Эм судлалын улсын олимпиад боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Эм судлалын улсын олимпиад боллоо

ЭМШУИС-ийн 70 жилийн ойд зориулсан  Анагаах ухааны доктор, профессор Мижидийн Чүлтэмсүрэнгийн нэрэмжит Эм судлалын улсын 3-р олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Профессор М.Чүлтэмсүрэн нь ЭМЯ-ны  эмийн ерөнхий мэргэжилтэн, ЭМШУИС-ийн эм зүй болон эм судлалын тэнхимд  багш, декан, тэнхмийн эрхлэгчээр 40 орчим жил ажиллаж, манай улсын эм зүй, эм судлалын салбарыг хөгжүүлэх, Анагаах ухааны үе үеийн олон арван мянган эмч, эм зүйч нарыг бэлтгэхэд ухамсарт амьдралаа зориулсан манай улсын нэртэй эрдэмтэн, авьяаслаг сурган хүмүүжүүлэгч байсан юм.

Тус олимпиадад ЭМШУИС,  “Ач” АУДэС, “Монос” АУДэС, “Этүгэн” АУДэС,  “Энэрэл” АУДэС, Эрүү мэндийн технологийн сургууль, Говь-Алтай,  Дорноговь,  Дархан хот дахь ЭМШУИС-ийн салбар сургуулийн нийт 800 гаруй оюутнууд оролцож, эцсийн шатанд шилдэг 42 оюутан оюун мэдлэгээ сорьж өрсөлдлөө.  Ингээд дүн гарахад, ЭМШУИС-ийн оюутан Б.Бархас олимпиадыг тэргүүлж, алтан медаль хүртсэн бол ЭМШУИС-ийн оюутан Б.Мэнд-Амар, Л.Нандинцэцэг нар хоёрдугаар байрт, ЭМШУИС-ийн оюутан Б.Сумъяа, Э.Анар, Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургуулийн оюутан М.Давааням нар гуравдугаар байрт тус тус шалгарав. Түүнчлэн ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн оюутан Н.Тунамал, ЭМШУИС-ийн оюутан Э.Сайнжаргал, Л.Ган-Эрдэнэ, Х.Амартүвшин нар тусгай байрын эзэн болов. Харин багийн дүнгээр ЭМШУИС-ийн баг олимпиадыг хошуучилж, шилжин явах “Болор цом” гардлаа гэж ЭМШУИС-ийн Эм судлалын тэнхимээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж