Чехийн тал төсөл хэрэгжүүлэхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Чехийн тал төсөл хэрэгжүүлэхэд бэлэн

Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит дөрөвдүгээр хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай боллоо.

Хуралдааныг Монгол талын дарга ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, БНЧУ-ын талын дарга Үйлдвэр, худалдааны дэд сайд Милан Ховорка нар даргалсан.

Хуралдааныг нээж Комиссын дарга, сайд Ц.Дашдорж Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.3, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ тав дахин өссөн ба ойрын таван жилд эдийн засгийн ийм өсөлтийг хадгалах хандлагатай байгаа. Манай орны эдийн засаг уул уурхайгаас хамааралтай ч эдийн засгаа төрөлжүүлэх талд нэлээдгүй анхаарч ажиллаж байна. Иймээс манай хоёр орон олон талын хамтын ажиллагаа бий болгох боломжтой” гэсэн юм. Үүний дараа хоёр тал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хот байгуулалт, хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Мөн байгалийн баялаг ашиглалт, уул уурхай, тариалан, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, усны нөөц, байгаль хамгаалал зэрэг бүхий л салбарт талуудын эрх ашигт нийцсэн хамтын ажиллагааны боломжуудыг улам ихээр нээх чиглэлд хөндөж ярилцав. Түүнчлэн Засгийн газар хоорондын хамтарсан комисс нь хоёр орны бизнесийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгааг талууд тэмдэглэсэн юм. Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж геологийн дэд бүтэц, барилга, эрчим хүч зэрэг тодорхой төслүүдийг тодорхойлж, холбогдох салбар, байгууллагуудыг дэмжиж ажиллах талд боломж бий гэдгийг онцолж байлаа. Мөн тэрбээр түүхэн харилцаа, хамтын ажиллагааг талархан дурдаад Дулааны IV цахилгаан станц, Улсын клиникийн төв эмнэлэг, Талх чихрийн үйлдвэрийн шинэчлэл болон хүн амын ундны усан хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг чиглэлийн төслүүдийг хамтран амжилттай хэрэгжүүлж байгааг онцолсон билээ.

Хуралдаанаар Улсын клиникийн төв эмнэлэгт Чехийн тусламжаар өргөтгөл барьж өгөхөөр боллоо. Мөн Чехийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг манай улсын өмнөд болон баруун аймгуудад ундны усны хангамжийг сайжруулах болон ус цэвэршүүлэх чиглэлд төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж