”25 эмэгтэй гишүүнээсээ сонгоно”

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

”25 эмэгтэй гишүүнээсээ сонгоно”

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөл нь өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хуралдаад 2012 оны УИХ-ын сонгуульд уул уурхайн лиценз эзэмшдэггүй, энэ салбарт ашиг сонирхлын зөрчилгүй эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх хамтын шийдвэрт хүрсэн байна. Энэ талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАЭХ-ны гүйцэтгэх захирал И.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Лицензгүй эмэгтэй улс төрчид нэр дэвшүүлнэ гэж байна. Энэ талаараа тодруулаач?

-Монголчууд 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд уул уурхайн баялгаа ашиглан улс орноо хөгжүүлэх, түүний зэрэгцээ ардчилсан улстөрийн тогтолцоо, сайн засаглалыг бэхжүүлж үндэсний эрх ашгаа баттай хамгаалах, хүн ардынхаа ахуй амьдралыг өөд татах шаардлагатай нэн хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Ийм нөхцөлд уул уурхайгаас олох орлого хөрөнгө, мөнгөний төлөөх явцуу өрсөлдөөн эрчимжиж, Монгол орон баялгийн хараалд нэрвэгдэх ноцтой үр дагавар үүсэхээс сэргийлэх, төрөөс эдийн засгийн оновчтой бодлого явуулах, эх нутаг байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь авч үлдэх нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь Ардчилсан эмэгтэйчүүдийн нэн тэргүүний зорилго байх болно гэж үзэж энэ уриалгыг гаргасан.

-Танай намын хувьд энэ жил нэлээд олон эмэгтэй улстөрчид хүч үзэхээр байх шиг байна?

-Хуулиндаа бол нэг намаас 20-иос доошгүй эмэгтэй нэр дэвшинэ гэсэн байдаг. Ардчилсан намаас энэ жилийн 2012 оны сонгуульд 25 эмэгтэй нэр дэвших бодолтой байгаа. Эндээсээ бид сонгож,  шалгаруулна.

-Ардчилсан нам сонгуульд нэр дэвших хүмүүстээ хандивын 50 сая төгрөгийн босго тогтоосон байгаа. Харин эмэгтэй улстөрчид энэ мөнгөө төлж чадахгүй байгаа гэсэн яриа бий?

-Намын босго гэхээсээ илүү, хандивын мөнгө байгаа юм. Энэ 25 эмэгтэй улстөрчид ихэнхи нь хандиваа өгсөн. Зарим нэг нь дутуу өгсөн юм байгаа байх. Нэр дэвших асуудал дээр 50 сая төгрөгийн босго тогтоогоогүй. Асуудлын гол нь намаа санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.

-Ардчилсан намын ҮЗХ-ны 36-р хурал болсон. Үүгээр намын хөтөлбөрөө батлах учиртай. Харин Ардчилсан эмэгтэйчүүдийн хувьд энэ удаагийн сонгуульд ямар зүйлийг мөрийн хөтөлбөрт тодотгож өгсөн бэ?

-Намын хувьд “Монгол хүн-2020” гэсэн хөтөлбөрийг дэвшүүлж байгаа. Энэ хүрээндээ л бид мөрийн хөтөлбөрөө батална. Бидний хувьд түрүүн хэлсэн уул уурхайд лицензгүй байна гэдэг хамгийн наад захын үзүүлэлт. Гэхдээ бид намаас ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлнэ. Түүний дагуу явна. Одоогоор эмэгтэйчүүд тусдаа, тэр нь тусдаа энэ тэр гэсэн зүйл байхгүй. Намын мөрийн хөтөлбөрийг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар шийднэ, өөрөөр хэлбэл гишүүдийн саналаар гэсэн үг.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж