“Зуун жилийн өмнөх Нийслэл хүрээ”-г сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

“Зуун жилийн өмнөх Нийслэл хүрээ”-г сонирхоорой

БСШУЯ санаачлан Францын элчин сайдын яам болон О-де-Сейнь мужийн дэмжлэгтэйгээр “Нэгэн зууны тэртээх Монгол улс-Францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг өнөөдөр Уран зургийн галлерейд нээв. Зуун жилийн өмнө хүрээнд ирж дарсан Францын гэрэл зурагчны өнгөт гэрэл зургуудыг Монголд анх удаа нээн үзүүлж байгаагаараа энэ үзэсгэлэн их онцлог, ач холбогдолтой юм.

20-р зууны эхэнд Францад амьдарч байсан Альберт Кан хэмээх банкны эзэн гэрэл зурагчин Стефан Пассейг санхүүжүүлэн Монгол руу илгээн эдгээр өнгөт гэрэл зургийн цуглуулгыг хийлгэж байжээ. Өнөөдөр түүний музей Францын нийслэл Парист байдаг бөгөөд жил бүр Альберт Канын дэлхийн өнцөг бүр рүү илгээсэн гэрэл зурагчдын бүтээлүүд орон орноороо үзэгчдийн хүртээл болон бүтэн жилийн турш нээлттэй ажилладаг юм байна.

Альберт Канын музейд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын 1912-1913 оны өнгөт гэрэл зургийн үзэсгэлэн ийнхүү нээлтээ хийсэн нь өнөөдөр Монголын үзэгчдийн хүртээл боллоо.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ хүрэлцэн ирж үг хэлэн, ёслолын тууз хайчлав.

Үзэсгэлэнгийн нээлт дээр БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.

-Гэрэл зурагчны хальсанд яг хэдэн оны Монголын аж, амьдрал буусан бэ?

-Гэрэл зурагчин Стефан Пассей 1912 оны зун Сахараар дайраад Монголд орж ирэх гэхэд Монголын хилийн харуул оруулаагүй. Буцаад 1913 оны зун Хиагтаар дамжиж орж ирсэн. Тиймээс зарим зураг нь 1912 оны зун, зарим нь 1913 оных байгаа.

-Үзэсгэлэнд нийт хэчнээн бүтээл олны хүртээл болж байна?

-Нийт 80 өнгөт гэрэл зураг, 25 минутын кино бичлэгийг сонирхуулж байна. Хамгийн гол нь зуун жилийн өмнөх гэрэл зураг, кино бичлэгүүд гэхэд маш сайн хадгалагдаж үлдсэн. Бид нар чинь 1912 онд өнгөт гэрэл зургийг гарчихсан байсан гэж мэддэггүй хүмүүс шүү дээ. Манай түүх музейд байдаг өнгөт гэрэл зургууд бол 60-70-аад оноос эхлэн анх гарч эхэлсэн байдаг. Энэ утгаараа маш сонирхолтой үзэсгэлэн болж байгаа.

-Эдгээр өнгөт гэрэл зурагт тухайн үеийн Монголын амьдрал тэр чигээрээ буусан гэсэн үг шүү дээ. Түүхэн хүмүүсийн гэрэл зургууд ч байгаа байх?

-Бид жил гаруйн өмнөөс уг уг музейтэй хамтран ажиллаж байна. Эдгээр авсан гэрэл зургууд дээр түүхэн хүмүүс байна уу, үгүй юу гэдэг дээр манай түүхчид хамтарч сууж судалж үзсэн. Одоогийн байдлаар Сангийн яамны сайд Түшээ гүн Чагдаржав, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан Жалханц хутагт Дамдинбазар, түүхэнд нэр нь дурьдагдаж үлдсэн Эрдэнэ Шанзад Бадамдорж гэх мэтийн хүмүүсийн зурагнууд байна гэдэг таамаглал манай түүхчид дэвшүүлж байгаа. Энд бас нэг сонирхолтой гэрэл зураг бий.Тасганы овооноос Улаанбаатар хотыг 1912 онд ямар хот байсан бэ гэдгийг буулгасан байгаа. Одоогийн Улаанбаатартай харьцуулах юм бол зуун жилийн дараа ямаршуухан улс үндэстэн болоод байгаа вэ гэдгйиг рэгцүүлэхэд хэрэгтэй юм бол уу гэж бодож байгаа. Энэ бол Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаад зургаан сар болоогүй байхад ирж авсан гэрэл зургууд байгаа юм.

-Соёлын солилцооны хувьд эдгээр гэрэл зургуудаас манай улсад тодорхой хувь нь үлдэх үү?

-Францад өнгөрсөн арваннэгдүгээр сард энэ үзэсгэлэнг нээлтээ хийж байхад би очиж оролцсон. Гарсан цагаасаа үзэгчдийн сонирхлыг татсан үзэсгэлэн болж байгаа учраас ирэх есдүгээр сар хүртэл Францын мужуудаар энэхүү үзэсгэлэн аялаж гарна. Альберт Каннын музейд 1109-1930 он хүртэлх дэлхийн 50 гаруй улс орноор гэрэл зурагчид аялж өнгөт гэрэл зураг авсан байдаг. Зарим тодорхой зургуудыг манай талд шилжүүлж өгнө, ялангуяа түүхэн хүмүүстэй холбогдолтой зургуудыг. Гэхдээ энэ бол зохиогчийн эрхтэй холбоотой асуудал учраас бүхлээрээ шилжүүлж авах асуудал бол амаргүй. Одоогоор эдгээр зургуудаа олон түмэндээ танилцуулахаар авчраад байна.

Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажиллаж байгаа Монгол-Францын соёлын төвийн захирал Софи Латяадтай уулзлаа.

-Нэгэн зууны тэртээх Монгол улс-Францын гэрэл зурагчны дуранд хэрхэн буусан бол?

-Энэхүү үзэсгэлэн бол зуун жилийн тэртээх Монгол Улсыг өнгөтөөр харуулсан үзэсгэлэн байгаа. Францад Альберт Каннын музей гэж байгаа. Тэрхүү Альберт Кан гэдэг хүн бол 20-р зууны эхэн үеэр амьдарч байсан банкны эзэн нэлээн хөрөнгөтэй хүн байсан. Гэхдээ тэрээр маш энэрэнгүй үзэлтэй хүн байсан учраас өөрийн бүх хөрөнгөө дэлхий дахины архивыг бэлтгэхэд зориулсан байдаг. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрт гэрэл зурагчин, сурвалжлагч мэдээ бэлтгэдэг хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүр рүү илгээгээд улс орон бүрийн  гэрэл зургийн өөртөө цуглуулж авахаар зорьсон. Тэгээд цуглуулж авсан гэрэл зургуудаа тэрээр дэлхийн архив гэж нэрлэж байсан.

-Түүний гэрэл зурагчнаар хэн гэж хүн Монголд ямар хугацаанд ажиллаж эдгээр бүтээлүүдийг түүхэнд үлдээсэн бэ?

-Түүний Монголд томилсон гэрэл зурагчин Стефан Пассей гэж хүн байсан. Энэхүү гэрэл зурагчин 1912 онд Монголд орох гэж оролдсон боловч тэр үеэр Монголын хил хатуу чанга байсан учраас Хятадын хилээр Монгол руу нэвтэрч чадаагүй. Гэхдээ тэрээр 1913 онд Оросын хилээр дамжин Монголын нутаг дэвсгэрт хөл тавьн эдгээр гэрэл зургуудийг өөрийн дурандаа мөнхөлсөн.

-Монголын тухай нийт хэчнээн бүтээл хадгалагдаж байдаг вэ?

-Альберт Канын музейд Монголын тухай нийтдээ Стефан Пассей авсан 150 орчим гэрэл зураг хадгалагдаж байгаа. Тэндээс багагүй хувь нь ашиглах боломжгүй гэмтсэн. Гэхдээ бид энэ удаад Монголд хамгийн сайхан зургуудаас нь авчираад Монголын ард түмэнд хүргэж байна. Францын Альберт Каны музей бол улсын музей болсон. Францын Засгийн газар энэхүү музейг архив хөрөнгөтэй нь худалдаж авсан учраас жил болгон орон орны гэрэл зургийг нээн харуулдаг болсон. Өнгөрсөн жил Япон улсын талаар нэг жилийн хугацаатай үзэсгэлэнг нээсэн байгаа. Энэ жил тус өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлүүлээд Монголын талаар энэхүү үзэсгэлэнг Францад гаргаж байна. Энэ завшааныг тохиолдуулан Монгол улсад энэхүү үзэсгэлэнгийн нэгээхэн хэсгийг дэлгэхээр авчираад байгаа нь энэ юм.

-Францад нээгдсэн энэ үзэсгэлэн үзэгчдээс ямар үнэлгээ авч байгаа бол?

-Энэхүү үзэсгэлэн Францад маш амжилттай болж байгаа. Музейн захиралын надад хэлсэнээр ийм их ирж үзнэ гэж бодож байгаагүй гэсэн. Тэгтэл түүний төсөөлж байснаас ч олон Францчууд Парист гарч байгаа энэ үзэсгэлэнг ирж үзсэн гэсэн. Монголд амьдарч байгаа Францчууд ч гэсэн өнөөдөр нээлтээ хийж байгаа энэхүү үзэсгэлэнг үзнэ. Францчуудын хувьд маш үнэтэй бүтээл болж чадсан гэдгийг давтан хэлмээр байна. Эдгээр гэрэл зургууд нь Монголын талаарх хамгийн анхны өнгөт гэрэл зургууд юм. Тиймээс нэлээд үнэтэйд тооцогдож байгаа. Энэ завшааныг бүрэн ашиглаад Монголчууд маань хоёр сарын турш Уран зургийн галерейд гарах энэ үзэсгэлэнг ирж үзээрэй.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж