Одоо С.Ганбаатар эрхэм юу гээчтэй тэмцэл хийхээр санаа сэдэж байгааг таахад хэцүү. Уг нь эрх биш эдийн засагч мэргэжилтэй хүн инфляцийг юу хөөрөгддөг гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг. Гэвч хүмүүсийн нүдэнд баатар болж л байвал юу ч болж байсан хамаагүй чалчиж л байдаг бололтой. Бас түүнтэй дөрөө харшуулан жийгүүлэгч нэг амидай нь байна. Ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэл хоёр уг нь хэлэлцээрийн ширээний наана цаана суугаад гол тэмцлээ өрнүүлж байх ёстой хоёр этгээд жагсаал цуглаан, хийх шаардлага тавих тал дээр бол жинхэнэ дөрөө нэгддэг. Ажил олгогч эздийн холбооны тэргүүн ноён Х.Ганбаатар заримдаа жин бан нь хэтэрчихдэг ч чамгүй уран илтгэгч гэж өөрийгөө боддог амидаагийнхаа араас нэлээд сайн тэмцэгч бас илтгэгч болон мэргэшиж байгаа.
Оны дараахан болсон нефтийн бүтээгдэхүүн болоод бусад барааны үнийг бууруулах сүрт жагсаалын дараа Засгийн газартай зөвшилцөлд хүрэв хэмээн тохой нийлүүлэн суугаад
- Шатахууны хангамжид доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэх хөрөнгийг шийдвэрлэж, улирлын хэрэгцээний нөөц бүрдүүлэх ажлыг түргэвчлэх.
- Аймаг, нийслэлийн Засаг дарга нар, иргэд аж ахуйн нэгжүүдэд байгаа махны нөөцийн судалгааг нэн даруй гаргаж томоохон хот суурин газруудад махны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах
- Махны нөөцийг баталгаатай байлгахын тулд Эргэлтийн сан байгуулж дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээр дэмжих гэх мэтчилэн асуудлаар зөвшилцөн тохиролцлоо хэмээн мэдэгдэж байсныг та санаж буй байх. Гэтэл үүнээс ердөө хэдхэн сарын өмнө 2011 арваннэгдүгээр сард болсон “Мөнгө, санхүүгийн орчин” хэлэлцүүлэг дээр тэрбээр “Инфляцид төрөлжүүлсэн бодлого хэрэгтэй байна. Яагаад Монголбанк суурь инфляцийн асуудал болох мах, гурилын үнэ мэтийг өнөөдөр яриад байгаа юм бэ. Өнөөдөр улс орны эдийн засгийг мөнгөний бодлогоор дэмжих ёстой. Эдийн засгаа инфляциас хамгаалж байгаа нь энэ гээд бодлогын хүүг өсгөөд байх юм. Бодлогын хүүгээс өөр ямар арга хэмжээ авав гэтэл өнөөх нь банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх л байгаа. Одоо ч бодлогын хүүг нэмэгдүүлэх талаар ярьж байна. Хэрвээ 15 хувь болгох юм бол бид эрс эсэргүүцэх болно. Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй нийлж жагсаал хийхэд ч хүрч мэднэ” гэж цамнаж байсан байх юм. Харин хоёр сар гаруйн дараа махны үнэ инфляцийг хөөрөгдөөд байгааг гэнэт ухаарсан бололтой.
Тиймээс Ганбаатартангууд 2012 оны нэгдүгээр сарын 30-нд
- Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч ажиллаагүй Монголбанкинд үнэлэлт дүгнэлт өгч, арга хэмжээ авах, гадаад худалдааны голлох валютын ханшийн долоо хоногийн хэлбэлзэл хоёр хувиас дээш гарсан тохиолдолд төв банк Засгийн газартай зөвшилцөж, хамтран шийдвэрлэдэг байх саналыг УИХ-д хүргүүлэн,
- Монголбанкны ерөнхийлөгчийн дэргэд Мөнгөний бодлогын зөвлөл байгуулж, төр, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хэрэглэгчийн байгууллагын төлөөллийг оруулах тухай заалтыг Валютын зохицуулалтын тухай хуульд нэмж тусгах
- Америк доллартай харьцах төгрөгийн ханшийг өсөхөөс өмнөх төвшинд яаралтай хүргэх үүргийг Төв банкинд өгөх шаардлагыг хоолой нийлүүлэн тавьж байж. Эдийн засгийн мэдлэг муутайхан болхи нэгэн вээр бол андуураад тавьчихсан байж магадгүй шаардлага. Америк долларын ханшийг яаралтай буулга гэж төвбанкинд шаардлага тавьж байна гэдэг бас л их бөх зүрхтэй хүний үг байх, эсвэл зах зээлийн нийгэм болоод төв банкны үүрэг чиглэл, бие даасан тэргүүтнийг мэддэггүй хүн бол. Гэтэл мань Х.Ганбаатар Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн нь юм байна. Хяналтын зөвлөлийн гишүүн нь ингэж төв банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэж дайрч болдог юм болов уу? Харин ч төв банкны удирдлагуудыг бодлогогүй алхам хийх вий гэж хянаж байх ёстой хүн. Үгүйдээ л хяналтын зөвлөлд нь байдаг хүн төв банкны үүрэг чиглэл, бие даасан байдлыг сайн мэдмээрсэн. Ингэхэд төв банкны Хяналтын зөвлөлд ингэж үйлдвэрчний эвлэлийнхэн шиг амаараа нэгийг хэлж хашгираад ар хударгаараа банкны бодлогыг “алах” ажил хийгээд явах хүнийг байлгаж болдог юм болов уу. Ямартаа ч өнөөхөндөө дахиад ингэж тэн бангүй, худал үнэн зүйл хольж хутгаж бүү яриасай л гэж найдаж суухаас…
Мартсанаас удахгүй Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Х.Ганбаатар тэргүүтэн бодлогын хүү 15 хувьд хүрэв хэмээн жагсаал, цуглаан хийж магадгүй шүү. Цуглаан нь дахиад л даарин дээр давс нэмж инфляци өдөөх нь харин дамжиггүй гээд урьдчилаад хэлчихэд гэмгүй байх.