Каддафи Саркозийг 50 сая еврогоор дэмжсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Каддафи Саркозийг 50 сая еврогоор дэмжсэн байжээ

Ливийн Жамахирийн лидер агсан талийгаач Мауммар Каддафи 2007 онд Францын өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркозийн сонгуулийн кампанийг 50 сая еврогоор санхүүжүүлсэн тухай энэ бямба гаригт Францын Mediapart гэх мэдээллийн агентлаг дамжуулсан байлаа.

Үүнийхээ баримт болгон тус агентлаг өөрийн сайтад Ливийн Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны ардын төв хороодын Ерөнхий нарийн бичгийн дарга асан (ГХЯ) Муса Кусагийн зохих мөнгийг гаргах тогтоолын хуулбарыг байрлуулсан байна. Баримт араб хэлээр бичигджээ. Муса Куса мэдээлснээр “ноён Николя Саркозийн сонгуулийн кампанийг 50 сая еврогоор дэмжих Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны ардын төв хороодын шийдвэрийн талаар” зарчмын тохиролцоонд хүрсэн байжээ. “Тэр тогтоолыг 2006 оны арванхоёрдугаар сарын 10-нд “Каддафийн кассчин” гэж Жамахирид нэрлэгддэг байсан хурандаа Башир Салехад явуулсан байв” хэмээн Mediapart мэдээлжээ.

Бичлэгт Муса Куса тайлбарласнаар  уг баримт бичгийг 2006 оны аравдугаар сарын 6-нд явагдсан хэлэлцээрийн дараа үйлдсэн байв. Хэлэлцээрт “манай талаас Ливийн тусгай албаны тэргүүн (Абдулла ас-Сенусси – ред) ба Африкийн хөрөнгө оруулалтын Ливийн сангийн дарга (Башир Салех) нар Францын талаас Зияд Такиеддин (франц-ливаны бизнесмен) ба Брис Ортефе (Францын ДХЯ-ны сайд асан) нар оролцсон байлаа” гэж Муса Куса тайлбарлажээ.

Mediapart  агентлагаас холбогдсон Такиеддины өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийг уг хэлэлцээрт ороогүй гэсэн байв. Гэхдээ баримтад  тавигдсан он сар өдөр, бичигдсэн хүмүүс” зэргээс харахад уг баримт нь үнэн” гэж тэр хэлж байна.

Каддафи одоо ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааны төлөө сонгуульд өрсөлдөж байгаа Саркозийн кампанийг санхүүжүүлсэн мэдээлэл анх 2011 оны гуравдугаар сард гарч ирсэн байв. Хурандаагийн хүү Сейф аль-Ислам Euronews сувагт ярилцлага өгөхдөө Ливийн Засгийн газар Францын ерөнхийлөгчөөс зарцуулсан мөнгөө нэхэж байна гэсэн юм.

“Бид түүний сонгуулийн кампанийг санхүүжүүлсэн. Бидэнд хангалттай баримт бий. Банкны данс, шилжүүллэг гээд л. Бид түүнийгээ дэлгэхэд  бэлэн”  хэмээн тэр мэдэгджээ. “Бид Саркозигаас мөнгийг Ливийн ард түмэнд буцаан өгөхийг шаардаж байна. Бид түүнийг Ливийн ард түмэнд туслаасай гээд мөнгө өгсөн. Тэр бидний урмыг хугаллаа. Тиймээс тэр мөнгийг буцаан өгөх хэрэгтэй” гэсэн байна. Елисейн ордон, Саркози өөрөө тийм мэдэгдлийг эрс үгүйсгэн  “инээд хүрмээр” хэмээн тодотгожээ.

Энэ удаа Николя Саркози сонгуулийн өөрийн өрсөлдөгчөө “хуншгүй загналаа” гэж буруутгав. Өмнө нь Франсуа Олландын штаб  Ливийн мөнгөөр сонгуульдсан гээд Саркозид эрүү үүсгэхийг шаардсан юм. Түүний өмнө нь Саркозийг Доменик Стросс-Канын секс дуулианыг найруулсан гэж буруутгасан нь сонгуулийн сурталчилгааны “нугас” байсан болж таарав.

Франц улс Ливийн эсрэг кампанийн хамгийн идэвхтэй оролцогчдын нэг байв. Каддафи өөрөө ярихдаа европ найз нарынхаа “өөдгүй” занд гайхснаа хэлж байв. Ливийг бөмбөгдөхийг уриалсан Саркозийн талаар “сэтгэл зүйн гажигтай бөгөөд тарх толгойтой найзалдаггүй” гэж ярьсан байлаа.

Өөрийн ээлжид тэр хэлэлцээрт орсон гэх хурандаа Башир Салех өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан Францын порталын мэдээллийг үгүйсгэв. “Николя Саркозийн 2007 оны сонгуулийн санхүүжилтийн талаар баримт болгон  Mediapart сайтаар нийтлэгдсэн бичиг баримтын жинхэнэ эсэхэд эргэлзэж буйгаа идэрхийлэхээр Башир Салех яарч байна” хэмээн түүний өмгөөлөгч Пьер Аик мэдэгджээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж