Олон улсын Жазз хөгжмийн өдөр өнөөдөр тохиож байна. 2011 оны арваннэгдүгээр сард Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 36 дугаар чуулганы үеэр ЮНЕСКО болон бусад Олон Улсын байгууллагууд хамтран жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг "Олон улсын жааз хөгжмийн өдөр" болгон тунхагласан юм. Энэ хүрээнд тус олон улсын байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова жазз хөгжмийн үр нөлөөг үнэлэн, гишүүн орнууддаа илгээлт илгээж байна. Энэ өдрийг анх удаа Мускат, Москва, Ереван, Гавана, Парис, Нью Йорк, Нью Орлеан зэрэг хот болон дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэж байгаа ажээ.
Хязгааргүй бүтээлч чанарыг илтгэдэг жааз хөгжим нь АНУ-аас үүсэлтэй бөгөөд эдүгээ дэлхий дахинд өргөн дэлгэр тархжээ. Африкийн уламжлалд суурилж, Европын хөгжмийн хэлбэрүүдийг агуулсан энэхүү гайхамшигт хөгжим нь дэлхий дахины соёл урлагт шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Түүнчлэн жааз хөгжим нь дэлхийн соёлын төрөл зүйлийг улам баяжуулж, хил хязгаарыг түвэггүй дамнан, хүн төрөлхтнийг нэгтгэж байгаа хэмээн ЮНЕСКО-гоос онцолж байна.
У.БОЛОР