Хэн, хэн эрхээ аваад байна вэ?

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Хэн, хэн эрхээ аваад байна вэ?

Английн нийслэл Лондон хотноо зуны XXX олимпийн наадам эхлэхэд 87 хоног үлдээд байна. Дэлхийн өнцөг булан бүрт олимпийн эрхийн төлөөх тэмцээн, уралдаан өрнөж буй энэ үед Монголын баг тамирчид албан ёсоор 18 эрх аваад Тодруулбал, хөнгөн атлетик, буудлага, байт харваа, бокс, чөлөөт бөх, усан спортын төрөлд тамирчид маань эрхээ аваад байгаа юм. Өнгөрөгч өдрүүдэд БНХАУ-ын Тайюань хотноо чөлөөт бөхийн сонгон шалгаруулах тэмцээн, харин Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болсноор Лондонг зорих Монголын багийн бүрэлдэхүүн өргөжив.

“Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцохоор албан ёсоор эрхээ аваад буй тамирчдыг танилцуулбал, /эрх авсан дарааллаар/

  1. Б.Сэр-Од /хөнгөн атлетик, марафон/
  2. Л.Отгонбаяр /хөнгөн атлетик, марафон/
  3. О.Гүндэгмаа /буудлага/
  4. Ж.Гантөгс /байт харваа/
  5. О.Насанбурмаа /чөлөөт бөх, 63 кг/
  6. Ж.Чулуунбат /чөлөөт бөх, 120 кг/
  7. П.Сэрдамба /бокс, 49 кг/
  8. У.Мөнх-Эрдэнэ /бокс, 64 кг/
  9. Б.Урантунгалаг /байт харваа/
  10. Н.Баяраа /буудлага, урт буу/
  11. А.Тамир /усан спорт/-цагаан хуудас
  12. Г.Оюунгэрэл /усан спорт/-цагаан хуудас
  13. Н.Төгсцогт /бокс, 52 кг/
  14. Б.Түвшинбат /бокс, 69 кг/
  15. П.Өнөрбат /чөлөөт бөх, 74 кг/
  16. Д.Отгонцэцэг /чөлөөт бөх, 48 кг/
  17. С.Бямбацэрэн /чөлөөт бөх, 55 кг/
  18. О.Бурмаа /чөлөөт бөх, 72 кг/

Дээрх бүрэлдэхүүн дээр жүдогийн шигшээ багийн тамирчид нэгдэх учиртай. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дүрмийн дагуу дэлхийн чансаанд эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, харин эмэгтэйчүүдийн долоон жинд жингийнхээ ангилалд эхний 20-т эрэмбэлэгдсэн бөхчүүд олимпийн дэвжээнд зодоглох эрхтэй болно. Ингэхдээ нэг улсаас нэг л тамирчин эх орноо төлөөлөн Лондонг зорих билээ. Монголын жүдочдын тухайд 12 /давхардсан тоогоор/ тамирчин чансаагаар олимпийн эрх бүхий байрлалд бичигдээд байгаа. Тэдгээр тамирчдыг танилцуулбал:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн

Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд

Дээр нь эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ Ц.Наранжаргал нар хэдий олимпийн эрх бүхий байрлалд багтаагүй огшиж, Лондонгийн татамид зодоглох боломжтой юм.

Лондонгийн олимпийн наадам 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-нд үргэлжлэх ба спортын 26 төрөлд 302 багц медалийн эздийг тодруулна. “Бээжин-2008” олимпийн наадмаас алт, мөнгөн медалийг ихэрлүүлж, мөн түүхэндээ анх удаа паралимпийн аваргатай болсноор олимпийн таван цагаргийг “дүүргэсэн” Монголын тамирчид ирэх олимпийн наадамд өмнөх амжилтаа бататгах, басхүү ахиулах зорилго өвөртлөөд буй.

Олимпийн наадмын спортын долоон төрөлд оролцохоор эрхээ авсан Монголын тамирчдыг танилцуулъя.

Б.Сэр-Од: Английн нийслэл Лондон хотноо жил бүр болдог дэлхийн топ таван марафоны нэг болох Лондонгийн марафонд есдүгээр байрт шалгарснаар олимпийн эрхийн болзол хангасан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон тус тэмцээнд 35  мянга гаруй тамирчин гараанаас гарснаас Монгол Улсаа төлөөлөн анх удаа Лондонгийн марафонд хурд сорьсон ОУХМ Б.Сэр-Од хоёр цаг, 11 минут, 35 секундын амжилтаар есдүгээр байрт шалгарснаар эрхээ болзол хангасан. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сард болсон ДАШТ-д топ 20-д багтсанаар олимпийн эрхээ дахин баталгаажуулсан юм.

Л.Отгонбаярын хувьд 2011 оны тавдугаар сард Чехийн нийслэл хотноо болсон Прагийн марафонд уралдаж, топ 10-т багтсанаар Лондонг зорих эрхтэй болсон юм. Тэрбээр 42.195 км замыг хоёр цаг, 39 минут, 50 секундэд туулснаар эмэгтэй марафончдоос наймдугаарт, нийт тамирчдаас 57 дугаар байрт шалгарсан байна.
О.Гүндэгмаа өнгөрөгч оны тавдугаар сард АНУ-ын Форт Беннинг хотноо болсон “Лондон-2012” олимпийн наадмын 24 эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрхээ өвөртөлсөн. Дэлхийн 70 орны 600 гаруй мэргэн бууч онч мэргэнээ сорьсон тус тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд Лондонгийн олимпийн хоёр эрх олгосон юм. Өмнө нь 2004 оны Афины олимпийн наадам, дараа нь 2008 оны Бээжингийн олимп гээд хоёр олимп дараалан Монголын баг тамирчдаас олимпийн анхны эрхийг авчирч байсан тэрбээр энэ удаад буудлага спортынхноос анхны эрхийг авч, тав дахь олимпдоо онч мэргэнээ сорихоор болов.

Ж.Гантөгс Италийн Турин хотноо өнгөрөгч оны долдугаар сард болсон байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан. Тэрбээр шөвгийн 16-гийн шатанд Канадын тамирчин Жейсон Льонтой өрсөлдөж, 6:0 харьцаатай ялагдсан. Шөвгийн наймд шалгарсан тамирчдад Лондон-2012 зуны олимпийн наадмын эрх олгох болзолтой ч өмнө нь бичигдсэн тамирчид багийн харваанаас хэдийнэ олимпийн эрхээ халаасалсан учир манай тамирчин Лондонг зорих Монголын тамирчдын бүрэлдэхүүнд багтах боломжтой болсон юм.

О.Насанбурмаа Туркийн Стамбул хотноо 2011 оны есдүгээр сард болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж, хүрэл медаль хүртсэнээр чөлөөтийн анхны эрхийг эх орондоо авчирсан юм.

Ж.Чулуунбат чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр 120 кг-ын жинд барилдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан юм. Улмаар FILA-гийн дүрэмд заасан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө барилдсан буюу эхний зургаан байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгоно гэсний дагуу тэрбээр Лондонг зорих баг тамирчдын бүрэлдэхүүний тоог нэгээр нэмсэн.

П.Сэрдамба Азербайжаны Баку хотноо болсон боксын ДАШТ-ий 49 кг-ын жинд эх орноо төлөөлөж, хүрэл медаль хүртсэнээр Лондонгийн олимпийн эрхээ авсан. Тэрбээр мөн дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн Монголын анхны боксчин болсон билээ.

У.Мөнх-Эрдэнэ мөн ДАШТ-ий рингэнд тулалдаж, медалийн төлөөх тоглолтод ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан. Гэхдээ Олон улсын сонирхогчдын боксын холбооны дүрмийн дагуу У.Мөнх-Эрдэнэ Лондонг зорих эрхтэй болсон юм.

Б.Урантунгалаг Ираны Тегеран хотноо 2011 оны аравдугаар сард болсон олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээнд амжилттай оролцсоноор олимпийн эрхээ авсан байгаа.

Н.Баяраа Катарын нийслэл Доха хотноо өнгөрөгч нэгдүгээр сард болсон буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээний урт бууны ганцаарчилсан төрөлд ОУХМ Н.Баяраа шилдэг наймд шалгарснаар олимпийн эрхээ авсан. Буудлага спортын төрлөөр олимпийн эрх олгодог болсноос хойш эрэгтэй гар буугаар олимпийн эрх авсан анхны тохиолдол энэ болж байгаа бөгөөд өмнө нь ОУХМ З.Батхуяг эмэгтэйчүүдийн урт бууны төрлөөр олимпод өрсөлдөж байсан билээ.

А.Тамир, Г.Оюунгэрэл Олон улсын усан спортын холбоо /FINA/-ноос Монголын усан спортын холбоонд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчныг “Лондон 2012” олимпийн наадамд оролцуулах зөвшөөрөл олгосны дагуу А.Тамир, Г.Оюунгэрэл нар Лондонгийн усан замд уралдах эрхтэй болсон юм. А.Тамирын хувьд эрэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах, харин Г.Оюунгэрэл эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхийн сэлэлтийн төрөлд хурд сорих ажээ.

Н.Төгсцогт Казахстаны нийслэл Астана хотноо өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр болсон Азийн боксчдод олимпийн эрх олгох тэмцээнээс эрхээ авсан. 52 кг-ын жинд өрсөлдсөн тэрбээр учраа болгоноо төвөггүй ялснаар мөнгөн медаль хүртэж, олимпийг зорих эрхтэй болсон юм.

Б.Түвшинбатын тухайд мөн дээрх тэмцээнээс эрхээ авсан. Тэрбээр тэмцээний 69 кг-ын жинд тоглож, мөнгөн медаль хүртсэн байгаа.

П.Өнөрбат, Д.Отгонцэцэг, С.Бямбацэрэн, О.Бурмаа. Харин өнгөрөгч өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 27-29-нд БНХАУ-ын Тайюань хотноо болсон чөлөөт бөхийн сонгон шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Д.Отгонцэцэг, 55 кг-д С.Бямбацэрэн, 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар Лондонгийн олимпийг зорих эрхээ авсан юм. Өмнөх эрх олгох тэмцээн болох ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа эрхээ хэдийнэ аваад байсан тул чөлөөтийн бүсгүйчүүд олимпод бүтэн багаараа зодоглох боломжтой болсон. Харин эрэгтэй долоон жингээс хоёрт нь эрхээ халаасалсан чөлөөтийн эрчүүд Финляндын Вантаа хотноо тавдугаар сарын 4-6-нд эрхийн төлөөх сүүлийн дайралтаа хийж байна.

Одоо Монголын баг тамирчид чөлөөт бөхөөс гадна байт харваа /багийн төрөлд/-ны төрөлд олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Байтынхан АНУ-ын Огден хотноо зургадугаар сарын 18-25-нд болох олимпийн эрх олгох багийн тэмцээнд оролцох юм. Хувийн харваанд хоёр тамирчнаа олимпийн талбарт сойх эрхтэй болсон байтынхан багийн төрөлд ч мөн эрэгтэй, эмэгтэй багаар оролцох зорилго тавин ажиллаж буй ажээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж