”Нийслэлийн сонгогч нэг саналын хуудас бөглөнө”

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

”Нийслэлийн сонгогч нэг саналын хуудас бөглөнө”

УИХ,
нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит сонгууль болоход хоёр сар
хүрэхгүй хугацаа дутуу байгаа энэ үед Сонгуулийн ерөнхий хорооноос
бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын сонгууль зургадугаар
сарын 28-нд зохион байгуулах шийдвэр гарсан.  Харин гадаадад байгаа
иргэдийн саналыг тухайн улсад суугаа Консулын газраар дамжуулан
зургадугаар сарын 10-н буюу ням гаригт зохион байгуулах гэнэ. УИХ-ын
сонгууль болохоос 15 хоногийн өмнө  гадаадад байгаа иргэдийн саналыг
авсан байх ёстой аж. Тиймээс өчигдөр СЕХ-ын ээлжит хурал болж гадаадад
байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн саналыг авах ажлыг зохион
байгуулах хамтарсан комисс байгуулагдлаа. Энэ тухай шийдвэрийг  өнөөдөр
болсон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас гаргав. Тус
комиссыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга ахлаж,
бүрэлдэхүүнд нь Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын
бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл орсон байна. Энэ жил анх удаа
гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд саналаа өгөх бөгөөд зөвхөн намын
нэр дугуйлах аж. Гадаадад байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын
28-ны 20.00 цагаас хойш тооллогод хамруулах гэнэ.

Сонгуулийн
ерөнхий хорооноос гаргасан дүнгээр энэ жил 1.834.461 иргэн УИХ-ын
сонгууль өгөх юм байна. Харин тойргийн хороо 26, салбар хороо 340,
хэсгийн хороо 1950, нийт гишүүдийн тоо 10 мянга 50 хүн байхаар
төлөвлөсөн аж.

УИХ-ын сонгуулийн тухай хуулинд автоматаар санал
хураалж зохион байгуулна гэсэн байгаа учраас мэдээллийн технологийн 26
баг, 1950 даамал, 2080 энэ чиглэлийн ажилчин байхаар тусгаж нийт 16
тэрбум 824 сая төгрөг зарцуулах тооцоог гаргаад байгаа юм байна. Энэ
саналыг УИХ-ын өргөн барьсан байгаа бөгөөд нэгдсэн чуулганаар энэ
асуудлыг хэлэлцэх учиртай. Гэтэл УИХ  сонгуулийн тухай хуулийг хэрхэн
явуулах тал дээр одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байгаа учраас
Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн саналыг хэзээ шийдвэрлэх нь
тодорхойгүй байгаа юм.

Сонгуулийн тухай хуулинд сонгуулийн санал
авах өдрөөс 60 хоногийн өмнө УИХ-ын сонгуулийн товыг зарлана гэсэн
байдаг. Зургадугаар сарын сүүлийн өдөр буюу мөн сарын 29-ний өдрөөр
тооцоод үзвэл энэ сарын 29-ний өдөр сонгуулийн товыг зарлах ёстой юм
байна.

Мөн улстөрийн намуудын сонгууль болохоос 50-иас доошгүй
хоногийн өмнө УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэж, СЕХ-д хандах
учиртай. Тиймээс намууд тавдугаар сарын 9-өөс өмнө сонгууль оролцох
эсэхээ СЕХ-нд мэдэгдэх болж байна. Харин УИХ-ын ээлжит сонгуулийн тов
зарлагдснаас 20 хоногийн дараа улстөрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж
СЕХ, тойргийн хороодод нэрсээ өгөх ёстой аж. Ингээд тав хоногийн дотор
нэр дэвшигчийг бүртгэснээр тэд сурталчилгаагаа хийх эрх нээгдэх учиртай.
Нэр дэвшигчдийн сурталчилгаа зургадугаар сарын 27-ны өдрийн 00.00 цагт
дуусгавар болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хувьд сонгогчдын
саналыг авахаас 55-иас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрсийн
жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Тиймээс иргэд
сонгогчдын бүртгэл гэсэн вэб сайтад орж өөрсдийн нэр, овог, хаяг,
регистрийн дугаар зэрэг зөрчилтэй байна уу, зөрчилгүй байна уу гэдгийг
нягтлах боломжтой. Хэрвээ зөрчил байвал түүнийгээ шуурхай засуулах
шаардлагатайг мөн энэхүү мэдээллийн үеэр холбогдох албаныхан санууллаа.

СЕХ-ны
дарга Н.Лувсанжав “Энэ удаад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын
төлөөлөгчдийг сонгох сонгууль нь УИХ-ын сонгуультай хамт нэг өдөр болох
учраас нийслэлийн иргэд хоёр талтай нэг саналын хуудас бөглөх болж буй
юм. Нэг талд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт, намын
нэр байх бол  нөгөө талд нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшиж
буй нэрс бий. Тэдгээрээс сонголтоо хийнэ. Одоогийн байдлаар 1907 хэсгийн
хороо ажиллаж түүнд 18000 хүн ажиллана гэсэн урьчдилсан тооцоог гаргаад
байна”   гэлээ. Саналын хуудас хэвлэх автомашины хувьд эхний ээлжийн
машинууд ирсэн, тестийн хяналтад орж байгаа. Уг машиныг 1500 хүртлэх
хүнтэй хороонд нэг, 1500 ба түүнээс дээш хүн амтай хороодод 2-3 машин
байрлуулахаар төлөвлөөд байгаа гэв.

Мөн машин нь хоёр талтай
саналын хуудсыг уншиж, таних бүрэн боломжтой гэлээ. Санал тоолох 2500
машиныг АНУ-аас авах ёстой. Одоогийн байдлаар 1044 машин авчирсан байна.
Санал тоолох машиныг авчраад нийт гурван шалгалт хийж байж тойргууд руу
хуваарилах юм. Хамгийн эхэнд хүлээн авах шалгалт хийнэ. Энэ шалгалтад
машин нийлүүлж байгаа АНУ-ын компани, Сонгуулийн ерөнхий хорооны
мэдээлэл, технологийн төвийн ажилтнууд орсон ажлын хэсэг авчирсан байгаа
1044 машиныг хүлээж авах шалгалтыг одоогийн байдлаар хийж байна.
Дараагийн ээлжийн 900 орчим машиныг энэ сарын эхээр оруулж ирнэ. Үлдсэн
машиныг энэ сардаа багтаан авах юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж