ЭЕШ зургадугаар сарын 8-10-нд болно

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

ЭЕШ зургадугаар сарын 8-10-нд болно

БСШУ-ны сайдын 2012 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тушаалаар Ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил 38184 сурагч төгсөнө. Харин их дээд сургуульд элсэх шалгалтанд дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл 43072 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгуулагчдын дунд хувийн мэдээлэл болон хичээлээ буруу бүртгүүлсэн зөрчил гардаг болохоор үүнийг арилгахын тулд энэ сарын 23-ныг хүртэл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Шалгуулагчид ерөнхийдөө Нийгэм, Математик, Англи хэл, Физик хичээлүүдэд түлхүү бүртгүүлсэн ажээ. Шалгалтанд орохдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт, иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм байна. Шалгалтын материалыг “Скинтро” хэмээх машинаар шалгах ба дүн онооны жагсаалт долдугаар сарын 1-ны 09 цагт www.eec.mn сайтад гаргах ажээ.

ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ч.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Шалгалтанд бүртгүүлээд дуусчихлаа. Одоо шалгалтанд орох шар хуудсыг хэрхэн авах вэ?

-Шалгалт өгөх анги, танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг  шалгалт эхлэхээс өмнө харьяа Боловсрол, соёлын газар, сургуулиараа дамжуулан авна.

-Өмнөх жилийн шалгуулагчдын тухайд?

-Хот, аймгаар нь салгаж авч үзэж байна. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа зургадугаар сарын 2-6-ны өдрүүдэд  ЭМШУИС-ийн 139 тоотод байрлах БҮТ-ийн мэргэжилтнээс авна. Харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол, соёлын газар болон ЭЕШ-ын зөвөлгөө мэдээллийн ажилтнаас авах юм.

-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагчид хэрхэн хамрагдаж болох вэ?

-БСШУЯ-аар баталгаажуулсан ерөнхий шалгалт өгөхийг зөвшөөрсөн бичгээ авч шалгалтандаа орно.

-Шалгалт өгсөн болон дүнгийн батламжийг хэзээ олгох вэ?

-Шалгалтын дүн долдугаар сарын нэгэнд гарах ба 3-ны өдрийг хүртэл шалгуулагчдын дүн, оноо бүхий батламжийг тараана. Өөрийн шалгалтын дүнг шалгахдаа бүртгэлийн дугаар болон нууц үгээрээ www.eec.mn сайтаас харах боломжтой. Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 1-нээс ихэнх сургуулиуд элсэлтээ авч эхлэх юм. Батламж хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн бол дахин олгохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин шалгуулагчийн шалгалтын дүнтэй санал нийлэхгүй гомдлыг долдугаар сарын 2-6-ны хооронд хүлээн авч, шийдвэрлэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж