АН-ын ҮЗХ-ны хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

АН-ын ҮЗХ-ны хурал эхэллээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан Төрийн ордны Их танхимд эхэллээ. Үндэсний зөвлөлдөх хороо нь 228 гишүүнтэй боловч энэ удаагийн хуралдаанд 128 гишүүн оролцож байна, өөрөөр хэлбэл, ирц 50 хувьд хүрснээр уг хурал эхэлсэн юм. Тус хуралдаанаар нийт таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Нэгд, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг шинээр батламжлах тухай, хоёрт 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх намын мөрийн хөтөлбөр, гуравт Ардчилсан нам УИХ-ын сонгуульд дангаар оролцох тухай, дөрөвт Ардчилсан намаас Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвших журамд өөрчлөлт оруулах тухай, тавдугаарт Сонгуулийн хороо байгуулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэхээр баталсан юм.

Ингээд эхний асуудлын хүрээнд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг шинээр батламжилснаар Д.Үүрийн туяа, Н.Ганбаяр, А.Бакей, М.Зоригт, Ч.Дэмбэрэлсайхан, С.Сүхболд, Х.Оюунсувд, М.Батчимэг нар Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болсон юм. Улмаар хоёрдугаар асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах болоход УИХ-ын гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ч.Сайханбилэг хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх ёстой гэж санал гаргаснаар одоо хуралдаан хаалттай үргэлжилж байна. Ч.Сайханбилэг гишүүний хэлснээр бол Ардчилсан нам нь бусад улстөрийн хүчнүүдээс хамгийн тэргүүнд УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх болж буй учраас хуралдаанаа хаалттай хийхгүй бол болохгүй. Хуулиараа ч хориотой гэсэн юм. Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан нам бусад намаасаа түрүүлээд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх болж байгаа учраас бусад улстөрийн намууад янз бүрийн шум оччихож болзошгүй гэдэг болгоомжлолын үүднээс гишүүд маань хурлыг хаах санал гаргаж байх шиг байна” гэсэн бол намын дарга Н.Алтанхуяг “Нарийн юмнуудаа тайлагнахгүй, ерөнхий танилцуулга хийгээд. Дараа нь хуралдаанаа хаая” гэж хэлсэн ч үүнийг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүлээн зөвшөөрөөгүй тул сэтгүүлчид хуралдааны танхимыг орхилоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж