“Чукагийн
гудамж”. Тэр гудамж хаана байдаг бол. Гэхдээ хайх хэрэггүй. Очих
газар чинь тов тодорхой. “Харанга”-ын Чука. Монголын рок, попын
загалмайлсэн эцэг гэгддэг “Харанга”-ынхныг мэдэхгүй хүн Монголд
ховорхон болов уу. Лхагваа, Чука, Манлай, Одсүрэн, Пүүжээ гээд л.
Тэднийг ийн өөриймсгөөр дуудах шалтгаан надад байгаа гэж бодож байна.
Яагаад гэвэл тэдний фен учраас. Сэтгэлд хоногшсон олон сайхан дуунуудыг
нь сонсох дуртай болохоороо “Харанга”-д дурладгийм. Тийм ээ, Чука ах
тоглолтоо хийх гэнэ. Та түүний “гудамж”-нд зочилж үзмээр байгаа биз
дээ. Тэгвэл ирэх сарын 3, 4-нд Улсын циркт хүрэлцэн очоорой.
-”My street”. Өвөрмөц нэр байна шүү. Ингэхэд тэр гудамжнаас яриагаа эхэлмээр санагдлаа?
-Бага
тойруугийн буюу Соёл урлагийн их сургуулийн тэр хавийн гудамж бол
“Чукагийн гудамж” байгаа юм. Би тэнд өсч, төрж, бас дурлаж, хайрласан.
Анх тэр л гудамжинд би урлагтай учирсан. Залуухан ч байж дээ, тэгэхэд.
Одоогоос 30 жилийн өмнө гэсэн үг. Бас хайрттайгаа учирсан. Барилгачдын
соёлын ордон тэр хавьд байлаа.
“Хайрын сэтгэл чамдаа шүү, чамдаа
Хайрт
минь чи итгээрэй…” гэдэг дуугаа анх тэр охинд зориулж, 30 жилийн өмнө
тэр л гудамжинд бичиж байлаа. Тэр гудамжинд миний 30 жилийн амьдрал,
30 жилийн дурсамж үлдсэн байна. Тиймээс би цомгоо “Чукагийн гудамж”
нэртэйгээр гаргасан. Бас цомгоороо энэ тоглолтоо нэрлэсэн.
-30 жил бага хугацаа биш шүү дээ. Гучин жилийн өмнөхөөс тэр гудамж чинь өөрчлөгдсөн үү?
-Бүх
юм өдөр өдрөөр өөрчлөгдөж, хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.
Энэ бол сайшаалтай зүйл. Гэхдээ “миний” гудамжинд өөрчлөгдөөгүй зүйл их
бий. Тэр гудамжинд миний олон сайхан дурсамж, дуртатгал үлдсэн. Тэр
гудамжинд би өнөөдрийг хүртэл хүмүүсийн дуулах, сонсох дуртай дуунуудыг
анх зохиож байсан. Бид хоёрын амьдралд тэр дуу маань томоохон байр
суурь эзэлдэг. Миний хамгийн хайртай гудамж “Бага тойруу” шүү дээ.
-”Чи миний амьдрал” бие даасан тоглолтоо нэлээд хэдэн жилийн өмнө хийж байсан. Хэдэн он билээ, сайн санахгүй байна, уучлаарай?
-Таван
жилийн өмнө “Чи миний амьдрал” тоглолтоо хийсэн. 2003 онд хийсэн
тоглолт байгаа юм. Хүмүүс их сайхан хүлээж авсан. Лхагваа маань тэр
тоглолтод дуулж байлаа.
-”My street” тоглолт “Чи миний амьдрал”-аас юугаараа өвөрмөц байх бол?
-Би
поп болон жааз урсгалаар дуулах дуртай л даа. Ер нь зохиосон дуунууд
маань голдуу жааз юм уу, поп урсгалынх байдаг. Гэхдээ “Харанга” рок
хамтлаг учраас надад жааз, поп урсгалаар тэр бүр дуулах боломж
байдаггүй байлаа. Энэ тоглолтоороо өөрийнхөө олон жилийн хүсэл
мөрөөдлийг биелүүлэхийг хүссэн гэх үү дээ. Тоглолтын онцлог гэвэл
зөвхөн жааз, поп бүтээл эгшиглэх болно. Би өөрөө дуулна. Бас миний
зохиосон дуунуудыг рок, попынхон үзэгчдэд хүргэх болно.
-Хэн, хэн тоглолтод чинь оролцох бол?
-Рок, попынхны ихэнх нь миний тоглолтод оролцож, зохиосон дуунуудыг маань дуулах байх.
-Тэгэхээр “Чукагийн гудамж”-нд рок дуу эгшиглэхгүй гэсэн үг үү?
-Ер нь бол тийм.
-”Харанга” хамтлаг оролцоно биз дээ?
-Оролцолгүй
яах вэ. Миний тоглолт гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэг нь миний
зохиосон дуунуудыг бусад хамтлаг дуучид амилуулна. Хоёрдугаар хэсэгт
“Харанга”-ынхан байна. Манай хамтлагийн үе үеийн залуусын сэтгэлд
хоногшсон дуу, бас шинэ дуунууд эгшиглэнэ. Өчнөөн олон жилийн өмнө
зохиогдсон хэрнээ өнөөдрийг хүртэл хүмүүсийн дунд ХИТ болсоор байгаа
олон дуу байдаг. Тэр дуунуудыг маань “Харанга”-аас нэхэж ирэх үзэгч
цөөнгүй байгаа гэж бодож байна. Түүнийг бас хүндлэх хэрэгтэй. Ингээд
цаашаа явахаар гуравдугаар хэсэг нь миний дуулсан дуунуудаас бүрдэх
болно. Хөгжмөө бичээд, дуугаа дуулаад явдаг хөгжмийн зохиолч тун цөөхөн
л дөө. Ер нь бол амьд дуу хоолой, амьд хөгжмийн гайхамшгийг “Чукагийн
гудамж”-наас мэдрэх болно гэдгийг амлая.
-Таны тоглолтод дуучин Х.Лхагвасүрэн оролцох тухай яригдаж байсан?
-Бид
ярьж, хөөцөлдөж үзсэн. Тийм боломж байхгүй юм билээ. “Харанга” хамтлаг
бусад хамтлагийг бодвол нэг онцлогтой. Тэр нь юу вэ гэвэл, дуучин
олонтой л доо. Гоцлол дуучин Лхагваа маань байна. Бас Манлай тэгээд би
гээд л. Бид олон жил хамтдаа тайзан дээр дууллаа. Нэг нэгнийгээ нөхөх
үедээ нөхөж, хамтрах үедээ хамтарч явлаа. Өөрөөр хэлбэл бид бие биенээ
яаж дуулдгийг нь арван хуруу шигээ мэддэг хүмүүс.
-Та нар түүнийг эргэж очсон уу. Бие нь ямар байна?
-Очсон. Бие яахав дээ. Нүд нь их муудсан байна лээ.
-Сэтгэл санаа нь ямар байна?
-Мэдээж,
тийм газар байгаа хүн сэтгэл санаа нь яаж олигтой байх юм бэ. Тэр
тусмаа уран бүтээлч хүн эмзэг сэтгэлтэй байдаг юм шүү дээ.
-Та хэн нэгэнтэй дуэт дуулах сурагтай байсан. Хэнтэй дуулах юм бэ?
-Тэр
сюрприз хэвээр үлдэг дээ. Тоглолтынхоо бүх сонин сайхныг илэн далангүй
тайлбарлачихвал хүмүүсийн сонирхол буурчихаж магадгүй. Нэг киног яриулж
үзэх өөр, яриулахгүйгээр үзвэл өөр мэдрэмж авдаг шиг. Хэнтэй дуулахыг
мэдмээр байвал тоглолтыг маань ирж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд
бас хэр дуулсан бэ гэдэгт дүгнэлт хийнэ биз дээ. Ямар ч байсан нэг их
хартай бүсгүй, залуу хоёрын тухай өгүүлдэг дуу дуулна.
-Яагаад Улсын циркт тоглолтоо хийх болов оо. “УБ палас” суудал олонтой, гэрэлтүүлэг, тайзны хувьд Улсын циркээс давуу биз дээ?
-Миний
тоглолт бол шоу тоглолт биш. Жинхэнэ амьд тоглолт байх болно гэж дахин
хэлэхийг хүсч байна. “УБ палас” давуу тал олонтой байж болно. Улсын
цирк амьд тоглолт хийхэд илүү тохиромжтой юм шиг надад санагддаг.
Үзэгчид маань намайг аль ч талаас харж болно. Хамтдаа дуулж болно.
Сүүлийн үед электро буюу компьютерээр бүтсэн хөгжмөөс үзэгчид уйдах
болжээ. Амьд тоглолт үзэж, таашаал авах дуртай болсон байна лээ.
-Тоглолтын бэлтгэл хангагдсан уу, тасалбар нь ямар үнэтэй билээ?
-Бэлтгэл
хангагдсан. Тоглолтыг “Херо интертаймент”-ийнхан зохион байгуулж
байгаа. Маш олон байгууллага спонсорлож байна. Энэ дашрамд тэдэнд
хандаж баярлалаа гэж хэлье. Тоглолтын тасалбар 15 мянган төгрөг.
-Таван жилийн дараа та тоглолтоо хийх гэж байна. Урт хугацаа биш гэж үү. Зарим дуучид жил бүр тоглолт хийдэг шүү дээ?
-Уран
бүтээл бол талх, гурилын үйлдвэр биш. Жил бүр тоглолтоо хийвэл урлагийн
мөн чанар алдагдана. Чукагийн үнэ цэнэ ч алдагдана.
-Нэгэн хэвийн тоглолт болчихно гэж үү. Зарим дуучдын тоглолт өмнөхөөсөө ялгарах юмгүй, уйтгартай тоглолт болдог?
-Яг
тийм. Талх тариа бол хүний өдөр тутмын хэрэгцээ. Харин урлагийг бүтээнэ
үү гэхээс үйлдвэрлэж болохгүй. Чанаргүй тоглолт, чанаргүй дуунууд төрөх
болсны шалтгаан энэ шүү дээ.
-Урлагаар
мөнгө олох боломжтой юм байна гэдэг ойлголт хүмүүст төрснөөс тэр байх л
даа. Сүүлийн үед хамтлаг, дуучид дэндүү олшроод байх шиг?
-”Дуугаар бороо шивэрсэн орчлонд
Дууны
сайхан нь үлддэг юм билээ” гэж Ү.Хүрэлбаатарын нэг шүлэг байдаг. Тэр
ёстой үнэн үгтэй шүлэг. Хамтлаг, дуучдын хувьд олон төрж байгааг би
буруутгадаггүй. Урлагаар бизнес хийж болдог юм байна гэсэн ойлголттой
хүмүүс замын дунд үлдэх нь ойлгомжтой. Харин жинхэнэ авьяастай хүмүүс л
урлагийнхаа гал тогоонд чанагдаж үлддэг. Арын хаалга хэрэглээд урлагт
амжилт олохгүй. Нэг л өдөр урлагийн тайз тэднийг арчиж орхисон байдаг.
Тэгээд эргээд харахад түүнд минийх гэх нэг ч дуу үлдээгүй байх болно.
Тэгэхээр авьяастай байж гэмээнэ, түүнийгээ хөгжүүлээд чанартай уран
бүтээл хийх хэрэгтэй гэж л хэлмээр байна. Түүнээс бус чи дуулж чадна
гэж нэгнийг нь шахаад, чи дуулж чадахгүй гэж нөгөөг нь гомдоож
болохгүй. Өөрсдөө өөрсдийгөө таниад өөрсдөө урлагаас тэртээ тэргүй
чадахгүй гэдгээ мэдээд явах нь явж, үлдэх нь үлдэнэ.
-”Харанга” хамтлаг тоглолт хийх гэж байгаа гэсэн яриа үнэн үү?
-”Харанга”
хамтлаг 20 жилийнхээ ойг удахгүй тэмдэглэнэ. Бүрэн бүрэлдэхүүнээрээ
тоглолтдоо оролцох байх аа. Манай хамтлагийн хувьд 20 жилийн хугацаанд
цөөнгүй уран бүтээл туурвижээ. Ихэнх нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд
хоногшин үлдсэн байна. “Харанга” хамтлагийн аль 2000 онд бүтээсэн дууг
хүмүүс сонсоод та нар шинэ бүтээл хийгээ юу гэдэг. Тэгэхээр манай
хамтлаг уран бүтээлийн асар их нөөцтэй байгаа биз.
-20 жилийн дараа эргээд харахад ямар сэтгэгдэл төрж байна?
-”Амьдрал надад бүхнийг өгсөн
Амжиж
би заримыг нь авч чадсангүй” гэдэг шүлэг байдаг. Жаргал зовлон
ээлжилдэг энэ орчлонг уянга дуугаараа сүлж яваадаа бахархдаг шүү.
-Ингэхэд та нийтийн дуу хэр сонсдог вэ?
-Сонсолгүй
яахав. Нийтийн дуу сонсох дуртай. Хүмүүс зохиолын дуу, зохиолын дуучид
гээд яриад л байдаг. Нийтийн дуу сонсдог “зритель” нь байна, дуучид нь
байна. Тэгэхээр үүнийг үгүйсгэж болохгүй. Монголын урлагийн нэг л төрөл
шүү дээ, нийтийн дуу чинь. Рок, попод ч ялгаагүй сайн зүйл байгаа, муу
юм ч байгаа. Нийтийн дуу гэхээр муу байдаг, рок поп гэхээр агуу байдаг
гэж ойлгож болохгүй.
-Таныг дууныхаа шүлгэнд их анхаардаг гэж сонссон юм байна шүү?
-Анхааралгүй
яахав. Би тансаг үг, торгон мэдрэмжтэй шүлгэнд ая хийх дуртай. Түүнээс
“би чамайг санаад үхлээ, чи наддаа ирээч” гэсэн үгтэй дуунуудыг алийн
болгон дуулах юм бэ. Нэг шүүмжлэл хэлэхэд нийтийн дууныхан болохоор
саальчин ээж, адуучин аав гээд л дуулаад байх юм. Гэтэл рок, попынхон
болохоор “чамайгаа санаж үхлээ, хаана байна” гээд л. Одоо болих
хэрэгтэй шүү дээ. Аль XXI дүгээр зуун гарчихаад байхад уургаа барьсан
аав, сааль үнэртсэн ээж гэж дуулах хэрэггүй баймаар санагддаг. Дууны
шүлэг яруу тансаг байх тусмаа аялгуу нь яг адилхан яруу тансаг төрдөг
болов уу гэж боддог. Шүлэг нь гутаасан аялгуу, эсвэл аялгуу нь гутаасан
шүлэг байдаг шүү дээ.
-Та өөрөө шүлэг бичдэг байх аа?
-Нэг юм оролдоно. Гэхдээ яруу найрагчдад уншуулахаасаа заримдаа айгаад байдаг юм.
-Яруу найрагчдаас хэнтэй хамтарч уран бүтээл туурвидаг вэ. Гар нийлсэн хүмүүс гэж байдаг шүү дээ?
-Сайхан
шүлэг бичсэн хүн болгонтой хамтарч ажилладаг. Тэр тусмаа төөлбөл төө
цачуу, тоолбол нас цачуу гэдэгчлэн төрсөн өдөр нэгтэй О.Дашбалбар агсны
шүлгүүдийг шүтэж явдаг.
-Шүлгийн ном их уншдаг байх нь ээ?
-Миний нэг хобби гэх үү дээ. Номын дэлгүүр хэсээд шүлгийн ном цуглуулаад явдаг юм.
-Урлагийнхан маань сүүлийн үед бизнест нэлээд хошуурах болж. Таныг ч гэсэн том ресторан худалдаж авсан гэж сонссон юм байна?
-Үгүй
дээ, манай эхнэрийн ресторан байгаа юм. Миний хувьд продакшнынхаа ажлыг
хийгээд, Монголын урлагийг хөгжүүлэхийн төлөө л зүтгэж байна даа.
-Тэгээд хэр амжилттай байна?
-Одоогоор
дүгнэх нь арай эртэдсэн хэрэг болох байх. Залуу дуучидтай гэрээ
хэлэлцээр байгуулаад, зааж зурах юмаа хэлж өгөөд явж байна. Тэдний
өөрсдийнх нь хүчин чармайлтаас л бүх юм шалтгаалах болов уу.
-Таны дууны аялгуу их зөөлөн уянгалаг байдаг. Шүлгэнд ая хийхдээ хэр “шатдаг” вэ?
-Сэтгэлээс
гарсан аялгуу сэтгэлд хүрдэг гэдэг шүү дээ. Миний хувьд сэтгэл
зүрхээрээ аялгуу бүтээдэг. Дуучин хүн дуундаа уусч дурлана гэдэг шиг,
хөгжмийн зохиолч бичиж байгаа аялгуундаа уусдаг болов уу. Зүрх сэтгэл
шингэсэн тэр аялгуу тэгээд л хүмүүсийн зүрхэнд шингэдэг байх л даа.
-Хувь хүн юм уу, албан газар дуу хийж өгөөч гэсэн хүсэлт хэр их тавьдаг вэ?
-Тавилгүй
яах вэ. Түүгээр чинь хоолоо залгуулж байгаа юм чинь. Бид ямар бизнес
эрхэлж чадах биш. Гуйлгын юм гээд би халтуурын уран бүтээл хийдэггүй.
Хэзээ ч тэгж нүд хуурсан зүйл хийхгүй. Тэр хүмүүсийн хүсэлтийг нь
хүлээж аваад чин сэтгэлээсээ дуу бүтээж өгөхийг хүсдэг. Тэгж байж л
хүмүүсийн итгэлийг олно биз дээ. Чука сайн гээд надад итгэж байгаа тэр
хүмүүсийн урмыг хугалж болохгүй.
-Dz
Man та хоёрын тоглолт яг нэг өдөр давхцаж байгаа. Ер нь манай
урлагийнхны тоглолт хоорондоо давхцдаг л даа. Жижигхэн зах зээлтэй
хэрнээ нэг өдөр хоёр том тоглолт болохоор бие биедээ “шавар” хаадаг юм
шиг санагддаг?
-Чиний зөв л
дөө. Энэ тал дээр тантай санал нэг байна. Манай урлагийнхан хоорондоо
уялдаа холбоо муутай байгаа нь нөлөөлдөг биз дээ. Өнгөрсөн хавар гэхэд
нэг өдөр гурван тоглолт давхцаж байх жишээтэй. Жижигхэн зах зээлтэй
манайх шиг хотод бол 15 хоногийн зайтай л тоглолтоо хийвэл дээр юм шиг
санагддаг. Н.Дашзэвэг ах бид хоёр яг нэг өдөр тоглолтоо хийх юм билээ.
Dz Man гэхээсээ илүү би Н.Дашзэвэг гуай гэж хүндэтгэх дуртай. Сайн яруу
найрагч, сайн тоймч шүү дээ. Бид хоёр уран бүтээл дээрч хамтарч
ажилладаг. Түүний тоглолтод амжилт хүсч байгааг минь уламжилж өгөөрэй.
-Таны дараагийн тоглолт хэзээ байх бол?
-Хэлж мэдэхгүй байна. Би үйлдвэрлэл эрхэлдэггүй шүү дээ./инээв/
Ж.НЯМСҮРЭН /2008 оны 9 сарын 23/