Өдөр ирэх тусам өргөжин хөгжсөөр байгаа тус хоёр орны хамтын ажиллагаа нь олон талтай. Харин энэ удаагийн зөвлөлдөх уулзалт ОХУ-ын дорнод хэсгийн үйлдвэржүүлэлтийн асуудлыг хөндсөн гэжээ. ОХУ болон БНХАУ одоо дөрвөн тэрбум гаруй ам.долларын хамтарсан хөрөнгө оруулалтын төсөл дээр ажиллаж байгаа юм. Энэ хэмжээ цаашид улам эрчимтэй нэмэгдэх чиг хандлагатай байна.
ОХУ-ын Засгийн газрын орлогч Игорь Шувалов Дорнод Сибирь болон Алс Дорнодын бүс нутагт барилга болон хоёр ч усан цахилгаан станц байгуулахад хөрөнгө оруулах асуудлыг урд хөршийнхөнтэйгөө уулзах үеэр хэлэлцжээ. Өнгөрсөн бямба гаригт хоёр орны зөвлөлдөх уулзалт болсон бөгөөд энэ үеэрээ хамтын хөрөнгө оруулалтын сангийн хэмжээг ойрын үед дөрвөн тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцоод байна. Харин энэ хөрөнгийн нэлээд хэсгийг Алс Дорнод болон Зүүн Сибирийг эзэмшихэд зарцуулах бололтой. Тэдгээр нь үндсэндээ эрчим хүчний салбар юм.
Түүнчлэн энэ зөвлөлдөх уулзалтаас шийдвэрлэсэн бас нэг асуудал нь ОХУ-ын экспортын «ЭКСАР» болон Хятадын экспортлогчтой хамтран гуравдагч орнуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай байв.
Одоо хоёр орны тухайд Зүүн Сибирийн томоохон төсөл дээр хамтран ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн оны тавдугаар сард “Иркутскэнерго” нэгдэл Хятадын China Yangtze Power корпорац Дорнод Сибирьт УЦС барих хоёр ч төсөл дээр хамтран ажиллахаа зарлаж байсан юм. Энэ ажлын хүрээнд техник эдийн засагийн үндэслэлээ хэдийнэ боловсруулаад байгаа бөгөөд ойролцоогоор дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардаж буй аж. Энэ хөрөнгийг хоёр тал ижил тэнцүү гаргана. Харин үйлдвэрлэсэн эрчим хүчний дийлэнхийг Хятадад экспортлохоор төлөвлөж байгаа юм.
Хятад бол эрчим хүчний хэмжээ хязгааргүй хэрэглэгч гэсэн үг. Эдүгээ Бээжингээс гадна Тянь жинь, Шанхай хот болон Хэбэй, Цянсу, Чэцзян зэрэг муж эрчим хүчний дутагдалтай хэвээр байгаа юм. Ийм их хэрэглээнд эрчим хүч нийлүүлэх нь Оросын эрх ашигт нийцэхийн дээдээр нийцнэ. Тийм болохоор тэд аль болох ахиухан эрчим хүч нийлүүлэхээр эрмэлзэж байгаа нь нууц биш. Үүнийг гагц эдийн засгийн талаас харах нь бас өрөөсгөл. Учир нь улс төрийн бодлого эдийн засагт тусгалаа олон хэрэгжиж байдгийг санах хэрэгтэй байх. Энэ сарын эхээр л гэхэд “Амур-Хэйхэ”-гийн цахилгаан станц Хятадад эрчим хүч нийлүүлээд эхэлчихсэн. 2012 онд ОХУ Хятадад 2,6 тэрбум кВ/цаг цахилгаан эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ нь өнгөрсөн оныхоосоо бараг нэг дахин их байна гэсэн үг. Гэхдээ нийлүүлэх эрчим хүчний хэмжээг 18 тэрбум кВ/цаг болтол нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Үүний тулд хэд хэдэн цахилгаан станцыг ашиглалтад оруулна. Энэ станцууд нь нүүрсний хэрэглээн дээр түшиглэх юм. Тэдгээрийн төслийн хүчин чадал нь 3000 МВт байх гэнэ. Үүний дараачийн шатанд нийлбэр дүнгээрээ 6000 МВт-ын хүчин чадал бүхий хэд хэдэн станцыг барьж экспортолж буй эрчим хүчний хэмжээг жилд 38 тэрбум кВт/ цагт хүргэхээр төлөвлөж байна.
Бас Орос болон Хятадын нутагт 2000 км урт цахилгаан дамжуулах шугам барина. Энэ бүх нүсэр бүтээн байгуулалт нь хөрөнгө мөнгийг ихээхэн шаардана. Одоо санхүүгийн асуудал аль аль талдаа ид яригдаж байна. Хоёр талын болж өнгөрсөн зөвлөлдөх уулзалт нь энэ бүх асуудлын нарийн ширийнийг хэлэлцэж тодруулах зорилготой байсан бөгөөд улс төр, эдийн засгийн аливаа асуудлаар тэд хэл амаа амархан ололцож чаддагийг ажиглагчид тэмдэглэж байна. Асуудлын учир шалтгаан аль аль талын эрх ашигт нийцэж байгаа болохоор ажлыг урагшлуулах бүхий л арга замыг амархан олж чадна гэсэн итгэл найдвар байна. Хэмжээ цараа нь хэтэрхий том гэмээр энэ бүтээн байгуулалтууд нь зөв шийдэл, оновчтой бодлого зохицуулалтыг шаардаж байгаа юм.
Санхүүгийн найдвартай эх үүсвэрийг хангахад хоёр талын хамтран байгуулсан хөрөнгө оруулалтын сан чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү улсын сангийн хэмжээг 3-4 тэрбум ам.долларт хүргэх санамж бичигт өнгөрсөн оны намар Хятадын хөрөнгө оруулалтын корпорацтай (CIC) гарын үсэг зурсан билээ. Энэ хөрөнгийн ихэнх хэсэг буюу 70 хувийг ОХУ-ын нутагт байгуулах бүтээн байгуулалтад, харин үлдсэн 30 хувийг нь Хятадын нутаг дэвсгэрт барих бүтээн байгуулалтад зарцуулахаар тооцжээ.
Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг түүхий эдийн бус салбар өөрөөр хэлбэл эрчим хүчний инновац, цөмийн эрчим хүч, сансар судлалын барилга байгууламж, эм, холбоо мэдээллийн салбарт зарцуулахаар төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин