-Юуны өмнө танай хамт олонд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Засгийн газраас жил болгон зохион явуулдаг “ТОП-150” аж ахуйн нэгжийн банк бус санхүүгийн байгууллагын “ТОП-10”-т шалгарсанд баяр хүргэе. Миний мэдэхийн сүүлийн гурван жил дарааллан уг амжилтаа бататгаж байна. Яриагаа эндээс эхлэх үү?
-Баярлалаа. Юуны өмнө өдрийн сонины уншигч эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай байгууллага Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Засгийн газраас жил болгон зохион явуулдаг “ТОП-150” аж ахуйн нэгжийн банк бус санхүүгийн байгууллагын “ТОП-10”-т гурав дахь жилдээ шалгарч амжилтаа бататгаж чадсандаа баяртай байна. Бид сайн засаглалыг хэрэгжүүлж, бичил санхүүгийн үйлчилгээний шинэ үеийн бизнес моделийг ашиглан, шаргуу хөдөлмөрлөж ажилласнаар тодорхой үр дүнд хүрч чадлаа. Дашрамд хэлэхэд энэ эрхэм шагналын эзэд нь та нар шүү хэмээн Нэткапитал санхүүгийн корпорацийн хамт олондоо хэлмээр байна. Мөн компанийнхаа нийт харилцагчид, хувь нийлүүлэгчид, бизнесийн түншүүд Та бүхний бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан хамтын бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүн гэж ойлгож байна. Бидний цаашдын үйл ажиллагаа улам өргөжин тэлж, хөгжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байна.
-Банк бус санхүүгийн байгууллагын “ТОП-10”-т уламжлал ёсоороо багтана гэдэг өндөр амжилт. Мэдээж өнгөрсөн оны амжилтыг тань үнэлж байгаа хэрэг. Тэгэхээр өнгөрсөн онд шинээр хийсэн хөрөнгө оруулалтынхаа талаар нарийвчилж ярихгүй юу?
-Тийм. Энэ амжилт бол биднийг улам ихийг хийж бүтээ гэсэн том урам зориг, нөгөө талаар маш том хариуцлага гэж ойлгож байна. Бид өнгөрөгч онуудад хөрөнгө оруулалтаа байнга нэмэгдүүлж ирсэн нь тус салбарт тогтвортой, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг зорьж харилцагч, хөрөнгө оруулагчийн итгэлийг дааж ажиллаж байгаагийн тод илэрхийлэл бөгөөд санхүүгийн үйлчилгээг тэр бүр хүртэж чаддаггүй давхаргынханд үйлчилгээгээ улам бүр хүргэхийг урьтал болгодогтой холбоотой. 2011 онд бид дараах эх үүсвэрүүдээс хөрөнгө татан төвлөрүүлж ажилласан.
Үүнд:
- Бичил санхүүгийн зах зээлийн анхдагч бөгөөд тэргүүлэгч Хас Банктай бид хамтран ажиллаж 300.0 сая төгрөгийн зээлийн шугам нээлгэж тус эх үүсвэрээр нийт 540.0 гаруй сая төгрөгийн зээлийг 250 орчим ард иргэдэд олгосон.
- Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллаж 120.0 сая төгрөгийн зээлийн шугам нээлгэж, 180 сая төгрөгийн лизингийн зээл авч эргэлтийн хөрөнгөө нийт 300 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн.
- Монгол даатгал, Ард даатгал, Соёмбо даатгал, Практикал даатгал зэрэг даатгалын зах зээлд тэргүүлэгч компаниудаас нийт 1.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр татаж хугацаандаа амжилттай буцаан төлсөн.
- Итгэлцлийн үйл ажиллагаа эрхлэх нэмэлт тусгай зөвшөөрлийг ашиглан харилцагч иргэдээс нийт 335 сая төгрөгийг татан төвлөрүүлж зээл олгоход ашигласан.
Хөрөнгө оруулалт үргэлж эрсдэл дагуулдаг эрсдэлээс зугтах биш удирдаж сурах хэрэгтэй. Сайн түншлэл бол амжилтын үндэс гэж үздэг тул бидний түншүүд болох хөрөнгө оруулагч, байгууллагын ажилчид, эрхэм харилцагчид болон хамтарч ажилладаг компаниудын итгэлийг дааж, хамтын үүрэг хариуцлагыг ухамсарлан эрх тэгш байдал, харилцан ойлголцолыг чухалчилсан шударга түншлэлийг бий болгохыг зорьж ажилладаг.
-Нэткапитал “Машинаа унаад зээлээ ав” гэдэг бүтээгдэхүүнийг анх гаргаж ирэн, олонд танигдсан брэнд бүтээгдэхүүн болгосон гэдгээр нь Монголчууд андахгүй, тэгвэл өнгөрсөн онд шинээр бий болгосон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар манай уншигчдад танилцуулаач? Сонирхолтой байх болов уу?
-Баярлалаа. Тиймээ яах ч аргагүй Нэткапиталын гол брэнд бүтээгдэхүүн бол “Машинаа унаад зээлээ ав” бүтээгдэхүүн мөн л дөө. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний тухай уншигч олон маань нэгэнт сайн мэдэх учраас өөр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар ярих нь зөв байх. Бид тодорхой хэмжээний хуримтлал, мөнгөн хөрөнгө би болгосон иргэд болон албан байгууллагуудад мөнгөн хөрөнгөө эрсдэл багатай илүү үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд санхүүгийн зөвлөгөө үзүүлж эхлээд байна. Жишээлбэл олон хүмүүс асуудаг, одоо байрны үнэ дахиад өсөх үү, ам.доллараар зээл авсан нь ашигтай юу, хөрөнгийн биржээс хувьцаа авбал яах вэ, цаашид ам.долларын ханш өсөх үү зэрэг асуултыг байнга тавьдаг. Эдгээр асуултууд нь хөрөнгө оруулахад зайлшгүй урьдчилан таамаглах ёстой үндсэн суурь хүчин зүйлүүд юм. Бид үүнд бодитой хариулт өгч харилцагчдийнхаа мөнгөн хөрөнгийг бага эрсдэлтэй өндөр өгөөжтэй газар хөрөнгө оруулахад нь зөвлөгөө өгч эхлээд байна.
-Дашрамд асуухад байрны үнэ өсөх үү? Манай сонины олон уншигчдад сонин байна байх.
-Манай харилцагчдад барилгын салбарын бизнес эрхлэгчид цөөнгүй байдаг. Байрны үнэ өснө, өсөхгүй гэж шууд хэлэх нь зохимжгүй. Бид зөвхөн эдийн засгийн суурь хүчин зүйл, банк санхүүгийн байдалд анализ хийж таамаглал дэвшүүлж чадна. Бид нарын тооцоолж байгаагаар байрны үнэ 6-7 сар хүртэл буурдаггүй юмаа гэхэд өсөхгүй гэсэн төсөөлөл байна. Бүр барилгын салбар 8-9 сарын үед хямрах магдлал ч өндөр байгаа.
-Иргэдэд хуримтлал бий болгохыг дэмжсэн итгэлцлийн үйлчилгээ гэсэн шинэ бүтээгдэхүүнийхаа талаар тодруулахгүй юу?
-Итгэлцлийн үйлчилгээ хэмээх бүтээгдэхүүн хадгаламжийн бүтээгдэхүүнээс илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Хадгаламжийн үйлчилгээ нь зөвхөн мөнгөн хөрөнгөө хадгалуулж хүү бодуулан авдаг бол итгэлцлийн үйлчилгээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгөө итгэмжлэн удирдуулж үр шим хүртэхийг хэлнэ. Нэг үгээр хэлбэл тухайн байгууллагын эзэн байж ашиг хүртэнэ гэж ойлгож болно. Тэр ч утгаараа банкны хадгаламжийн хүүнээс илүү өндөр өгөөжтэй байдаг.
-Хөрөнгөө итгэж удирдуулна гэдэг их эрсдэлтэй биш үү. Танай байгууллагад хөрөнгөө итгэж байршуулахад эрсдэлгүй найдвартай байх ямар баталгаа байгаа вэ?
-Эрсдэлийн хүчин зүйлийг тооцон Санхүүгийн зохицуулах хорооноос нэг жилээс дээш үйл ажиллагаа явуулсан тэрбум төгрөгөөс дээш дүрмийн сантай байх зэрэг тусгай нөхцөл шалгуурыг хангасан банк бус санхүүгийн байгууллагад итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгон өөрийн хөрөнгийн 80 хувь хүртэл хөрөнгө итгэмжлэн удирдах хязгаарыг тогтоосон нь иргэдийг эрсдэлээс хамгаалж буй хэрэг. Та бүхэн мэдэж байгаа байх банк өөрийн хөрөнгөөс 10 дахин их хадгаламж татаж болдог бол итгэлцлийн үйлчилгээ нь ердөө өөрийн хөрөнгийн 80 хувь хүртэл хөрөнгө итгэмжлэн удирдах хязгаартай байдаг нь банкны хадгаламжаас илүү найдвартай гэсэн үг.
-Улсдаа өндөр татвар төлөгч байна гэдэг, олон нийтэд чанартай үйлчилгээ үзүүлж ард иргэдийнхээ амьдралд томоохон хөрөнгө оруулалт хийнэ гэдэг үнэлж баршгүй гавьяа билээ. Үүнтэй уялдуулаад асуухад, та бүхэн Монгол Улсад хичнээн төгрөгийн татвар төлж байна вэ?
-Бид цаг хугацаанд нь тайлангаа хүргүүлж татвар, шимтгэлээ төлдөг. Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, дүүргийн санхүү, татвар, нийгмийн даатгалын байгууллагуудаас шаарддаг сар, улирал, жилийн эцсийн санхүүгийн тайлан мэдээг цаг тухайд нь үнэн зөв гарган тайлагнаж төлбөл зохих, суутгах татвар даатгалын тооцоог цаг хугацаанд үнэн зөв хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 2011 онд 52.5 сая төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлсөн.
-Өнөөдөр манайд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байдаг гэж та үзэж байна. Танай компани уг салбарт манлайлж байгаагийн нууц юу бол?
-Банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны хувьд тус салбарт ажиллаж буй компаниудын үйл ажиллагаа тогтворжиж, хөгжлийн шатандаа орсон. Бичил санхүүгийн буюу банк бус санхүүгийн байгууллагын салбар маань удахгүй дэлхийн стандартад нийцсэн чадварлаг салбар болно гэдэгт итгэлтэй байна. Энэ зорилгын төлөө манай байгууллага болон салбарын бусад байгууллагууд маань шаргуу хөдөлмөрлөж байгааг дуулгахад таатай байна. Бид үйл ажиллагаа явуулаад 4 дэхь жилдээ орж, тодорхой амжилт үр дүн гаргаж, туршлага хуримтлуулсаны улмаас салбарынхаа хөгжлийн төлөө ажиллахаар Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбооны удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байгаа. Салбартаа манлайлж байгаан нууц гэх зүйл байхгүй санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй байх ёстой. Бид компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, бичил санхүүгийн шинэ үеийн бизнес моделийг бий болгон бүтээлч, чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлэн ажилласны үр дүнд өнөөдрийн түвшинд хүрсэн. Чадавхитай хүмүүс л өрсөлдөх чадвартай манлайлагч компанийг байгуулж чадна шүү дээ.
-Танай компани бага орлоготой иргэдэд санхүүгийн хүндрэлээс гарахад тэгш тусламж биш тэгш санхүүгийн боломж хэрэгтэй гэсэн үзэл баримтлалтай ажилладгийг мэдэх юм байна. Мөн үйл ажиллагаандаа “3-Х” буюу хөрөнгө, хурд, хэмнэлт гэсэн ойлголтыг мөрдлөг болгодог гэсэн. Үүнийгээ жаахан тодруулаач?
-Тийм. Бичил санхүүг бага, дунд орлоготой иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “ашгийн төлөө бус нийгмийн төлөө” хандив тусламжийн байгууллага гэсэн нийтийн ойлголт байдаг. Нэткапитал нь санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа бага орлоготой иргэдэд санхүүгийн хүндрэлээс гарахад нь тэгш тусламж биш тэгш санхүүгийн боломж хэрэгтэй гэсэн үзэл баримтлалтай ажилласанаар нийгмийн асуудлыг шийдсэн ашгийн төлөө ажилладаг шинэ үеийн бичил санхүүгийн бизнес моделийг бий болгож чадсан. Үүнийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаандаа бид 3-Х буюу Хөрөнгө, Хурд, Хэмнэлт гэсэн суурь ойлголтыг хөгжүүлэн нэвтрүүлсэн юм.
ХӨРӨНГӨ – Ядуурлаас гарах, амьжиргааны нөхцөлөө сайжруулах, богино хугацааны санхүүгийн хүндрэлээс гарахад иргэд, жижиг бизнес эрхлэгчидэд эргэлтийн хөрөнгө зайлшгүй хэрэгцээтэй болдог. Тэдэнд хэрэгцээтэй мөнгөн хөрөнгийг зээлээр олгохын тулд бичил санхүүгийн байгууллага нь үйл ажиллагааны зардалаа нөхөхүйц хэмжээний мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалт, хандив тусламжийн хэлбэрээр бүрдүүлдэг. Иймээс ч бид хувь нийлүүлэгчиддээ оруулсан хөрөнгөд нь өгөөж хүртэхийн төлөө ажиллаж компанийн үйл ажиллагааны бүтээмж, үр ашигийг сайжруулсанаар хандив тусламжинд түшиглэсэн бус цэвэр зах зээлийн зарчимд нийцсэн хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахуйц өгөөжийн хувийг бий болгосноор мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдсэн.
ХУРД – Бид харилцагчийн болон байгууллагын алдагдсан боломжийг хамгийн бага байлгахын тулд ойлгомжтой энгийн хялбар, хурдтай байхыг үйлчилгээний стратеги болгон ажилласны үр дүнд эрсдэлийг зохих түвшинд удирдсан хамгийн хурдтай санхүүгийн үйлчилгээг бичил санхүүгийн зах зээлд нэвтрүүлсэн. Мөн байгууллагын дотоод үйл ажиллагаанд хурдан, бүтээмжтэй хамт олон байхын тулд үйл ажиллагааны стандарт, цалин урамшуулалын системийг бүрэн ажлын гүйцэтгэлд үндэслэсэн систем болгож өөрчилсөн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь ажилчидыг сэдэлжүүлэн идэвхижүүлэх боломжийг компанид олгож олон бүтээмжгүй ажилчид биш цөөн чадварлаг ажиллагсадтай болсоноор байгууллагын зардлыг бууруулсан.
ХЭМНЭЛТ – Бичил санхүүгийн байгууллага нь орлого багатай санхүүгийн үйлчилгээнд хамрагддаггүй иргэдэд буюу санхүүгийн хэллэгээр хамгийн эрсдэлтэй ангилалын харилцагчидад бага дүнгээр олон хүнд үйлчилдэг тул үйл ажиллагааны зардал маш өндөр байдаг. Бид байгууллагын санхүү, бүртгэлийн тогтолцоо, зээлийн хүүний тооцоолол, хугацаа хэтрэлтийн хяналт, хувийн хэрэг бүрдүүлэлтэд мэдээллийн технологийг оновчтой үр дүнтэй ашигласнаар үйл ажиллагааны зардалаа бууруулсан. Компанийн дотоод үйл ажиллагаанд ашигладаг мэдээллийн систем, цогц програм хангамж нь ашиглахад хялбар, ойлгомжтой, хүний нөөц, цаг хугацааг хэмнэдэг бөгөөд тайлан мэдээг алдаагүй үнэн зөв гаргадаг нь үр ашгийн хэмнэлтийг бий болгосон.
-Танай хамт олны ажилд өндөр амжилт хүсье. Банк бус санхүүгийн байгууллагадаа үргэлж ТОП нь, манлайлагч нь байгаарай.
-Маш их баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.