Япон, өвөрмонгол, хятад, буриад, америк, солонгос, герман морин хуурчид тус бүртээ морин хуурын өлгий Монгол нутагт, соёлын гол өргөөнийх нь тайзнаа монголчуудын хамгийн дуртай хөгжмийг олон орны хуурчийн хамт хөгжимдөж суухыг мөрөөдсөөр эх орныг минь зорин ирсэн болов уу. Морин хуурын олон улсын III наадам-симпозиумын нээлтийн тоглолтыг өчигдөр үзэж суухнаа ийм сэтгэгдэл төрсөн юм. Гадаадын найман орноос ирсэн 100 гаруй хуурч Соёлын төв өргөөний тайзнаа Монголын 100 гаруй хуурчтай нийлээд чихцэлдэх нь холгүй суун Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, “Цагаан суварга”, төрийн шагналт хөгжмийн зохиолч агсан Э.Чойдогийн “Монголын сайхан орон”-ыг Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамт ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлагаар хөгжимдөж байхдаа хамгаас илүү жаргалтай байх шиг. Тэдний зарим нь мэргэжлийн хөгжимчид, харин зарим нь сонирхогчид. Тоглолт эхлэхийн өмнө Японоос ирсэн морин хуурч эмэгтэйгээс яагаад энэ хөгжимд дуртай болсныг нь асуухад “Морин хуурын эгшиг, аялгуу тархийг алгасаад зүрхэнд шууд хүрдэг увдистай. Анх удаа 1997 онд сонсоход гайхан биширснээс болоод биеийн хамаг шар үс босч. Тэр цагаас хойш дурлаж тоглож сурсан. Гэхдээ би энэ удаа тоглохгүй, зүгээр л наадам үзэх гэж ирсэн” хэмээж байлаа. Монголыг дэлхийд тольдох томоохон арга хэмжээ ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх Морин хуурын олон улсын наадам-симпозиумын ажиллагаанд амжилт хүсье. Манай сонин энэхүү үнэ цэнтэй наадмын мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж буйгаа улс орныхоо соёл урлагийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, нэр төрийн хэрэг гэж үзэж буй билээ.
Р.Оюунжаргал
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин