон улсын тэмцээн зохион байгуулах чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд энэ тэмцээн чухал практик сургалт болсон. Олон улсын шүүгчийн сургалт, АВХ-ны төлөөлөгчийн удирдлагаар явагдсан өдөр бүрийн семинар нь манай мэргэжилтэнүүдэд их мэдлэг, дадал чадвар өглөө. Мөн тамирчид, оюутан, багш, дасгалжуулагч нарт дүрмийн шинэ мэдлэг, спортын мэргэжилтүүдийг сургах, шинэ техник, арга барилд суралцах, монголын тамирчдыг туршлага суулгахад ихээхэн үр дүнтэй амьд сургалт болсон. Манай олон зуун үзэгчид дэлхийн волейболын спортын хөгжилтийг өөрийн нүдээр харлаа. Монгол улсыг сурталчилах, хөгжлийн өнөөгийн түвшинг харуулах, оюутны спорт, волейболын холбоодын олон улсын түвшинд явуулах идэвхтэй үйл ажиллагааг хангахад ч  энэ тэмцээн чухал ач холбогдолтой байсан. Энэхүү тэмцээн нь БУСОрдонд анх удаагаа багийн спортын төрлөөр зохион байгуулагдаж байгаа тивийн хэмжээний тэмцээн болсон гэдгээрээ бас нэг онцлогтой болов. Монгол улс волейболын спортын хамгийн сүүлийн үеийн техник, хэрэгсэл материалтай боллоо. Олимпийн зориулалтын Франц улсын “Gerflor” брэндын шал нь 36 х 21 метрийн харьцаатай, дэвсэж нааж тогтоодог, резинэн эдээр бүтсэн 80 сая төгрөгний өртөгтэй шал авсан. Үүнийг бид Франц улсаас гурван сар шахам хөөцөлдөж байж оруулж ирсэн. Олимпийн тэмцээнд тоглодог Японы Микаса үйлдвэрийн шинэ загварын 252 ширхэг бөмбөгтөй болсон. Мөн БУСОрдонд БНХАУ-ын “Жиангсу Цанг Хуа” спортын хэрэгслийн компаниас волейболын зориулалтын шон, бортого, шинээр авч суулган хүлээлгэн өглөө. Цаашид эдгээр техник, хэрэгслүүд нь волейболын спортын  тэмцээнүүдэд өргөнөөр  ашиглагдах юм.

-Тэмцээнд зарим Азийн орнууд ирсэнгүй. Ямар шалтгаан байсан бол?    
    
-Бид азийн 45 орны ОСХолбоо, волейболын холбоонд тэмцээний урилга, бичиг баримтыг 2011 оны 6 сараас эхлэн явуулсан. Гадаад сурталчилгаа их хийсэн. БНХАУ-д 4 жил тутамд зохиогддог “Оюутны спортын наадам” давхцсан тул бүх ИДС-ийн багууд тэр наадамдаа орсон. Японд шалгалт, шүүлгийн үе таарч оюутнуудад чөлөө олдоогүй. БНСУ-д эмэгтэй оюутны баг байхгүй зэрэг шалтгаанаа бидэнд мэдэгдэж, бичгээр уучлалт хүссэн. Харин Казакстаны оюутны шигшээ багийн тоглогчид сугалаанд орсон боловч клубийн нэр дээрээсээ холбооны цом, лигийн тэмцээндээ орох болсон тул оролцож чадсангүй. Гэхдээ энэ удаагийн тэмцээнд баруун, зүүн, өмнөд, хойд зэрэг ази тивийн бүх хэсгийн төлөөлөлүүд орсон. Тайландын баг гэхэд 2009 оны  тэмцээний  аварга, Монголын баг хүрэл медальтай, Хонгконг 4 байр, Малайз 5 дугаар байрт орж байсан туршлагатай багууд бүгд ирсэн тул тэмцээн чанартай, сайн болж өнгөрлөө.

-Оюутны олон улсын тэмцээнүүдийг харж байхад хаалтын ёслол дээр ахмад тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх юм. Энэ ямар учиртай юм вэ?

-Оюутны спорт бол үе үеийн оюутан залуусын оролцоо, дэмжлэг, хүчин чармайлт, хөдөлмөр, спортын амжилт дээр түүх нь бичигддэг. Иймээс бид ахмадууддаа байнга хүндэтгэл үзүүлж ирсэн. Энэ удаа бид Монголын оюутан тамирчидаа төлөөлөн 1965 оны Унгар улсын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны зуны спортын Универсиад 4 дүгээр наадамд анх орж байсан баг, 1973 онд ЗХУ-ын Москва хот, 1977 онд Болгар улсын Софи болсон наадмуудад оролцож байсан эрэгтэй, эмэгтэй багуудын ахмадууддаа энэ тэмцээн дээр урьж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж, бэлэг дурсгалын зүйлийг гардуулж өглөө. Волейболын ахмадууд маань их баяртай байна лээ. Тэд оюутан ахуй үеэ дурсах, залуучуудтайгаа хамт байх гавьяатай хүмүүс шүү дээ.  

-Ер нь Монголд тив, дэлхийн оюутны тэмцээнүүд хэдэн удаа болсон вэ?

-Бид сүүлийн 10 жилд 5 дах удаагаа тив, дэлхийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Үүнээс оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 3 удаа хийсэн. Үүнд: Шатар (2002), чөлөөт бөх (2006), бокс (2010) онуудад тус тус явуулсан. Харин Азийн аваргын тэмцээнийг 2008 онд ширээний теннис, 2012 онд эмэгтэй волейболын төрлөөр 2 удаа амжилттай зохиосон. Эдгээр тэмцээнүүдийн ерөнхий зохион байгуулагчаар манай холбоо ажиллаж, төсөв зардлаа барьж, менежментийн ажлаа хийсэн. Учир нь энэ тэмцээнүүд нь олон улсын болон тивийн ОСХ-ны шугмаар явагддаг, тэндээсээ эрхээ авч, гэрээ байгуулан үүргээ хүлээн ажилладаг журамтай. Тэмцээний шүүлт, техникийн тал дээр бид мэргэжлийн холбоодтойгоо хамтран ажиллаж ирсэн. Энэ удаа бид МВХолбоотой хамтран ажилласан ба ямар нэгэн хүндрэл гарсангүй. Учир нь МВХолбоо 2000, 2008 онд зүүн азийн тэмцээнийг явуулж байсан туршлагатай юм билээ. Харин бид Сангийн яам, ЭМЯ, БСШУЯ, БТСГ, Байт харвааны холбоотой хамтран 2016 онд байт харвааны оюутны ДАШТ явуулах эрхээ авч, бэлтгэл ажлаа ханган ажиллаж  байна.

-Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Н.МАРГАД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж