Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

“Роберт Фрийдланд”

Уолтер
Айзексоны “Стив Жобс” ном өнгөрсөн оны аравдугаар сард худалдаанд гарч,
тэр даруйдаа хамгийн гүйлгээтэй ном болсон. Альберт Эйнштейн, Бенжамин
Франклин нарын намтрыг бичсэн Уолтер Айзексонд Стив Жобс өөрийнхөө
намтрыг бичихийг 2004 онд анх санал болгож байжээ. Тухайн үедээ Уолтер
татгалзсан хариу өгчээ. Гэсэн ч үүнээс хойш Стив, Уолтер нар байнгын
харилцаатай байж, Стивийн “Apple”  компанийн нэр хүнд улам өсч байлаа.
Уолтер Айзексон бага багаар Стивийн талаар баримт цуглуулж эхэлсэн
байна. 2009 онд Жобсын эхнэр Лорен Уолтер руу утасдаж, “Хэрвээ Стивийн
намтраар ном бичих гэж байгаа бол цаг алдахгүй байхыг” анхааруулжээ.
Учир нь, энэ үед Стив хоёр дахь удаагийн эмчилгээгээ эхэлсэн байжээ.
2004 онд анх Уолтер руу ярихдаа анхныхаа хагалгаанд орох гэж байсныг
Уолтер сүүлд мэдсэн аж. Стивийн биеийн байдлыг мэдсэн Уолтер Стив Жобсын
намтарчилсан номыг бичихээр шийдсэн байна. Сонирхолтой нь, Стив номын
эхийг огт уншихгүй, юу ч засварлахгүй гэжээ. “Энэ бол чиний бичих ном.
Би номыг чинь унших ч үгүй” хэмээн Стив хэлсэн байна.

Энэхүү
номын нэг хэсэг нь монголчуудад хэдийнэ танил болоод байгаа “Айвенхоу
Майнз”-ийн гүйцэтгэх захирал асан Роберт Фрийдландад зориулагджээ. Жобс
залуудаа Роберт Фрийдландтай дотно найз, шүтэн бишрэгч нь байсан тухай
энд өгүүлсэн байна. Жобс 1972 онд Орегон мужийн Портленд хотын Ридийн их
сургуульд элссэн бөгөөд тэнд Роберт Фрийландтай танилцжээ. Энэ хэсгийг
уншигчдадаа сонирхуулж байна. Номыг уншаагүй хүмүүст энд дурдагдах нэрс
ойлгомжгүй санагдаж магадгүй тул нэрийнх нь ард тайлбар хийлээ.

Нэгэн
удаа Жобсод мөнгө хэрэг болж, тэрээр IBM Selectric маркийн бичгийн
машинаа зарахаар шийдэв. Бичгийн машиныг худалдан авахыг хүссэн оюутны
өрөөнд ортол залуу найз хүүхэнтэйгээ загас наадуулж байлаа. Стив
өрөөнөөс гарахыг завдтал нөгөө залуу Стивт тэднийг ажлаа дуустал суугаад
хүлээж байхыг санал болгов. “Ийм юм байдаг аа” хэмээн тэр үед бодсон
хэмээн Жобс дурссан байдаг. Ингэж Стив Жобс Роберт Фрийдландтай
танилцжээ. Роберт Фрийдланд бол Жобсын амьдралдаа шүтэн биширсэн цөөн
хүнийг нэг байсан юм. Жобс түүний зан чанарын заримаас өөртөө шингээн
авч, хэсэг хугацаанд өөрийнхөө оюун санааны багш хэмээн үзэж байлаа.
Гэвч хэдэн жилийн дараа Робертыг зүгээр л залилагч, луйварчин гэдгийг
ойлгосон байна.

Фрийдланд
Жобсоос дөрвөн насаар ах, тэд танилцах үед их сургуулийн төгсөх ангид
сурч байлаа. Роберт бол Освенцимийн бөөнөөр хорих лагерийн хоригдол
байгаад сүүлд Чикагогийн нэр хүндтэй архитекторч болсон хүний хүү
байлаа. Ридийн их сургуульд элсэхийн өмнө Мэн дэх хүмүүнлэгийн ухааны
Боудойний их сургуульд сурч байжээ. Хоёрдугаар курсэд байхдаа 125 мянган
ам.долларын үнэ бүхий 24 мянган ширхэг мансууруулах бодис хадгалж
байсан хэргээр баривчлагджээ. Баривчлагдах үеийнх гэрэл зураг сонины
хуудаснаа нийтлэгдсэн бөгөөд зураг дээр мөрөө хүрсэн урт долгионтой
үстэй залуу гэрэл цацруулан инээж байлаа. Робертод Виржинийн мужийн
шоронд хоёр жил хорих ял оноосон ч тэрбээр 1972 онд хугацаанаасаа өмнө
суллагдсан байна. Намар нь Ридийн их сургуульд элсч оронгуутаа “шүүхийн
алдааг залруулж нэрээ цэвэрлэж авна” хэмээн мэдэгдэж Оюутны зөвлөлийн
ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялсан байна.  

“Энд ч, тэнд ч
бай” номыг бичсэн Баба Рам Дасса-гийн Бостонд хийсэн уулзалтад оролцоод
Жобс, Коттке (Даниэль Коттке-Жобсын их сургуулийн найз, түүнтэй хамт
Энэтхэгт аялсан, Apple-ийн анхны ажилтны нэг) нарын адил Фрийдланд
дорнын сүсэг бишрэлийг ихэд сонирхож эхэлжээ. 1973 оны зун Роберт
Энэтхэг явж, Ним Кароли Баба, мөн Махараж-жи нэрээр алдаршсан Рам
Дасса-тай уулзсан байна. Намар нь АНУ-даа буцаж ирээд, Роберт өөртөө
номын нэр авч, оюутны хотхонд энэтхэг үндэсний өргөн чөлөөтэй хувцас,
зуны задгай сандаалтай явах болов. Роберт оюутны хотхоноос гадуур,
машины гараашийн дээр байдаг өрөөнд амьдардаг байсан бөгөөд Стив үе үе
тэднийд зочилдог байлаа. Гэгээрэл гэхээсээ илүүтэй Робертын бодит
байдлыг илүүтэй ухамсарладаг, эрч хүчтэй- байдал нь Стивийг бишрүүлж
байлаа. “Оюун санааны хувьд нэг алхам хөгжихөд минь тэр над тусалсан”
хэмээн Жобс хүлээн зөвшөөрсөн байдаг.

Стив ч бас Робертод
таалагдаж байлаа. “Тэр дандаа оймсгүй явдаг байсан. Түүний ямарваа нэг
зүйлд үнэ сэтгэлээсээ шунан дурладаг нь намайг гайхшруулж байлаа. Хэрвээ
тэр сонирхсон л бол бүхий л сэтгэл зүрхээ зориулдаг” хэмээн Роберт
сүүлд дурссан байдаг. Хүнийг цоо ширтэх, яриан дундаа дуугай хураах
зэргээр Жобс ярилцаж байгаа хүнийхээ оюун санааг эзэмдэхийг оролддог
байлаа. “Тэр нүдээ цавчилгүйгээр чам руу ширтэж, асуулт асуун хариултыг
хүлээн ярилцагчаа ховсдох нь могой туулайг барих мэт байдаг” хэмээн
Роберт Жобсын талаар дурсчээ.

Коттке-гийн хэлснээр Стивийн бүхий л
амьдралынхаа турш баримталж ирсэн хувийн онцлогын заримыг тэр
Фрийдландаас хуулбарласан ажээ. “Бодит байдал амьдралаас гажиж болохыг
Стив Робертоос мэдсэн. Роберт туйлын өвөрмөц, өөрийнхөө үзэл бодлыг
хамгаалж чаддаг байсан. Байнгын хөдөлгөөнтэй, өөртөө итгэлтэй, гэхдээ
бас бага зэрэг дарангуйлагч. Стив түүний эдгээр чанарыг өөртөө шингээж
авсан. Роберттой үерхсэнээр түүнээс их зүйлийг Стив сурсан” хэмээн
Коттке ярьсан байдаг. Жобс мөн Робертоос хүмүүсийн анхаарлыг яаж өөртөө
татах вэ гэдэгт суралцжээ. “Роберт бол онцгой өвөрмөц, хүнийг өөртөө
татаж чаддаг, мөн жинхэнэ наймаачин хүн. Харин Стив Роберттой танилцах
хүртлээ бүрэг, олны дунд ил гардаггүй, нуугдмал байсан. Роберт түүнийг
өөрийн хуягнаас гарч яаж ил гарч бусдад өөрийгөө зөв харуулах вэ,
өөрийгөө нээх, нөхцөл байдлыг хэрхэн удирдах аргад сургасан гэж боддог”
хэмээн Коттке дурсчээ. Роберт хүмүүсийг хялбархан удирдаж, эрч хүчээр
цэнэглэж чаддаг байлаа. “Роберт өрөөнд орж ирэнгүүт хүн болгоны анхаарал
Роберт дээр төвлөрдөг байлаа. Харин Стив Робертоос тэс эсрэг. Роберттой
үерхэж эхэлснээр түүнийг дууриах болсон” гэж Коттке ярьсан.

Ням
гаригийн орой Портлендийн баруун захын Харе Кришни сүмд Стив, Роберт нар
очдог байсан бөгөөд Коттке, Холмс (Даниэль Коттке-гийн найз бүсгүй,
Жобстой хамт Ридийн их сургуульд сурч байсан, мөн Apple-ийн анхны
ажилтны нэг) нар тэр хоёртой үе үе хамт явдаг байлаа. Тэд бүжиглэж,
хоолой мэдэн дуулдаг байж. “Бид галзуу мэт байдаг байлаа. Роберт яг л
ухаангүй мэт байдаг байсан. Харин Стив биеэ барьсан байдалтай, өөрийн
мэдрэмжээ чөлөөлөхөөс эмээж байгаа мэт байдаг байлаа” хэмээн Холмс
дурссан байдаг. Ингэж цэнгэснийхээ дараа бүгд цагаан хоол идэцгээдэг
байв.

Роберт 90 гектар талбай бүхий алимны талбайг хариуцан
ажилладаг байлаа. Алимны талбай Портлендээс баруун өмнө зүгт 60-аад
км-ийн зайд байсан бөгөөд талбайн эзэн нь Швейцарийн тэрбумтан Марсель
Мюллер байлаа. Мюллер Африкт бэхлэ­гээ­ний модны бизнес эрхэлж хөлжсөн
нэгэн байлаа. Дорнын шашин шүтлэгийг сонирхож эхэлсэн Роберт алимны
талбайд “Нэгдсэн ферм” хэмээх нэртэй коммун байгуулсан бөгөөд Жобс,
Коттке, Холмс болон дорнын шүтлэгийг сонирхогчид энд цугладаг байлаа.
Алимны фермийн том саруул талбайтай саравчинд тэд цуглаж, алим хурааж,
талбайг арчилдаг байлаа. “Стив алимны мөчрийг хайчилж, цэцэрлэгийг
арчилдаг байлаа” хэмээн Роберт ярьсаж байна.

Тэдний очдог Харе
Кришни сүмийн лам, шавь нар ч алимны талбайд ирдэг байсан бөгөөд гоньд,
үүсүү, гүргэм зэргээр амталсан цагаан хоолоо энд бэлтгэдэг байлаа. “Стив
гол төлөв өлсгөлөн ирдэг байсан бөгөөд дараа нь хэтэрхий их идлээ
хэмээн ходоодоо цэвэрлэдэг байж билээ. Би түүнийг булимия буюу
хүссэнээсээ их иддэг өвчнөөр өвдсөн гэж боддог. Стив өлсгөлөн байхыг
үргэлж хүсдэг ч хүссэнээр нь болдоггүй байсан нь над их өрөвдөлтэй
санагддаг байсан” хэмээн Холмс ярьсан.

Төдөлгүй Фрийдландын
дарангуй­лагч зан Жобсыг залхааж эхлэв. “Стив зүгээр л Робертоос
өөрийгөө олж харсан байх” хэмээн Коттке дурссан байдаг. “Нэгдсэн ферм”-д
ирэгсдийн хувьд коммун нь олз хонжоо харагчид, дэндүү бодит амьдралаар
амьдрагчдаас зугтах хоргодох байр болох ёстой байтал Фрийдланд коммуныг
аажим аажмаар бизнес болгон хувиргаж байлаа. Коммуны гишүүдэд түлээ
цуглуулж зарах, алимны шүүс гаргах төхөөрөмж бэлдэх, пийшин барих, тэр
битгий хэл зарим нь худалдаа наймааны байгууллагад ажиллах үүрэг ногдсон
ч хэнд нь хөлс төлдөггүй байв. Нэгэн удаа Жобс гал тогооны ширээн доор
унтах болсон бөгөөд коммуны зарим гишүүн хөргөгчөөс бусдын хоол хүнсийг
хулгайлж байгааг хараад ихэд гайхсан байна. Коммуны амьдрал Стивт
утгагүй санагдаж эхэллээ. “Бүх зүйл хэтэрхий материаллаг болж эхэлсэн.
Робертийн төлөө хүмүүс нуруугаа бөхөлзүүлж байгаагаа ойлгосон. Тиймээс
түүнээс холдох болсон. Би ч мөн адил” хэмээн Жобс дурссан байдаг.

Тэр
цагаас хойш Ванкувер, Сингапур, Монголд ажиллаж, дэлхийд нэртэй алт
олборлогч, уул уурхайн корпорацийн эзэн болсон Фрийдландыг би Нью Йорк
хотноо уулзахыг урьсан юм. Тэр оройгоо би Фрийдландтай уулзах гэж
байгаагаа Жобсод захидлаар мэдэгдсэн байлаа. Цагийн дараа Стив над руу
Калифорнигоос утасдаж Фрийдландын хэлсэн нэг ч үгэнд итгэхгүй байхыг
сануулсан юм. Сүүлд мэдсэнээр, Фрийдландын эзэмшдэг хэд хэдэн уурхай
байгаль орчинд халтай ажиллаж байснаас үүдэн хүнд байдалд ороод байсан
бөгөөд Жобс руу ярьж хүнд байдлаас гарахад нь туслахын тулд Ерөнхийоөгч
Билл Клинтон руу утасдахыг гуйсан аж. Харин Стив түүнд хариу өгөөгүй
байна. “Роберт өөрийгөө сүсэг бишрэлтэй, гэгээрсэн хүн шиг харуулахыг
үргэлж оролддог, гэсэн ч тэр зүгээр ч луйварчин болон өөрчлөгдсөн юм.
Залуу насанд чинь оюун санааны хувьд их ойр байсан хүн луйварчин болсон
гэж бодохоор сонин байдаг юм” хэмээн Стив дурссан байдаг.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж