“Дөрвөн жил. Маш хурдан санагдах ч яг л урт удаан үргэлжилсэн юм шиг тийм гайхалтай жилүүдийг би энэ багт өнгөрөөжээ. Та бүхэн энэ шийдвэрийг гаргахад ямар хүнд байсныг ойлгохгүй байх л даа. Би та бүхнээсээ өнгөрсөн хэдэн долоо хоногт болсон бүх тоглолтуудаасаа гүнээ уучлал хүсч байна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр Пеп Гуардиола ярьсан байна. Түүнийг энэхүү шийдвэрийг гаргасаны дараа Барселона багийн хөгжөөн дэмжигчид түүнийг хүндэтгэн гудамжиндаа “Баярлалаа, Баяртай” гэсэн бичгүүдийг өргөн зогсч байсан бөгөөд олон нийтийн сайтуудаар түүнд амжилт хүсч, баяр хүргэсэн маш олон сэтгэгдэлүүдийг бичсэн юм.
“Намайг хүндэтгэж байсан энэ олон хүнд би асар их амжилтаар бэлэг барихаас өөр арга байгаагүй. Хөгжөөн дэмжигчид маань надаас өндөр төвшний хүчтэй тоглолтууд гаргахыг менежрийн хувиас шаарддаг. Миний оронд ирэх шинэ дасгуулагч надаас илүү авьяастай байж хөгжөөн дэмжигчдийн энэ их хүслийг биелүүлж чадна гэдэгт итгэж байна” гэж Пеп Гуардиола ярьсан юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон Ла Лигийн тоглолтын үеэр хамгийн гол өрсөлдөгч Реал Мадридад 2-1-ийн харьцаагаар хожигдож, Аваргуудын лигийн хагас шигшээд Челситэй тэнцсэнээр нийлбэр дүнгээр Челси шигшээ тоглолтонд шалгарсан юм. 41 настай Пеп Гуардиола улирал дуусгаад явах шийдвэрээ багийнхаа удирдлагуудад танилцуулжээ. Гуардиолаг ирсэнээс хойш гурван жил түрүүлээд байсан Барселона заналт өрсөлдөгч Реал Мадридад ялагдсанаар Ла Лигийн цомыг алдаж, өнгөрсөн жил түрүүлсэн Аваргуудын лигийн аваргын цолыг алдсан нь нэгэнт тодорхой болсон юм.
Гуардиола Барселона багт 13 наснаасаа эхлэн тоглосон бөгөөд тоглогчийн хувиар Ла Лигийн аваргыг 6 удаа, Европын цомыг нэг удаа хүртсэн юм. Тийм ч учраас түүнийг Барселона багийн бүх цаг үеийн гарааны 11 тамирчны нэгээр зүй ёсоор нэрлэдэг билээ. Дасгалжуулагчийн гараагаа тэр мөн л Барселонад эхлэх хувьтай байсан. 2007 онд тэрээр Барселона багийн хоёрдугаар багийг дасгалжуулж эхэлж байсан юм. Удалгүй жилийн дараа Барселонагийн үндсэн багийг дасгалжуулах болж эхний жилдээ тэр Аваргуудын Лиг, Ла Лиг, Испанийн цом гэсэн гурван цомыг хүртсэн бөгөөд 2009 онд Аваргуудын лиг, Испанийн цом, Испанийн супер цом, Ла лигийн цом, Европын супер цом, Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом гэсэн 6 цомыг хүртсэн юм. Тэрээр дасгалжуулагчийн хувиар нэг жил 6 цом авсан цорын ганц дасгалжуулагч болон түүхэнд үлджээ. Хамгийн сүүлийн жилд Испанийн хамгийн том гурван цомыг, Аваргуудын лигийн аваргаар шалгарсан билээ. Мөн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлсэн юм. Тэр Барселона клубт дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэнээс хойш нийт 13 цомыг хүртжээ.
“Түүнийг ирснээс хойш Барселона баг маш өөр болсон. Гэхдээ дэлхийн шилдэг баг болж өөрчлөгдсөн. Тоглолтын ур чадвар, багийн ойлголцол, сэтгэл санааны байдал гээд бүгд маш өөр болсон. Ийм баг бүтээхийг зарим дасгалжуулагчид зөвхөн мөрөөдөж л чаддаг. Тэгвэл тэр үүнийг бүтээж чадсан. Миний амьд байх хугацаанд түүнээс сайн дасгалжуулагч Барселонад ирэхгүй л болов уу” гэж Испанийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Винсентэ Дел Боске ярьсан байна.
Анх Барселона клубт ирснээсээ хойш урт хугацааны гэрээ байгуулахгүй гэж мэдэгдээд байсан ч дөрвөн жилийн хугацаагаар гэрээгээ сунгана гэж байсан юм. Гэтэл Гуардиола Ла Лигийн сүүлийн тоглолтууд, Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтын дараа багаасаа явах шийдвэрийг гаргажээ. Барселонагийн ерөнхийлөгч Сандро Россел түүнийг багийн түүхэнд үлдэхүйц домогт дасгалжуулагч хэмээн нэрлэж “Пепэд бид чин сэтгэлээсээ талархах ёстой. Тэр хөлбөмбөгийн хамгийн төгс төгөлдөр хувилбарыг цогцлоож чадсан хүн. Үүнийг надаас хэзээ ч асуусан би ингэж хариулах болно” гэж ярьсан байна. Гагцхүү түүнийг удирдаж байх хугацаанд Барселона алдрын оргилд хүрч, дэлхийн хөлбөмбөгийн хамгийн шилдэг багуудын нэг болсон юм. Түүнийг багийн жадны үзүүр болж, довтолгооны хамгийн том хүч болсон Леонелл Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр гурвантаа шалгарч хөлбөмбөгийн бас нэгэн түүх болсон билээ. Леонел Месси Гуардиолаг багаасаа явах болсон талаарх хэвлэлийн бага хурлын дараа үүнд итгэхгүй байгаагаа мэдэгдэж Facebook дахь өөрийн хуудсандаа энэ талаараа бичсэн байна. “Би энэ хүнд асар их өртэй. Түүнд би чин сэтгэлийнхээ гүнээс барялалаа гэж хэлэх ёстой. Пеп миний амжилт, ур чадварыг дээшлүүлж, хувийн карьерыг агуу болгосон нэгэн” гэж 24 настай Аргентин довтлогч Месси ярьсан байна.
Дэлхийн хамгийн сайн, томоохон багийг бүрдүүлж чадсан түүнийг Европын шилдэг багууд урьж, багаа дасгалжуулахыг хүсч санал тавиад байгаа ч нэг хэсэгтээ хөлбөмбөгөөс хол байхыг өөрөө хэлж байгаа юм. “Одоо би зөвхөн сайхан амрахыг л хүсч байна. Алдаа, оноо амжилт, ялалт, баяр бахдал гээд маш хүнд дөрвөн жилийг би өнгөрөөсөн учраас би нэг хэсэгтээ л хөлбөмбөгт орохгүй” гэж Пеп ярьсан байна. 2007 онд анх Барселонагийн хоёрдугаар багийг дасгалжуулж байсан тэрээр унаж, босч явсан багийг дэлхийн хамгийн шилдэг баг болгож чадсан гавьяатай нэгэн билээ.
“Би мянга, мянган тоглолтод оролцож явсан. Яг л диваажинд байгаа юм шиг тийм мэдрэмжийг надад төрүүлдэг байлаа. Энэ олон, хүнд хэцүү тоглолтонд бид боломжгүйг бодит байдал болгож байсан юм” Пеп Гуардиола"
ХОСЕП ГУАРДИОЛА
Ла лиг: 2008-2009, 2009-2010, 2010-2011
Испанийн цом /Копа дел Рей/: 2008-2009
Испанийн супер цом: 2009, 2010, 2011
Аваргуудын лиг: 2008-2009, 2010-2011
Европын супер цом: 2009, 2011
Фифа клубуудын дэлхийн аварга: 2009, 2011
Хөлбөмбөг, түүх, статистик судлалын олон улсын холбооны клубын шилдэг дасгалжуулагч: 2009, 2011
Дон Балон сэтгүүлийн Испаний шилдэг дасгалжуулагч: 2009, 2010, 2011
Европын шилдэг дасгалжуулагч: 2009, 2011
Мигел Мюнозийн цом: 2008-2009, 2009-2010
Дэлхийн хөлбөмбөг сэтгүүлийн оны шилдэг дасгалжуулагч: 2009, 2011
UEFA-ийн шилдэг клубын дасгалжуулагч: 2008-2009, 2010-2011
Ла Лигийн шилдэг дасгалжуулагч: 2009, 2010, 2011
Каталоны оны онцлох хүн: 2009
Дэлхийн шилдэг дасгалжуулагч: 2011