Нэгдүгээрт: Японы талаас урилга, батлан даалтын бичиг заавал шаардахгүй. Хэрэв виз мэдүүлэгч нь санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй бол урилга, батлан даалтын бичиг шаардлагатай. Мөн виз мэдүүлэгч нь гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгөх гэнэ.
Хоёрдугаарт: Зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт орно.
Гуравдугаарт: Виз мэдүүлгийн хуудсаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөнө.
Дөрөвдүгээрт: Визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгон, визний мэдүүлэг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэнэ. /Жишээ нь, даваа гарагт виз мэдүүлсэн тохиолдолд тухайн долоо хоногийн пүрэв гарагт хариу гарна/
Шаардлагатай бичиг баримт, асуулгын хуудсыг тус Элчин сайдын яамны цахим хуудсанд байрлуулах учир виз мэдүүлэгч урьдчилан материалаа бүрдүүлж, виз бүрдүүлэх хэрэгтэй ажээ. Материал бүрэн биш тохиолдолд хүлээн авахгүй юм байна. Японы талаас урилга, батлан даалтын бичиг заавал шаардлагагүй болсон тул асуулгын хуудсыг үнэн зөв бөглөх хэрэгтэй. Зарим шалтгаанаар материал хүлээн авсаны дараа өдрөөс эхлэн ажлын дөрөв хоногоос дээш хугацаа шаардлагатай болж болзошгүй учраас төлөвлөж буй хугацаагаа нягтлан, виз олгох хугацааг сайтар тооцоолон үзэхийг Япон улсын Элчин сайдын яамнаас анхааруулж байна.