Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах саналтай байсан Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын УИХ-ын гишүүд УИХ дахь МАН-ын бүлгээс гарахаар шийдвэрлэснээ МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинд өчигдөр үдээс хойш уламжиллаа. Эргэн сануулбал, Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Засгийн газрын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлагадаа “2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр цагдаагийн бие бүрэлдэхүүн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг хангах үндсэн чиг үүргээ умартан Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчин, Их хурлын бүрэн эрх, УИХ-ын гишүүний хуулиар тусгайлан хамгаалагдсан эрхэнд халдсан гэмт хэрэг өдүүлсэн. Энэ буруутай үйлдлийн улс төр, ёсзүйн хариуцлагыг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээх ёстой” гэж буй аж. Эдгээр есөн гишүүний найм нь МАН-ын гишүүд бөгөөд гишүүн Д.Загджав, Ч.Улаан, Р.Раш, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн болон тусдаа нам байгуулан гарсан Ц.Шинэбаяр багтсан. Ингээд шөнөөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг өргөн барьсан МАН-ын найман гишүүнээс Д.Балдан-Очир, Р.Раш нар нэрээ татаад авчихаж. Ингээд долоо болсон бололтой. Харин өчигдөр бүлгээс гарах өргөдлөө дөрвөн гишүүн л өргөн барьсан бөгөөд Д.Загджав нар өргөдөл өгөх үеэр алга болсон гэж зарим эх сурвалж хэлж байна. Тэдний энэ үйлдлийг хэвлэлийнхэн МАХН-ын бага хурал болж буйтай холбон тайлбарлаж байсан бөгөөд твитерчид “гишүүд МАХН-д гишүүнээр элсэж байна” хэмээж байв. Ингээд энэ талаар гишүүд өчигдөр ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Д.Тэрбишдагва: БИДЭН ДЭЭР ДӨРВӨӨС ИЛҮҮ ГИШҮҮД НЭМЭГДЭНЭ.
Монголчууд бид хүчтэй байсан одоо харин сул дорой болж гадныханд барьцаалагдаж байна. Ийм зүйл байж болохгүй ээ. Өөрчлөх л хэрэгтэй. Бидэн дээр дөрвөөс илүү гишүүд нэмэгдэнэ.
Ц.Даваасүрэн: ОДООНООС ЭХЛЭЭД БИ БҮЛГИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОХГҮЙ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг намын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанаас хэлэлцээд “Огцруулахгүй” гэж шийдвэр гаргахад нь түүнийг нь эсэргүүцэж “Одооноос эхлээд би бүлгийн хуралдаанд оролцохгүй шүү” гэдгээ л албан ёсоор бүлэгт мэдэгдсэн.
- Ч.Улаан: Намаас гарах өргөдөл өгөөгүй
- Намаас гарсан талаар яриа хаанаас гарсныг мэдэхгүй. Одоогоор намаасаа гарах өргөдөл өгөөгүй байна.
Б.МАНДАХ
Эх сурвалж: "Ардын эрх" сонин
Эх сурвалж: "Ардын эрх" сонин