”230 мянган хүн бэлнээр авахыг хүссэн”

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

”230 мянган хүн бэлнээр авахыг хүссэн”

Ахмад
настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж
өгөхөөр Засгийн газар шийдвэрлэсэн. Гурав хувааж тараах эхний мөнгө 350
мянган төгрөгийг хэзээ тараах нь иргэдийн дунд томоохон хүлээлт үүсгээд
байна. Мөн хүний хөгжлийн 21 мянган төгрөг өгөх хугацааг ирэх зургадугаар сараар
дуусгавар болгоно. Тиймээс Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-Хөгжлийн
бэрхшээлтэй болон ахмад настай хүмүүст олгох нэг сая төгрөг хэзээ
тараагдаж эхлэх вэ? Хувааж тараагдах мөнгөний эхний мөнгө болох 350
мянган төгрөгийг хүмүүс маш их хүлээж байна л даа?

-Ахмад
настнууд болон  хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөгөө хэзээ гар дээрээ
авахаа маш их хүлээж байгаа. Сар шинийн өмнөөс л өгнө гээд яригдаад
эхэлчихсэн болохоор аргагүй ч биз дээ.  Бид сая төгрөгөө бэлнээр авах
хүмүүсээ бүртгэж эхэлсэн.  Ирсэн хүсэлтүүдийг нэгтгээд бараг дуусч
байна. Засгийн газрын шийдвэрээр бол  ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй
нийлсэн 334 мянган хүн сая төгрөгийг гурав хувааж авах ёстой. Одоогийн
байдлаар 230 мянган хүн сая төгрөгөө бэлнээр авна гэсэн хүсэлтээ
ирүүлсэн байгаа. Эдгээр хүмүүст олгох бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан.
Сангийн яамны төрийн санд санхүүжилтийнхээ хуваарийг явуулсан байгаа.
Одоогийн байдлаар аймаг, дүүргүүдэд үйлчилгээ үзүүлдэг банкуудад мөнгө
байршаагүй байгаа учраас олгож эхлээгүй л байна. Бусад бэлтгэлээ
хийчихсэн байгаа. Одоо Сангийн яам хэзээ мөнгө байршуулна тэр цагт л
шууд тараагаад эхэлнэ.

-Авах хүсэлтээ хараахан ирүүлээгүй
байгаа хүмүүс мөнгө тараагдаж эхэлсний дараа сая төгрөгөө авмаар байна
гэсэн хүсэлт гаргавал яах вэ?

-Ийм боломж бүрэн бий. Энэ сард
хүсэлтээ ирүүлж амжаагүй хүмүүс дараагийн сардаа багтаад хүсэлтээ
ирүүлэх боломж бий. Хэрвээ тухайн хүнээс ямар нэгэн хүсэлт ирэхгүй бол
бид хувьцаагаа эзэмших хүсэлтэй байгаа юм байна гэж ойлгоно. Ахмад
настай, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ч 1072 хувьцаа эзэмших боломж байгаа
шүү дээ. Хэрвээ сая төгрөгөө авахгүй гэвэл хувьцаагаа авах эрх нь бий.

-Иргэдийн
дунд хувьцаагаа ч нэг сая төгрөгөө ч авна гэсэн ойлголт байгаа. Засгийн
газрын мөрийн хөтөлбөрт ингэж л тусгасан биз дээ?

-“Эрдэнэс
Тавантолгой”-н хувьцааг эзэмших нь  иргэдэд их ач холбогдолтой юм.
Хэрвээ тухайн компани ашигтай ажиллавал цаашдаа жил бүр ноогдол ашиг
хүртээд явах боломжтой. Хэрвээ та одоо олгох нэг сая төгрөгөөр Засгийн
газартаа хувьцаагаа худалдчих юм бол хувьцаа авахгүй гэсэн үг. Иргэдэд
нэг сая төгрөгөө бэлнээр авах эсвэл 1072 ширхэг хувьцаагаа авах гэсэн
хоёрхон сонголт бий.Тийм болохоор иргэд маш сайн бодож байгаад шийдвэрээ
гаргах хэрэгтэй. Магадгүй дараа нь хувьцаагаа авдаг байж дээ гэж амаа
барихад хүрч болно. Эсвэл сая төгрөгөө бэлнээр нь авчихсан бол гэж
бодогдохыг үгүйсгэхгүй. Энэ бол тухайн хүний сонголт юм даа.  Ямар ч
байсан одоо байгаа журмаараа иргэд өөрсдөө хувьцаагаа авах уу, сая
төгрөгөө авах уу гэдгийг сонгож байгаа. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй.

-Бэлэн мөнгөний амлалт өгч байхад амьд байсан хүмүүс нас
барчихсан бол гэр бүлийнхэн нь хөөцөлдөөд нэг сая төгрөгийг нь авах
боломж бий юу?

-Засгийн газраас баталсан шинэчилсэн журмын
дагуу 2012 онд нас барсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сая
төгрөг олгоно гэж заасан байгаа. Үүнээс өмнөх онуудад нас барсан хүмүүст
энэ мөнгийг олгохгүй гэж ойлгож болно. Ер нь сүүлийн үед манай
байгууллагад 2011 онд нас барсан хүмүүсийн материалыг нэлээд ирүүлсэн
байна лээ.  Энэ бол буруу. Дахин сануулахад 2012 оноос өмнө нас барсан
бол сая төгрөгийг авахгүй.

-Гадаадад байгаа хүмүүс тэр дундаа
гадаадад төрсөн хүүхдүүд хувьцаа юм уу эсвэл сая төгрөг авах
бололцоотой юу. Зарим хүмүүс гадаадад байгаа иргэнд хувьцаа ноогдохгүй
гэж ойлгоод байх шиг байна лээ? 

-Гадаадад байгаа иргэд 1072
хувь­цааг эзэмшинэ. Хувьцаагаа Засгийн га­зарт нэрлэсэн үнээр нь
худалдах хүсэл­тэй хүн байвал худалдаад зарагдсаных нь дараа мөнгөө авах
хувилбар бий. Хэрвээ тухайн хүүхэд гадаадад төрсөн бол Монголд
мөрдөгдөж байгаа хуультай адил журам үйлчилнэ. Гэхдээ 2012 оны
дөрөвдүгээр сарын 11-нээс хойш гэдгийг санах хэрэгтэй.

-2012 онд төрсөн хүүхэд сая төгрөг авч болох болов уу?

-2012
оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн бүх хүн авч болно гээд
хуулинд заачихсан байгаа. Тиймээс дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн
хүүхэд хуулиараа сая төгрөг авахгүй гэсэн үг. Хүмүүс манай байгууллагаас
бас энэ талаар их асууж байна л даа. Иргэдэд энэ талаарх мэдээлэл дутуу
дулимаг байна уу гэсэн бодол байна.

-Эрх чөлөөгөө хасуулсан шоронд байгаа хүмүүс сая төгрөгийг хэрхэн авах вэ?

-Шоронд
байгаа хүмүүс ялгаа байхгүй улсын иргэн учраас сая төгрөгийг авах бүрэн
боломжтой. Хүний хөгжлийн мөнгийг ч тэд энгийн хүмүүсийн адил авч л
байгаа. Тиймээс ямар нэгэн асуудал байхгүй.

-Шоронд байгаа хүмүүс авдаггүй  юм биш үү. Тэд авлаа гэхэд хэрхэн яаж авах вэ?

-Яг
л энгийн иргэд хүсэлтээ гаргадаг шиг хүсэлт, өргөдлөө ирүүлэх хэрэгтэй.
Гагцхүү итгэмжлэгдсэн төлөөлөгч очиж авах шаардлагатай. Тухайн хүнийг
төлөөлж авах хүн шүүхийн шийдвэр болоод хорооны Засаг даргын
тодорхойлолтыг аваад очиход мөнгийг  нь олгоно.

-Олон нийтийн дунд шоронд байгаа хүмүүст олгохгүй гэсэн яриа гарсан байсан. Тэгэхээр санаа зовох зүйлгүй болж таарах нь ээ?

-Санаа зовох зүйл байхгүй. Тухайн хүн хэрэг хийсэн ч гэсэн Монгол Улсын иргэн. Тиймээс төрийн бодлогод хамрагдах нь тодорхой.

-Хүнд өвчнөөр өвчилж байгаа өөрийн биеэр очиж авч чадахгүй хүмүүс яах вэ?

-Итгэмжлэгдсэн
төлөөлөгчөөрөө дам­жуулаад мөнгөө авч болно. Итгэмж­лэгдсэн
төлөөлөгчийг авахад хэрвээ өндөр настан бол тэтгэврийн дэвтэр болоод
иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт хэрэгтэй.
Хэрвээ хөгжлийн бэрхшээл­тэй хүн бол хөдөлмөрийн чадамжаа хэр зэрэг
алдсан тодорхойлолт, эмчийн магадлагаа, оршин суугаа газрын
тодор­хойлолт, иргэний үнэмлэхний хуул­бар байвал мөнгөө авах боломж
бий.

-Санхүүжилт нь яг хэзээ орж ирээд, иргэдийн гар дээр хэзээ очих вэ?

-Одоохондоо яг тэдний өдөр орж ирнэ гэсэн тодорхой зүйл алга байна. Санхүүжилт ороод ирчихвэл удахгүй.

-“Хүний
хөгжил сан”-гаас иргэн бүрт сар бүр олгодог 21 мянган төгрөгийн
санхүүжилтад асуудал гарсан гэх мэдээлэл гараад байна. Өөрөөр хэлбэл, 21
мянган төгрөг тараах эх үүсгэвэргүй болсон гэл үү. Энэ үнэн үү?

-Сар
бүр олгох 21 мянган төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр байгаа. Ирэх
тавдугаар сарын мөнгө хугацаандаа саадгүй орно гэж ойлгож болно. Харин
хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах сая төгрөгийн ажил 
нэлээд удаашралтай байгаа нь үнэн. 

-Тэгвэл  “Хүний хөгжил сан”-гаас олгох 21 мянган төгрөг тавдугаар сард ямар нэгэн асуудалгүй тараагдана гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Одоохондоо 21 мянган төгрөгийг тараахад ямар нэгэн асуудал гарахгүй байгаа.

-Иргэд танай байгууллагаас болж мөнгө тараалт удаад байна гэж харддаг?

-Тийм
юм ерөөсөө байхгүй. Иргэд манай байгууллагыг мөнгө тараадаг гэж боддог
шиг байгаа юм. Уг нь манай байгууллагын үндсэн үүрэг нь тийм насны төдөн
хүмүүс байна гэдгийг нарийвчилсан мэдээний дагуу бүрдүүлээд Сангийн яам
руу явуулах л үүрэг хүлээдэг. Үүний дараа Сангийн яамнаас шаардлагатай
мөнгийг аймаг, дүүрэг, сумдын банк руу шилжүүлдэг учиртай юм.

-Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг авахгүй хуримтлуулсан хүмүүс зургаан сараас хойш хоцорвол авч болох уу?

-Ямар нэгэн шалтгаанаар тухайн жилдээ авч чадаагүй хүмүүс өргөдөл гомдлоо ирүүлээд нөхөн авах боломж бий.

-Хүний
хөгжлийн сангаас олгох 21 мянган төгрөг ирэх зургадугаар сард олгогдоод
дуусна. Цаашид ер нь яах вэ, халамжийн өөр хэлбэрээр мөнгө тараах уу?
Амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур айл өрхүүдийг хэрхэх вэ?

-Хишиг,
хувь хүртээх асуудал ирэх долдугаар сарын 1-нээр дуусгавар болно. Үүний
дараагаар Нийгмийн халамжийн төслийн хууль хэрэгжиж эхлэх ёстой. Энэ
хуулинд заасны дагуу нэн ядуу өрхүүдэд тэтгэмж олгох ёстой байгаа.
Гэхдээ үүнийг сар бүрийн 21 мянга шиг бүх хүнд тараана гэж ойлгож
болохгүй. Зөвхөн ядуу өрхүүд, нэн ядуу өрхүүдэд тараана гэж ойлгож
болно.

-Хүний хөгжлийн санд одоогийн байдлаар давхардсан тоогоор хичнээн хүнд, хичнээн хэмжээний мөнгийг тараагаад байгаа вэ?

-Сар болгон 53 орчим тэрбум төгрөг олгож байгаа. Хоёр сая 629 мянган хүн эх орны хишгийг авч байгаа.

-Үүн дээр нэмэгдээд иргэн бүрт тараах сая төгрөгийг тооцоод үзвэл 600-аад орчим тэрбум төгрөгийг тараах гээд байна шүү дээ…?

-Одоогийн
байдлаар 343 тэрбум төгрөгийг тараахаар төсөвлөсөн байгаа. Энэ бол
ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгө. Гэхдээ энэ
мөнгөнөөс хасагдах магадлал бий. Одоогийн байдлаар хүмүүсийн ирүүлж
байгаа хүсэлтийг харахад бэлэн мөнгөөр авах хүмүүс их байх шиг байна.

-Сая
төгрөгийг тараах тал дээр, мөн хүний хөгжлийн сангаас тараагдаж байгаа
21 мянган төгрөгийг тараахад мэдээлэл давхардах ч юм уу, нас барсан
хүний нэрээр авах зөрчил хэр зэрэг ажиглагдаж байна?

-Иймэрхүү
асуудал одоохондоо үүсээгүй байна. Манай байгууллага хуваарийнхаа дагуу
бүх мэдээллийг авч байгаа болохоор давхардах байдал одоохондоо алга. 21
мянга дээр ч тэр нас барсан хүний нэрээр авах, мэдээлэл давхардах тийм
зүйл ажиглагдахгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай
программд ирүүлсэн мэдээлэл шууд байршиж байгаа учраас нэр давхардах,
нас барсан хүний нэрээр олгох тиймэрхүү зөрчил илрээгүй, одоохондоо.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж