Улсын төсвөөр хайгуул хийж нөөцөө тогтоосон ил ордоос олборлосон нүүрсээ ОХУ-аар дамжуулж Азийн зах зээлд экспортлоно хэмээн өч төчнөөн хөрөнгө босгосон тэрээр хэдэн саяар нь нүүрс экпортлоно хэмээн цээжээ дэлдэж, мундахгүй их шоудсан ч энэ нь лөөлөө болж хувирч байгаа бололтой. Гаалийн байгууллагын мэдээллээр энэ компани нь нүүрсний олборлолтоо эхэлснээс хойш дөнгөж 10 мянган тонн нүүрсийг хөрш зэргэлдээ ОХУ-ын Буряд улсад нийлүүлсэн байна. Үүнээс гадна, Професси Коул нь манай хойд бүсийг цахилгаан эрчим хүчийг хангаж буй Дархан, Эрдэнэтийн ДЦС-уудыг тасралтгүй нүүрсээр хангах үүрэг амлалтаа байнга тасалдуулж иржээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр нүүрсийг хүнд даацын автомашинаар тоос шороо татуулан тээвэрлэдэг нь зөвхөн өмнийн говийн эмгэнэл бус одоо бүр манай улсын газар тариалангийн эх нутаг болох Сэлэнгэ аймагт ч бодит аюул болоод байна. 2010 онд уурхайгаа ашиглалтанд оруулж байхдаа шинээр засмал зам тавьж нүүрсээ тээвэрлэнэ, орон нутагт асар их хөгжил авчрана гэсэн нь ингээд лөөлөө болж хувирч байгаа бололтой. Зэлтэрийн гол, тэр үзэсгэлэнт нутгийн байгаль орчин, малчин ардын аж амьдралд энэ уурхай сөргөөр нөлөөлж байгаа талаар ч нутгийн иргэд ярих нь ч олшров.
Өмнөх хураасан ясаа даахгүй байж сүүлийн үед дэлхийн томоохон санхүүгийн сайтуудаар Професси Коул компани нь Хэнтий аймгийн нутагт орших Чандганы хүрэн нүүрсний ордыг түшиглэн 600 мегаватын цахилгаан станц барьж Монгол улсыг, улмаар өмнөд хөрш Хятад улсын эрчим хүчний хэрэгцээг хангана гэж мөн ээлжит шоугаа тавив. Монгол улсад эрчим хүчний хэрэгцээ тогтмол өсч байгаа хэдий ч Професси мэтийн компани ийм хэмжээний төсөл эхлүүлнэ гэдэг бол зангууны үлгэр бөлгөө. Энэ мэтийн гадны компаниуд Монголын ард түмний баялгаар хөрөнгө босгож туйлдаг явдал хэрээс хэтэрлээ. Манай төр засгийн эрчим хүчний удирдах байгуулагууд ч энэ шоунд идэвхийлэн оролцож өмнөх уурхайгаа ч олигтой ажилуулж дөнгөхгүй байгаа компанид хэдэн зуун тэрбум долларын цахилгаан станц барих зөвшөөрлийг саадгүй олгосон байх юм. Хэдэн жилийн өмнө нь Эзэн Чингисийн нутагт Хятадын компани хайгуул хийх нэрийдлээр сүйтгэх гэж байна гэж УИХ-ын гишүүн дархан аварга мань мөн ч их тэмцсэн билээ. Энэ удаад Хятадынх биш ч, хаанахын ямар компани энэ төслөөр шоудаж байгааг тус нутгаас сонгогдсон бөгөөд энэ онд сонгогдохоор бэлтгэж байгаа УИХ-ын гишүүд мань сонирхсон юм болов уу. Улаанбаатарын ТЭЦ 4 шиг дайны цахилгаан станцыг энэ нутагт байгуулах нь байгаль орчин болон гол ус, нутгийн малчин ардын маань аж амьдралд ямар нөлөө үзүүлэх, гол нь ийм хэмжээний төслийг хэрэгжүүлэх чадавхийг нь манай ЭБЭХЯам, Эрчим хүчний төв байгууллагууд болон орон нутгийн удирдлага эрх биш судлаж байгаа байх.
Хөрөнгө мөнгөний чадвар сайтай гадны компани Монгол Улсад маань хөрөнгө оруулалт хийж бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулаасай гэж хэн хүнгүй л бодох нь тодорхой юм. Тэгсэн хэдий ч хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр асуудлыг царцанги байдалд оруулж, хий хоосон шоу хийгчдийн бай болмооргүйсэн