Бэлтгэл хорооны хуралдаанаар цөмийн зэвсэггүй бүсүүдийн үйл ажиллагааг цаашид хэрхэн зохицуулах, эгнээндээ 120 орчим улс орныг нэгтгэсэн яриа хэлэлцээний уг механизмын улс төрийн жин, нөлөөг хэрхэн дээшлүүлэх талаар ярилцжээ. Хуралдаанд цөмийн зэвсэггүй бүсүүдийн төлөөлөгчдөөс гадна цөмийн зэвсэгтэй АНУ, Англи, Орос болон Францын төлөөлөгчид ажиглагчаар уригдан оролцож байр сууриа илэрхийлсэн байна. Ингэхдээ Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусын хүрээнд олгож болох баталгааны талаар монголын талтай яриа хэлэлцээ өрнүүлж буйгаа мэдэгдсэн байна.
Элчин сайд Ж.Энхсайхан Цөмийн зэвсэггүй бүсүүдийг төлөөлөн дээрх хуралдааны дүнг Вена хотноо дөрөвдүгээр сарын 30-нд ажлаа эхэлж буй Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх Бага хурлын бэлтгэл комиссын хуралд танилцуулах тухай ГХЯ-ны олон нийттэй харилцах газраас мэдээлэв.