Ц.Элбэгдорж иргэдийн “загатнасан газар нь маажиж” өгөв

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж иргэдийн “загатнасан газар нь маажиж” өгөв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалт дээр хэлсэн үгс өнгөрсөн долоо хоногт жинхэнэ дуулиан тарив. Түүний хэлсэн үгс ерөнхийдөө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр руу чиглэсэн байсан бөгөөд баривчилгаанаас хойш парламент дахь сөрөг хүчин болоод Ерөнхийлөгчийн зүгээс албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байсан учир ач холбогдол нь үлэмж нэмэгдсэн юм. Гэхдээ түүний мэдэгдэл албан ёсных биш байсан. Тийм ч учраас нэр дурьдаагүй. Хэдий тийм ч хэнийг хэлж байгааг нь иргэд шууд ойлгож, хэлсэн үгсийг нь зөвшиж байсан юм. Түүний хэлсэн авлига, албан тушаал, шударга ёсны талаархи гал халуун мэдэгдлүүд нь одоо ч иргэдийн ярианы сэдэв хэвээр байна. Тэрбээр “Жирийн иргэнийг баривчилж ирээд шийтгэдэг, дарга нарын ааш аяыг дагаж шийддэг гэсэн хууль байхгүй. Төрийн албан хаагч хүн өөрөө хууль хэрэгжүүлэх соёлоороо бусдаас ялгарч явах ёстой. Төрд өндөр алба хаших тусам тэр соёл нь улам өндөр болж байх ёстой. Төрийн албан хаагч бол шударга ёсонд халтай биш, ээлтэй хүн байх ёстой. Шударга ёсонд халтай байгаа бол тэр нөхрийг шалгах ёстой. Төрд байсан хүнээс дэг журам үнэртэж байх ёстой. Цэргийн албан хаасан хүн цаанаа л нэг анги байдаг шүү дээ, яг түүн шиг байх ёстой. Нэг үгээр хэлбэл хуулийг хэрэгжүүлдгээрээ, хуулийг хүндэтгэдгээрээ ялгарч байх ёстой. Хууль шүүх дуудсан бол зангиагаа засаад, гутлаа өмсөөд босох ёстой” гэхэд иргэд нижигнэтэл алга ташсан. Иргэд төрийн хүнээс ийм үг сонсохыг хүсч байж. Тэр хэлж. Ингэснээрээ тэр иргэдийн загатнасан газар нь маажив” өгөв.

Монгол орныг бүхэлд нь хэрээд байгаа авлигыг хүн бүр илчилж байх ёстойг сануулж, шаардаж, авлигыг загас барихтай зүйрлүүлж байгааг шүүмжилж, үүний зэрэгцээ “Хэний үед авлига цэцэглэж, хэний үед авлигачид айж байна вэ. Хэний үед авлига ихэсж, хэний үед авлигачид айж байна вэ. Хэний үед авлига ихэсж, хэний үед багасав” хэмээн өөрийгөө бяцхан рекламдахаа ч мартаагүй. Авлигатай тэмцэнэ гэдэг тул барихыг хэлдэг гэсэн нэг ухаантай хүний үгийг иш татав.

“Ард түмэнд илүү дээр, илүү сайн, шударга хүн хэрэгтэй” байгаа тухай, “Төрд байхдаа ард түмнээ хайрлаагүй хүн төрөөс холдоод хайртай болдоггүй, төрд байхдаа хууль, шударга ёсыг уландаа гишгэдэг байсан этгээд төрөөс холдоод хууль шударга ёсыг дээдэлдэг болсон гэдэгт итгэхгүй байгаа” гэдгээ Ерөнхийлөгч илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч худлаа ярина гэж байдаггүй. Түүний үгсийн цаана үг нуугдаж байдаг. Бусад улстөрчдөөс онцгойрдог нэг шинж нь энэ. Тэгвэл түүний амнаас “Төрд байхдаа ашигт малтмалын ихэнх зөвшөөрлийг тараасан этгээд түүнийг зогсоох гэж орж ирж байна гэвэл та итгэхгүй. Төрд байхдаа ард түмний мөнгө зувчуулдаг хүн төрөөс холдоод түүнийг ухамсарласан гэдэгт би бас итгэхгүй. Төрд өмнө нь бүтээсэн зүйлээ төрөөс холдоод эргэж ирээд нураана гэдэгт итгэхгүй. Муу юм аа ч нурааж чаддагүй юм, сайн юмаа ч нурааж чаддаггүй. Тэр тусмаа авлигын сүлжээг нурааж чадахгүй” гэсэн үгс унасан Н.Энхбаярт тохсон хэргүүд дэндүү жулдаж байгаа гэдгийг эдгээр үгсээр илэрхийлсэн болов уу. Юутай ч Ерөнхийлөгч иргэдийн хүсч байгаа үгийг хэллээ. Тэр нь ард түмэнд маш их таалагдав.

Х.БАТСАЙХАН
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж