Надад инээх долоон шалтгаан бий

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Надад инээх долоон шалтгаан бий

“Хаха. Гоё л улс юм. Рекламны самбар нь хүртэл ингэж гацаад байх даа яахав”. Угтаа энэ хэдэн шоолсон үгийг Их дэлгүүрийн урд талын шатан дээр хаачихаа мэдэхгүй суусан Английн өсвөр насны хүүхдүүдийн хэлсэн үг. Их дэлгүүрийн урд талын талбайд байдаг том дэлгэц хэсэг хугацаанд ажиллахаа болж “System Error” гэсэн цэнхэр дэлгэцтэй хэсэг гацсан хэрэг. Ингэж манай улс гадны өсвөр насны хүүхдүүдийг бага ч болов хөгжөөсөн юм даа. Угтаа манай хотод үүнээс өөр инээлгэх зүйл бишгүй дээ олон.

Олны нэрлэж заншсанаар Шан-Грила албан ёсоор Сентрал Таурын урд байх Марко Пологийн хөшөө байна. Угтаа Итали үндэстэн мөртлөө Чуваш хувцас өмсч, 13 дугаар зууны хүн атлаа 15 дугаар зуунд Гутенбергийн нээсэн номыг барьж зогсох хөшөө. Чухам энэ хөшөөгөөр юуг өгүүлэх гэснийг таашгүй. Хөшөөг бүтээсэн хүмүүсийн хэлж байгаагаар Марко Поло долоон жил манайд ажилласан гэж яриад байгаа. Угтаа дөрвөөс таван жил Юань улсын нийслэлд ирсэн л хүн. Гадны жуулчид үүнийг хараад яагаад энд баригдсаныг нь гайхаж магад арга ч үгүй юм. Үүнийг яагаад босгосон ямар учир агуулгатайг нь илтгэх ямар ч бичээс энэ хөшөөнд байхгүй. Хэний ивээн тэтгэсэн гэсэн бичээсийг эс тооцвол шүү дээ. Инээд хүргэх эхний зүйл нь энэ.

Инээд хүргэх дараагийн шалтгаан. Үдэш  бүр нээлттэй байх баар, цэнгээний газрууд. Энэ үгийг хараад яасан “Дөхөөний баагий вэ. Пиавдаж, баардаж мэдэхгүй” гэж хэлэх хүн олон. Угтаа ямар ч хотыг шөнийн амьдралаар нь хэмждэг. Гэтэл манайд байгаа газрууд нь энд тэндээс олсон хэдэн миксийг чухам хэнийхийг нь ч мэдэхгүй сольж, холин тавьж, архи, пиаваар хахаж цацтал нь үйлчлэх газар болон хувирчээ. Гадны орнуудын стандартыг энд яриад ч хэрэггүй. Ядаж байхад хаалгаар нь насанд хүрээгүй хүүхэд оруулахыг нь яана гээч. Чанга хөгжимд балбуулж, хатуу дарсанд нүдүүлсэн хүмүүс гараад чухам юу хийх нь ойлгомжтой. Очих нь газар нь эмнэлэг, эрүүлжүүлэх гэсэн хоёрхон л газар.

Инээд хүргэх гурав дахь шалтгаан. Ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ижилхэн эрх эдлэн нийтийн тээврээр үнэгүй зорчих залуус. 70 гарсан эмээ хажууд нь зогсоод байтал нүдээ анин, чихээ тагласан залуус “хавьтуул нь” гэж байхгүй. Эсвэл 40 гарсан хүмүүстэй суудлын төлөө хэрэлдэж, “новш”, “гөлөг” дээрээ тулна. Эсвэл виза картаа барьсан согтуу нөхдүүд орж ирэн яаж хүн зодож, хэдэн шил архи ууснаа сайрхан ярина. Эсвэл хөгшин настай хүмүүс дээр очин суудлаасаа болохгүй юм уу хөгшөөн гэж хээв нэг ярих залуус. Тэдэнд ингэж цам харайх хоёр шалтгаан бий. Нэг нь “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөг, нөгөөх нь оюутан бүрт сар бүр олгодог 70 мянган төгрөг. Чухамдаа үүнийг тараах үеэр залуус ингэж цам харайдаг болсоор уджээ.

Инээд хүрэх дөрөв дэх шалтгаан. Утга нь үл олдох, ямарч төлөвлөлтгүй замбараагүй баригдсан барилга. Энэ хотын төлөвлөлтийг олно гэдэг өвсөн дотроос зүү эрэхтэй ижил. Та хэрвээ Самбуугийн гудамжаар орсон бол гурав алхаад Төмөрчний гудамж руу орно. Хамгийн инээдтэй нь Самбуугийн гудамж, Төмөрчний гудамж хоёрын дунд нь нэг барилга овоолчихно. Гадаадынхан гудамжны нэрээ хэлээд очих газраа олдог бол манайд энэ байдал үгүй шүү дээ. Тэнд байдаг тийм юмны хажууд гэж хэлэхгүй л бол олохгүй. Гадаадын жуулчдын хөтчийн номон дээр “Peace” avenue гэж бичсэн байх боловч Монгол, Англи нэрийг хольж бичсэн юм байхгүй болохоор олж очиход тун төвөгтэй. Тэгсэн атлаа гадаадын нэртэй олон гудамж, тохойтой. Намянжүгийн гудамж, Сөүлийн гудамж, Москва хороолол гэх мэт гадаад нэртэй газрууд олон.

Инээд хүрэх тав дахь шалтгаан. Байнга тасрах тог. Чухам яагаад ингэж тасардаг нь бүү мэд. Магадгүй эрчим хүчний “дэд бүтэц” гэж Дэлхийн банкны тайланд бичигддэг зүйл нь манайд дутуу байдагтай л холбоотой байх. Чухам энэ шалтгаанаас болж бид “Мон-Лаа”-г тэжээдэг байж магадгүй. Иргэншсэн басхүү метрополис гэж нэрлэдэг энэ хотод тог тасарч байна. Айл бүрийг компьютержүүлэх “Цахим засаглал” хөтөлбөр хэрэгжих нь усан дээр гал түлэхтэй адил. Сая хүнтэй хотын тог долоо хоногтоо хоёр тасрах нь энүүхэнд  Бүр заримдаа өдөртөө гурав бүр хоногоор тасрах нь бий.

Инээд хүрэх зургаа дахь шалтгаан. Дөрвөн гаруй их наяд төгрөгийг 10 гаруй жил зарцуулсан ч буурч, шавхагдаж өгдөггүй их утаа. Утаагүй зуух, шахмал түлш, 5000 мянган айлыг орон сууцжуулаад ч нөгөөх утаа багассангүй. Чухамдаа утаа хэмээх гайхлын гол бурууг “өвөл” хэмээх хатуу улиралд тохож болох. Ийм л учраас энэ их мөнгийг үрээд ч барагдахгүй байгаа нь ойлгомжтой.

Инээд хүрэх сүүлийн шалтгаан. Инээд хүргэх интернэтийн хурд. Саяхан явуулсан судалгаагаар Хятад улсын захын хязгаарын нутгаас бага хурдтай болохыг тогтоожээ. Дэлхийн дунджаас тав дахин бага хурдтай интернэтийн орчинд ажиллаж, амьдарч байна. Зах хязгааргүй үргэлжлэх энэ их далайд бид ямар нэгэн аврах хантаазгүй сэлж байна гэж ойлгож болно. Ядаж байхад энэ удаан интернэт дунд бид цахим орчинд ямар ч хамгаалалтгүй байгаа шүү дээ. Гэтэл хамгаалалтаараа гайхагддаг АНУ-д сардаа 15000 мянган халдлага бүртгэгддэг гэсэн тооцоо бий.

Английн өсвөр насны хүүхдүүдийн инээдээр хүч түрсэн иймэрхүү инээд хотод олон. Инээдтэй хотын, инээдтэй удирдлагууд чухам юу хийж, инээлгэхгүй болгох вэ гэдгийг таахын аргагүй. Чухамдаа хэзээ ч байж болно, лав л маргааш биш.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж