“Манай эдийн засаг эрсдэлтэй байна”

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

“Манай эдийн засаг эрсдэлтэй байна”

Үндэсний аюулгүй байдлын гол шалгуур нь эдийн засгийн бие даасан байдал. Тиймээс энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга Ц.Даваадоржтой ярилцлаа.

-Эдийн засгийн аюулгүй байдал гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ?

-Эдийн засгийн аюулгүй байдал гэх ойлголтыг ойлгож, мэддэг хүн бараг байхгүй болжээ. Дэлхийн бараг бүх улс ийм концепцгүй болсон байгаа. “Википедиа” буюу цахим нэвтэрхий толиос эдийн засгийн аюулгүй байдал гэж хайвал ямар ч үр дүн олдохгүй. Учир нь чөлөөт эдийн засаг нь дотоод зохицуулалтаараа явах ёстой гэж үзээд үл үзэгдэх гарт бүх зүйлийг тушаасан байдаг. Нөгөө талаар коммунист нийгмийн үед бид эдийн засгийг маш их баялгаар чирч, боомилж байсан нь тодорхой болсон. Гэтэл 2008 оны хямралаас хойш аль аль тогтолцоо нь эргэлзээтэй болсон шүү дээ. Тиймээс энэ асуултад хариулахаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд баталсан юм.

-Үүнийг хэрхэн хангах ёстой вэ?

-Үндэсний аюулгүй байдлыг дэлхий даяар “hard power” буюу цэргийн хүч, “soft power”буюу эдийн засгийн хүч, “smart power” буюу ухаалаг хүчээр хангадаг. Манай улс хэдийгээр жижиг ч ухаалаг хүч буюу мэдлэгт суурилсан хүчээр үндэсний аюулгүй байдлаа хангах бо­ломжтой. Эдийн засгийн аюулгүй байдал гэдэг нь хоёр чухал зүйлээс бүрдэнэ. Энэ хоёр нь нэг нэгэнтэйгээ салшгүй холбоотой, дуатизм юм. Нэгдүгээрт, эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих. Хоёрдугаарт, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл гэж үзсэн байгаа. Эдийн засгийн бие даасан байдал гэдгийг изоляци буюу “isolation” бус тогтворжуулж, тэнцвэржүүлэх чадварыг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрийн цээнд хүрсэн мэт амьдарна гэсэн үг. Түүнчлэн хөгжил гэдэг нь өөрөө эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэрэгсэл мөн. Жишээлбэл, Монголд жил бүр 30 гаруй мянган залуус шат шатны сургууль төгсч шинэ ажлын байр нэмэх эрэлтийг үүсгэдэг. Тиймээс наад зах нь эдгээр хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд эдийн засгаа үргэлж тэлж байх ёстой. Хамгийн энгийнээр, эдийн засгийг дугуй унасан хүнтэй адилтгаж болох юм. Дугуй унаж яваа хүн гэнт зогсвол уначихдаг. Харин хэдий чинээ хурдтай явна төдий чинээ тогтвортой байдаг шүү дээ.

-Ингэж хурдтай явахын тулд бартаа сааднаас бултах арга ухаан зайлшгүй шаардана?

-Тийм шүү. Үүний тулд олон тулгуурт, оновчтой эдийн засгийн бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодло­го хэрэгжүүлэх шаардлагатай. Сан­хүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулж, эрдэс баялаг, эрчим хүч, гадаад худалдааны интеграцийн талаар оновчтой бодлого баримтлах хэрэгтэй.

-Эдийн засгийн аюулгүй байдал нь хангагдсан эсэхийг яаж мэдэх вэ?

-Улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдлыг тодорхой үзүүлэлтүүдээр шинждэг. Манай улсын хувьд гэхэд ДНБ-ий өсөлт нь таван хувиас бага болбол аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна гэсэн үг. Хятадын эдийн засгийн өсөлт ч найман хувиас бага болоход дэлхийн эдийн засагт аюулын харанга цохих хэмжээ. Энэ мэтчилэн улс орнууд эдийн засгийн аюулгүй байдлын түвшнээ олон үзүүлэлтээр авч үзэж байгаа. Манай хойд хөрш гэхэд 19 үзүүлэлтээр авч үзсэн байдаг.

-Тэгвэл манай эдийн засаг ямар байдалтай байна?

-Одоогоор манай эдийн засаг эмээлийн бүүрэг дээр байгаа мэт аль ч тал руугаа унаж магадгүй, ийм эрсдэлтэй байгаа. Үүнд ялангуяа, улс төрийн эрсдлүүд нөлөөлж байна.

-Эрсдэлээс хэрхэн мултрах вэ?

-Олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй болох хэрэгтэй. Үүний тулд нэн түрүүнд өөрийгөө тэтгэх чадавхийг бүрдүүлж, тодорхой салбараа олон улсын тавцанд өрсөлдөхүйц болгох нь чухал.

-Үүний тулд үндэсний хөрөнгө оруулагчдыг дэмжих хэрэгтэй биз?

-Үнэндээ бол сүүлийн 20 жилийн хугацаанд үндэсний хөрөнгө оруулагчидтай дагавар хүүхэд шигээ харилцаж ирсэн шүү дээ. Тиймээс манайд одоо­гоор албан ёсны “миллиардер” бу­юу тэрбумтан компани үгүй. Иймийн учир дотоодын хө­рөнгө оруулагчдаа бид то­моохон төслүүдэд оролцуулах шаардлагатай байна. Ялангуяа, жижиг дунд үйлдвэрлэл бэхжвэл үндэсний хөрөнгө оруулагч болно. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлд оролцох гэж буй иргэн бүр үндэсний хөрөнгө оруулагч шүү дээ. Тиймээс үндэсний хөрөнгө оруулагчийг дэмжих тухай зорилтыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тус­гасан байгаа.

-Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэх вэ?

-Шинэлэг ойлголтыг бий болгосон. Геостратегийн эрс­дэ­лээс үүдэн бид гадаадын хөрөн­гө оруулалтыг тэнцвэржүүлэх шаард­лагатай тулгарсан учраас аль нэг орноос хийж буй хөрөнгө оруулалт нь нийт гадаадын хөрөнгө оруулалтын 33 хувиас ихгүй байна гэсэн байгаа. Энэ нь аль нэг улсын хөрөнгө оруулалтыг хязгаарлана гэсэн үг биш. Энэ бол хоёр хөрш болон гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтын харьцаа тэнцвэртэй байхыг хэлж байгаа юм.

А.АРИУНБОЛД

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж