Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 36-р хурал өчигдөр төрийн ордноо боллоо. Хуралдааны танхимын үүдэнд зохион байгуулагчид ҮЗХ-ны гишүүдэд хар хавтастай баримтыг өгч, “Та буцаж гарахдаа хураалгаад гарна шүү” хэмээн анхааруулна. Ийнхүү нууцалж буй баримт бичиг нь 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох Ардчилсан намын мөрийн хөтөлбөр аж. Тус намынхан өнгөрсөн жил намын мөрийн хөтөлбөрийнхөө агуулгыг өрсөлдөгч намынханд өгч ашиглуулсан, энэ удаад мөн хамгийн эхэнд мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байгаа тул ийнхүү нууцалхаар шийджээ. Өмнөх 35-р ҮЗХ-ны хуралдаан эхнээсээ л үл ойлголцол, хэрүүл тэмцэлтэй эхэлж байсан бол энэ удаагийн хурал элэгсэг, дотно, ажил хэрэгч уур амьсгал дунд өрнөв.
Ингээд хуралдааны эхэнд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг даргалах болон тооллогын комиссыг байгуулан АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж нар даргалж, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Кекүшюзан Батбаяр нар тооллогын комиссыг ахлахаар боллоо. Үүний дараа ҮЗХ-ны энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлав. Энэ өдрийн хуралдаанаар ҮЗХ-ны гишүүн болж буй хүмүүсийн нэрийг батламжилж, Ардчилсан намын 2012 оны мөрийн хөтөлбөр, 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам дангаараа оролцох эсэх, УИХ, ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшүүлэх журамд өөрчлөлт оруулах, Сонгуулийн хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр боллоо. Ингээд хурлын эхэнд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг шинээр батламжилснаар Д.Үүрийн туяа, Н.Ганбаяр, А.Бакей, М.Зоригт, Ч.Дэмбэрэлсайхан, С.Сүхболд, Х.Оюунсувд, М.Батчимэг нар Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болов. Дараагаар нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах болоход УИХ-ын гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ч.Сайханбилэг хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх ёстой гэж санал гаргаснаар хуралдаан хаалттай үргэлжлэхээр болов. Ч.Сайханбилэг гишүүн энэ талаараа “Ардчилсан нам нь бусад улстөрийн хүчнүүдээс хамгийн тэргүүнд УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх болж буй учраас хуралдаанаа хаалттай хийхгүй бол болохгүй. Хуулиараа ч хориотой” гэсэн бөгөөд үүнийг нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат дэмжин “Ардчилсан нам бусад намаасаа түрүүлээд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх болж байгаа учраас бусад улстөрийн намуудад янз бүрийн шум оччихож болзошгүй гэдэг болгоомжлолын үүднээс гишүүд маань хурлыг хаах санал гаргаж байх шиг байна” гэв. Намын дарга Н.Алтанхуяг “Нарийн юмнуудаа тайлагнахгүй, ерөнхий танилцуулга хийгээд. Дараа нь хуралдаанаа хаая” гэсэн ч бусад гишүүд нь “илтгэлд намын мөрийн хөтөлбөрийн талаар санаа дурдагдаж болзошгүй тул ингэх хэрэг байхгүй” гэцгээснээр мөн л хаалттай хуралдааны үеэр энэ илтгэл тавигдахаар боллоо. Ингээд хэвлэл мэдээллийнхэн хуралдааны танхимыг орхин гарцгаасан бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Ингэж нууцалж байгаа нь та нараас хааж нуух гэсэн санаагүйг ойлгож байгаа биз. Хурлын хаалттай явуулахыг хүндэтгэн үзэж байгаад талархаж байна” гэв.
Хэвлэл мэдээллийнхнийг гаргахтай зэрэгцэн хуралдааны танхимд зөвхөн Үндэсний зөвлөлдөх хорооныхон үлдсэн эсэхийг бүртгэв. Танхимаас “Тэр С.Бямбацогт гишүүн байхгүй байгаа биз дээ” гэж шоглож, гишүүд инээлдэцгээж байлаа. Өмнөх АН-ын ҮЗХ-ны хурал ид дундаа үргэлжилж, хэлэлцүүлэг, санал шүүмжлэл өрнөж байхад хэлэлцүүлгийг тасалдуулсан нэг зүйл болсон нь хуралд оролцох ёсгүй, өрсөлдөгч намынх нь гишүүн сууж байсан явдал байлаа. Тухайн үед хурал тэргүүлэгчдийн зүгээс “хурал зохион байгуулагчид анхааралтай байх хэрэгтэй. Энэ хуралд ҮЗХ-ний гишүүд л оролцох ёстой. Тэр С.Бямбацогт гишүүнийг гарга” гэж байж ҮЗХ-ны хуралд ороод ирчихсэн танхимын хойд хэсэгт тухтай нь аргагүй сууж байсан МАН-ын гишүүн С.Бямбацогтыг гаргаж байсан юм. Ингээд танхимд С.Бямбацогт байхгүйг мэдсэнээр хурал үргэлжлэн асуудалдаа орсон бөгөөд энэ цагаас хойшхи хуралдааныг мэдээллэх боломжгүй боллоо.
Хэдий Ардчилсан намынхан мөрийн хөтөлбөрөө нууцалсан ч энэ баримт бичиг нь иргэн рүүгээ чиглэсэн байдлаар гарах байх гэж олон нийт хүлээж буй аж. Өнгөрсөн хугацаанд тус намынхан “Монгол хүн-2020” хөтөлбөр, хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлсэн бөгөөд аюулгүй орчинтой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай орлоготой, эрх чөлөөтэй Монгол хүнд тулгамдаад буй асуудлын талаар нэлээдгүй судалгаа, санал цуглуулснаа мөрийн хөтөлбөртөө тусгана гэж тус намынхан өмнө нь мэдэгдэж байснаар болох аж. Түүнчлэн нууц буй уг мөрийн хөтөлбөр нь сонгуулийн хуулийн хүрээнд л гарч ирэх тул мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгаагүй хөтөлбөр гарч ирэх бололтой. Тэд ийнхүү мөрийн хөтөлбөрөө баталж төрийн аудитын байгууллагад хүргүүлэх бөгөөд үүнээс гарсан дүгнэлтийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо тус намыг сонгуульд оролцох эрхийг нь олгох юм. Хуралдаан хаалттай горимд шилжихээс өмнө намын удирдлагын зүгээс мэдээллэснээр тавдугаар сарын 2-нд бүх намууд аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгснөөр ил болох аж.
Гэрэл зургийг М.НЯМСАЙХАН
