Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах эсэх талаар удахгүй УИХ-ын чуулганаар дахин хэлэлцэнэ. Нэг талаас Ц.Нямдорж муухай харж, нөгөө талаас түүнийг огцруулах санал тавьсан хүмүүс хатгаад байхаар гишүүд яах ч учраа олж чадахгүй байсан биз. Тиймээс тэд чуулганы танхим дахь дэлгэцийг хакерчдад найр тавьж, хурлаа түр ч болов завсарлуулах хүсэлтэй байна. Долоодугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нар өмгөөлөгчдөө голж шилсээр байгаад шүүх хурал нь мөд болох янзгүй. Гэтэл тэднийг хэн нэгнээр өмгөөлүүлэх шаардлагатай байдаг. Өмгөөлөгчдийн холбооныхон өрөөндөө цуглаж, энэ тухай ярилцах бүртээ толгойгоо маажиж, “Хэн нэгэн нь өрөөн дэх зурагтыг хакердаасай” гэж боддог болж. Түр ч болов сатаарахгүй юү. “Хүний хөгжил сан”-гаас ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг олгохоор болсон. Хэдийгээр шийдвэр нь аль эрт гарсан боловч одоо болтол ганц ч хүн мөнгөө аваагүй л байгаа. Харин үүнтэй холбогдуулан Сангийн яам руу утас цохиж, “Хүний хөгжил сан”-д 110 тэрбум төгрөгийн санхүүжилтээ олгосон эсэхийг асуух хүн олширчээ. Тэр бүхэнд юу гэж хариулахаа мэдэхгүй байгаа яамныхан утсыг нь хүн хакердаасай гэж залбирдаг болж. Хакерчдад ажил олгох магадлалтай хүмүүсийн жагсаалтын зах зухаас нь л энд танилцууллаа. Өөр олон хүн бий, цаана нь.
"Улс төрийн тойм" сонин