Стросс-Каныг унагаахаар жүжиг найруулсан уу

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Стросс-Каныг унагаахаар жүжиг найруулсан уу

Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик Стросс-Кан өөрийн улс төрийн өрсөлдөгчдийг, ялангуяа Францын ерөнхийлөгч Николя Саркозийг өөр нэр төрийг нь гутаахын тулд хуйвалдсан хэмээн буруутгалаа. Энэхүү мэдэгдэл тавдугаар сарын 6-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай давхцаж буйгаараа багагүй дуулиан тариад байна.

Хэдхэн хоногийн дараа болох хоёрдугаар шатны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн  Социалист намаас нэр дэвших хамгийн өндөр боломжтойд тооцогдож байсан Доминик Стросс-Кан Америкийн сэтгүүлч Эдвард Эпсайнд ярилцлагадаа энэ талаар дурджээ.  Өчигдрөөс сэтгүүлчийн бичсэн ном худалдаанд гарч байгаа бөгөөд уг номд  Нью-Йоркийн зочид Sofitel буудалд үйлчлэгч эмэгтэй Нафиссату Диаллог хүчиндсэн хэрэгт буруутгагдаж байсан  улстөрчийн сексийн дуулианы тухай, “Sofitel буудалд болсон хэргийн талаар өгүүлжээ. Стросс-Кан сэтгүүлч  Эпстайнтай дөрөвдүгээр сарын дундуур илэн далангуй ярилцжээ. Харин The Guardian сонин уг материалыг өнгөрсөн баасан гаригийнхаа дугаарт  нийтэлсэн байна.

Стросс-Кан “Улс төрийн талаар би ойлголт багатай их гэнэн хандсан байж магадгүй. Тэд миний улс төрийн карьерийг зогсоохын тулд юу ч хийхээс буцахгүй гэж санасангүй явлаа” хэмээн  Эпстайнд ярьсан байв. Хэдийгээр ОУВС-гийн дарга асан нэр зааж хэлээгүй ч түүний тэд гэсэн нь  “Саркозийн талд ажилласан шуурхай албаныхан” гэдэг нь ярианаас нь ойлгомжтой байсан талаар зохиог өгүүлжээ.

Стросс-Кан өөрийн Нью-Йоркийн хэргийн талаар хоёр дахь удаагаа олны өмнө ярьж байна. Үүнээс өмнө тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард TF1 сувагт ярилцлага өгөхдөө хэргийн талаар дурьдсан байлаа. Тэр үеэр энэ хэргийг зохиомол хэмээн тэр нэг үг амнаасаа унагаагүй. “Урхи уу? магадгүй. Хуйвалдаан уу? харцгаая” гэсэн үгээр тэр яриагаа хязгаарласан юм.

Эпстайны хэлснээр, Стросс-Кан “түүний  нэр хүндийг шаварт хутгасан явдал  Саркозитай өрсөлдөх,  “Ард түмний хөдөлгөөнийг дэмжих холбоо”-ны намтай тэмцэх төлөвлөгөөний эхний дайралт байжээ.  Секс хэргийн дуулиан мандахаас хэдэн хоногийн түүнийг дагаж мөрдөж байсан гэх баримт олсноо улстөрч ярьсан байна. Стросс-Кан өөрөө ямар нэгэн нэр цохоогүй ч тэр 2011 оны тавдугаар сарын 13-ны азгүй өдрийн үйл явдлыг өрсөлдөгчдийн найруулсан жүжиг гэдэгт тэр бүрэн итгэлтэй байна. Жилийн өмнө Стросс-Кан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвгих гол лидерээр тооцогдож байв. Олон нийтийн санал асуулгаар тэр Саркозигаас 20 хувийн саналаар тэргүүлж байжээ. Түүний төрөлх Социалист намд нь бараг  түүнтэй өрсөлдөх хүнгүй байв. Намын дарга Мартин Обри өөрийн нэрийг дэвшүүлэхгүй харин Стросс-Каны ерөнхийлөгчийн амбицийг дэмжихээр болсон тухай тэр өөрөө есдүгээр сард ярьж байлаа. Сексийн дуулиан нь түүний улс төрийн амбицыг нэг мөр цэглэсэн юм. Францчуудын 60 хувь нь Стросс-Каныг улс төрд эргэн ирэхийн эсрэг, 80 хувь нь ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүйгээ олон нийтийн санал асуулгаар илэрхийлжээ.

Одоо улстөрч асан өрсөлдөгч нарынхаа хуйвалд­сан гэх баримтыг хайж байна. Тэрээр Guidepost Solutions гэх мөрдөн хайх агентлагийн ажилтнуудыг энэ хэргийг хөлсөөр ажиллуулахаар болжээ.

Эпстайн ярилцагчынхаа сэжиглэж буйг ойлгож байгаагаа ч номондоо дурдсан гэнэ. “Тавдугаар сарын гурав хоног” нэртэй номондоо тэрээр Sofitel буудлын  түүнд ашиглуулсан видео бичлэгт дүн шинжилгээ хийсэн байв. Уг буудал нь Францын хөрөнгө оруулалттай гэдгийг тэрээр онцолсон байна. Түүнийг угтан авсан буудлынхан түүний ирэх цагийн талаар яагаад мэдэж байсан бэ гэдэг нь Стросс-Каны гайхлыг төрүүлсэн гэдэг. Тэрээр хэзээ өрөө тасалгаандаа орох талаар буудлын ресепшн-д ч ОУВС-гийн ажилтнууддаа ч хэлээгүй байжээ.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Нью-Йоркийн прокурорт нэгэн бичлэг байгаа тухай Эпстайн мэдэгдэж байсан юм. Тэр бичлэгт Диалло Строос-Каныг хүчиндлээ гэж гомдол өгсөний дараа буудлын хоёр ажилтан бие биендээ баяр хүргэн бүжиглэж байгаа нь буусан байв.

Мөн Эпстайн бичлэгээс Стросс-Каны такси ирэхийн өмнө буудлын ерөнхий инженер Брайан Йервуд гүйн гарч угтах гэж байсныг нь  харж болох гэнэ. Стросс-Кан буудлаас гарч явахад  Йервуд мөн л дагалдан гарч байв. Тэр нь санамсаргүй тохиолдол байж болох талтайг тэр хэлээд Йервуд бичлэгт утсаар ярьж байснаас  эвсэл тэр үгүй бол утсаар нь ярьсан хүн такси хэзээ ирэхийг мэдэж байсан гэх сэжиг төрлөө гэсэн байв. Энэ талаар Йервудаас эсвэл бусад ажилтнуудаас нь тэр тодорхой мэдээлэл авч чадаагүй ажээ. Мөн Эпстайны тогтоосноор, Стросс-Каныг ирэхээс цагийн өмнө Йервуд буудлын аюулгүйн алба­ны дарга Жон Шихэнтэй СМС-ээр идэвхтэй ярьж байв. Мөн Францын Accor компанийн мэдлийн нийт аюулгүй байдлыг нь Францын цагдаагийн албаны өндөр тушаалтан Рене-Жорж Кери хариуцдаг байсан ба тэрээр дуулианы урд өдөр Парист очиж хөл бөмбөг үзэхдээ ерөнхийлөгчийн тусгай суудалд сууж байсан гэх.

Диаллогийн өмгөөлөгч нар Эпстайны дүгнэлтүү­дийг “ямар утгагүй таамаглал” гэж нэрлэсэн байна. “Энэ бүгд нь ямар ч утгагүй гэхээр өөр надад хэлэх зүйл алга” хэмээн өмгөөлөгч Дуглас Вигдорын мэдээллийн AFP агентлагийнхан дамжуулжээ. Стросс-Канд үүсгэсэн эрүүгийн хэргийг өнгөрсөн жилийн наймдугаар сарын 23-нд хэрэгсэхгүй болгосон билээ. Нью-Йоркийн прокурор Сайрус Вэнс хэргээс Диаллог хүчээр аман секс хийхэд хүргэсэн гэх ямар нэгэн баримтыг тогтоож чадаагүй билээ. Үйлчлэгч эмэгтэйн мэдүүлэг нь будлиантай, тэр энэ хэргээс хэрхэн баяжихаа ярьж байсан зэрэг нь тогтоогдсон байлаа. Өнөөдөр буюу энэ мягмар гаригт Диаллогийн зүгээс Стросс-Канд гаргасан иргэний гомдлыг цаашид авч хэлэлцэх үү гэдгээ Нью-Йоркийн шүүх шийдэх ёстой.

Үүнтэй зэрэгцэн Стросс-Каны эсрэг бие үнэлэгчдийн ивээн тэтгэгч байсан гэх хэргээр эх оронд нь эрүүгийн хэрэг нээсэн байгаа. Сексийн зугаа цэнгэлийг зохион байгуулсан гэх хэрэг нь батлагдвал Стросс-Канд 20 жилээр хоригдох ял ирж магадгүй. Мөрдөн байцаалт тогтоосноор сексийн цэнгээнийг Парис, Вашингтон  зэрэг хотуудад, хамгийн түрүүнд Лилль хотын  Carlton зочид буудалд зохион байгуулагдан тийшээ Бельгийн бие үнэлэгчид очдог байсан гэнэ.

Мөрдөн байцаагчдын мэдээллээр Стросс-Каны хамгийн сүүлд оролцсон сексийн уулзалт Вашингтоны нэг буудалд баривчлагдахаас нь нэг хоногийн өмнө болж байжээ. Улс төрийн зүүн жигүүрт ойр гэгддэг The Guardian сонин энэ удаагийн нийтлэлээ Францын ерөнхийлөгчийн сонгуульд ямар нэгэн нөлөө үзүүлэхээр гаргаагүй гэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд Саркозийг ялсан Франсуа Олланд өнгөрсөн лхагва гаригийн олон нийтийн асуулгаар Саркозигаас тэргүүлэн явж байна. Тэд хоёрдугаар шатны санал хураалтаар сонгогчдын 55 ба 45 хувийн саналыг тус тус авах магадлалтай байна.

Саркози урт хугацаанд дээрх дуулианаас  зай барьж байсан ч сүүлийн үед социалистуудыг өөрийн талынхантай харьцуулахдаа Стросс-Канын жишээгээр тэднийг төлөөлүүлэх болсон байна. Сен-Сир-сюр-Луар хотхонд болсон цуглаан дээр ерөнхийлөгч “Би зарим нэр дэвшигчдийн доромжлолыг тэвчиж ирсэн. Гэхдээ хэдхэн сарын өмнө Стросс-Каныг Елисейн ордонд суулгах гэж байсан зүүнийхний ёс суртахууны сургамжийг тэвчихгүй” гэж хэлсэн байв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр шатны хооронд Стросс-Кантай хийсэн ярилцлагыг нийтэлсэн нь “цэвэр санамсаргүй” тохиолдол гэж Эпстайнтай уулзан түүний ярилцлагыг сониндоо нийтлүүлэх зөвшөөрөл авсан The Guardian сонины Нью-Йоркийн сурвалжлагч Эд Пилкингтон хэлж байна. Сонинд ярилцлага нь гарах хугацааг Эпстайны шинэ номын худалдаа Америкт энэ ням гаригт эхэлж буйттайгаар холбон тогтоосон гэж тэр хэлэв. Гэхдээ түүний тавиулах санаачлага Стросс-Канаас гарсан байхыг үгүйсгэхэд бас бэрхтэй. Учир нь тэр арваннэгдүгээр, арванхоёрдугаар саруудын урт хугацаанд Эпстайн эсвэл “ДСК-ны хэрэг, сөрөг мөрдлөгө” нэртэй номыг гаргасан өөрийн намтрыг туривагч Мишель Тобман нартай хуйвалдаанд орсон эсэхдээ тайлбар өгөхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж