УИХ-ын ээлжит сонгуулийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн сонгуультай нэг өдөр явуулахаар хуульчилсан учраас иргэд хуучин иргэний үнэмлэхээрээ сонгууль өгөхөөр болсон. Цаг хугацааны хувьд ч давчуу, элдэв шалтаг тоочиж энэ удаагийн цахим сонгуулийг хийхгүй байх шалтаг хийсэн гэж МАН-ыг Ардчилсан намын бүлгийн дарга шүүмжиллээ. Учир нь энэ удаагийн сонгуулийг иргэд цахим үнэмлэхээр өгөх байсан ч Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим үнэмлэх сонгуулиас өмнө хэвлэгдэхгүй гэдгийг мэдэгдсэн. Дөрвөн жилийн өмнө батлагдсан УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах шийдвэр гарсан. Харин дараа нь энэ удаагийн сонгуулийг цахим үнэмлэхээр өгч, автомат машинаар тоолох шийдвэр гараад байсан юм. Хуучин үнэмлэх хэвлэхгүй гэсэн шийдвэрийг УБЕГ-аас гаргасан учраас сонгууль өгөхөд гээж үрэгдүүлсэн, шинээр иргэний үнэмлэх авах хүмүүс лавлагааны хуудсаар сонгууль өгөх шийдвэрийг УБЕГ-аас гаргасан. Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Иргэний үнэмлэхээ гээсэн, шинээр авах насны иргэд лавлагааны хуудсаар санал өгөхийг эсэргүүцэж байгаа. Өмнөх УИХ-ын сонгуулийг МАН лавлагааны бичгээр будилаантуулсан. Тиймээс энэ удаад ч мөн энэ аргаа хэрэглэх нь гэж бид үзэж байна. Нэг иргэн хэдэн ч удаа лавлагаагаар саналаа өгч болохоор байна. Сонгууль өгөх иргэн лавлагааны хуудсаар санал өгөхийг Ардчилсан нам эсэргүүцэж байна. УБЕГ-аас иргэний үнэмлэх шинээр авах, хаяж гээгдүүлсэн иргэдэд шинээр үнэмлэх олгох ажлыг хийх ёстой гэж үзэж байна” гэсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ УБЕГ-ын дарга Л.Амарсанаа томилогдсоноосоо хойш дандаа шалтаг тоочиж, нэг ч удаа болж байгаа гэсэн юм ярихгүй байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой гэдгийг илэрхийлсэн. Одоогоор 14 мянган орчим иргэд иргэний үнэмлэхээ гээсэн болон шинээр иргэний үнэмлэх авах намын хүн байгаа гэсэн тоо бий.
Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар бас нэг санал гаргасан нь Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүнээс тавынх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэдгийг санууллаа. Энэ таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа ч СЕХ-нь ойрын хугацаанд аливаа асуудалтай холбоотойгоор том шийдвэр гаргах боломжгүй гэж бүлэг үзэн, бүрэн эрх нь дуусгавар болсон таван гишүүний асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой гэсэн шийдэлд хүрсэн байна. Хуульд зааснаар таван гишүүний хоёрыг нь Улсын Дээд шүүхээс, нэг гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс харин үлдсэн хоёр гишүүнийг УИХ-аас санал болгох ёстой байдаг аж. УИХ-аас санал болгох хоёр гишүүнийг ажлын шаардлагаар Статистикийн хорооны дарга З.Мэндсайхан, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга н.Пүрэвсүрэн нарын нэрийг дэвшүүлэх боломжтой гэж үзсэн байна. Тиймээс энэ саналыг МАН-ын бүлэгт танилцуулж, зөвшилцөх ёстой гэж үзсэн байна.
Мөн энэ удаагийн хуралдаанаар зарим нэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон байна. Тухайлбал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцсэн байна. Энэ хуулийн төсөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх эрх нь 2013 оны тавдугаар сарын 1-нд дуусахыг дахин таван жилээр сунгаж 2018 оны тавдугаар сарын 1-н хүртэл сунгах заалттай юм байна. Тиймээс Ардчилсан намын бүлэг энэ хуулийг төслийг хэлэлцэж, дэмжсэн байна. Мөн энэ хуулийн төсөлтэй төсөөтэй хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн учраас энэ хоёр хуулийг нэгтгэж хэлэлцэх нь зохимжтой гэж үзсэн байна. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хөрөнгийг 2012 оны Улсын төсөвт суулгаагүй учраас УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан мөнгө амласан төслийг түлхэхгүй. Үнэхээр одонтой эхчүүдэд нийгмийн халамжийн чанартай хууль хэрэгжүүлэх шаардлага байгаа Ардчилсан намын бүлгийн дарга онцолсон. Сүүлийн үед Эх орны хишиг болох 21 мянган төгрөг өгөх төсөв байхгүй гэдгийг Сангийн яам болон холбогдох албаных хүмүүс нь хэлж буй. Үнэхээр энэ мөнгийг олгох төсөв байгаа эсэхийг тодруулахад Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Эх орны хишиг болох нэг сая төгрөгийг эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өгөх шийдвэр Засгийн газраас гаргасан. Хэрэв Засгийн газарт энэ мөнгийг өгөх төсөв байгаа бол дараагийн ээлжний хүмүүс нь одонтой ээжүүд болон олон хүүхэдтэй ээжүүд өгөх боломж бас бий. Тиймээс Засгийн газраас нэг сая төгрөгөө хэзээ ямар зарчмаар хэрхэн олгох гэж байгаа талаараа УИХ-д тайлагнах ёстой. УИХ-аас хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настануудад олгох сая төгрөгийн 340 гаруй тэрбумыг хаанаас хэрхэн бүрдүүлэхийг зааж, баталсан. Засгийн газар бүрүүдлэлтээ хийгээд энэ мөнгийг олгох ёстой. Олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгө олгох төслийг МАН-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Ганди Засгийн газарт өргөн барьсан. Тэгэхээр мөнгөтэй Засгийн газар байна л гэж бодож байна. Хэрэв сая төгрөг олгох бүрүүлэлтийг тайлагнах, цаашид бүрдүүлэлт олох юм бол энэ төслийг дэмжинэ” гэлээ.