“Робокон-2010”-ын аварга баг тодров

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

“Робокон-2010”-ын аварга баг тодров

Монголын үндэсний олон нийтийн телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос хамтран “Пирамид барьж, Робо-хаан болцгооё” уриан дор зохион байгуулсан “ABU Robocon2010 Mongolia” үндэсний роботын тэмцээн өчигдөр Бөхийн өргөөнд болж өнгөрлөө. 2001 онд анх удаагаа зохиогдож, дөрвөн сургуулийн долоон баг оролцож байсан үеэс хойш өнгөрсөн есөн жилийн хугацаанд улам бүр өргөжсөөр ирсэн тус тэмцээнд мэдээллийн технологи, механик инженерийн чиглэлээр үйл ажиллагаа, сургалт явуулдаг 15 их, дээд сургуулийн 20 баг оролцож, оюун ухаан, ур чадвараараа өрсөлдсөн юм. Тэмцээний гол даалгавар нь гурван пирамидыг ээлж ээлжээр нь дутуу хэсгүүдийг нөхөж барих бөгөөд өөрт оногдсон хэсгийг түрүүлж гүйцээсэн баг нь “Робо-хаан” буюу ялагч болох ёстой байлаа. Нийт есөн минутад багтаан улаан, цэнхэр өнгөтэй багууд дэлхийн долоон гайхамшгийн нэгийг дуурайн барихаар өрсөлдсөнөөс МУИС-ийн Мэдээлэл технологийн сургууль тэргүүн байр эзэлж, энэ оны есдүгээр сард Египет улсын нийслэл Кайро хотноо болох роботын олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Харин хоёрдугаар байрт ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн баг тамирчид шалгарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж