Багш нар молигодуулчихав уу?

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Багш нар молигодуулчихав уу?

Монголын бүх хүүхдүүд, бүх багш нарыг зөөврийн компьютерээр хангаж, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээ амалсан Засгийн газрын амлалт юу болов оо. Бүрэн эрхийнх нь дуусах хугацаа өдрөөс өдөрт хумигдсаар байгаа С.Батболдын Засгийн газрын амалсан олон ажлууд нь  үр дүн муутай, хэрэгжилт нь “0” байгаа нь худлаа биш. Тэдгээр ажлуудын нэг нь “Шинэ зууны боловсрол” төсөл.

Үнэндээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтууд  хэзээ хэрэгжихийг нь хүүхэд, багшгүй л хүлээж сууна.   Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 92 дугаар тогтоолоор баталсан “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн зарим сургуулиудын 2-5-р ангийн сурагчдад “Икс өү” компьютерийг Монгол улсын хэмжээнд 12000 сурагчид олгожээ. Тэрхүү зөөврийн компьютер нь  ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурсантай л адилхан эд байсан талаар эцэг эхчүүд одоо ч шүүмжилдэг. 

 Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөртөө “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт”-ын хүрээнд ерөнхий боловсролын бүх багш нарыг зөөврийн компьютерээр хангахаа  бас амласан. Энэхүү хөтөлбөрт тусгагдсанаар хот хөдөөгийн нийтдээ 26 мянган багш зөөврийн компьютертэй болох ёстой байжээ. Харамсалтай нь, лав л энэ Засгийн газрын үед багш нар “нөөтбүүк”-тэй болж чадахгүй нь тодорхой боллоо.  Энэ асуудал ч сүүлийн үед өндрөө авч, салбарын сайд нь идэж уусан гэх дуулиан олон нийтийн анхаарлыг татсан сэдэв болоод байна.

Үйл явдлын өрнөлийг бүр эхнээс нь сөхөөд үзье. 2008 онд Монгол Улсын Засгийн газар “Шинэ зууны боловсрол”, “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд эмч, багш нарыг зөөврийн комьютерээр хангахаа амлав.  Үүнийгээ орчин үеийн шинжлэх ухаан техникийн хөгжлөөс багш, эмч нар хоцрох ёсгүй. Ийм хэрэгцээ шаардлагын улмаас дээрх төслүүдийг хэрэгжүүлж буй гэдгээр тайлбарлаж байлаа.  Хоёр жил орчим нам гүмхэн байсан дээрхи төсөл Монгол-Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Хятадын Засгийн газар монголчуудад 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн тусламж үзүүлэх сургаар гэнэт “амилсан” билээ.  Тиймээс Монголын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа биелүүлэхийн тулд Хятадын  Засгийн газраас тусламж болгон өгсөн 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 60 сая ам.доллараар нь  багш, эмч нарыг нөөтбүүктэй болгох “Шинэ зууны боловсрол” төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
 
2011 оны есдүгээр сарын 1-нд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр мэндчилгээ дэвшүүлэхдээ 2011-2012 оны  хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нарыг зөөврийн компьютерээр хангахаа амлав.  Багш нарыг нөөтбүүктэй болгох 2011-2012 оны  хичээлийн жил өндөрлөхөд ердөө нэг сарын хугацаа үлджээ. Энэ хугацаанд хот хөдөөгийн 260 мянган багшийг нөөтбүүктэй болгож чадна гэдэг бараг л эргэлзээтэй болж хувирлаа. 

“Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард БСШУЯ-наас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан бөгөөд уг тендер будилаантсан гэх маргаан өнөө хэр үргэлжилж, бүр сүүлдээ салбарын сайд нь чамгүй мөнгө халаасалсан гэдэг асуудалд өртчихөөд байгаа юм. Тендерт Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компанийн консерциум оролцсон бөгөөд Хятадын “ZTE” компани ялсан байдаг.  Тендер шударга явагдаагүй гэдэг шалтгаанаар  “Haier” БСШУЯ, Сангийн яаманд энэ асуудлаар гомдол гаргаж байсан  удаатай.  Сангийн яам болон Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас тендертэй холбоотой үүсээд байгаа асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй л байгаа. Багш нарыг комптьютержүүлэх ажил яагаад гацаад байгаагаа ч тэд тайлбарлаагүй л байна. Ямар ч байсан БСШУЯ-наас явуулсан  тендерийн будилаан, маргаанаас болоод Засгийн газрын багш нарыг нөөтбүүктэй болгох амлалт талаар болж багш нар бас л молигодуулчих нь тэр.  Гэхдээ тэдэнд ирэх сонгуулийн үеэр Засгийн газрын  энэхүү амлалтад дүн тавих эрх нь бий.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж